Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дугуйт тракторын дизель хөдөлгүүрийн бага ачааллын үед түлш хэмнэх боломжийн судлагаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2270
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : цилиндр, трактор, автомашин, зарцуулалт, уур амьсгал, ховил

Аннотаци

Дэлхийн янз бүрийн улсад үйлдвэрлэгдсэн дотоод шаталтын хөдөлгүүр бүхий трактор-автомашины чадал, түлш зарцуулалт ашиглаж байгаа орчны нөхцлөөс хамааран өөрчлөгдөж байдаг. Учир нь машиныг хүрээлж байгаа агаарын даралт, нягт, температур, чийглэг, тоосжилт зэргээс хамаарч хөдөлгүүрийн ажиллагааны үед цилиндр лүү сорогдон орох агаарын хэмжээ өөрчлөгдөнө. Нэг соролтоор орох агаарын хэмжээ багасахад шатах холимог баяжин дутуу шатаж хувийн түлш зарцуулалт ихэсдэг. Агаарын даралт буурч, температур нэмэгдэх бүрт хөдөлгүүрийн цилиндрт орох агаарын хэмжээ багасна. Агаарын даралт багасах гол шалтгаан нь хуурай газрын далайн түвшнөөс дээших өндөрлөгийн хэмжээ юм. Далайн түвшнөөс дээш өндөрлөгийн хэмжээ нэмэгдэх тутам агаарын даралт буурдаг. Эрдэмтдийн судалгаагаар манай орны нийт газар нутаг далайн түвшнөөс дээш 560-4734 метрийн өндөрт орших ба бидний ашиглаж байгаа трактор- автомашины ихэнх нь 800- 3000 метрийн өндөрлөгт, нэмэх 40 хэмээс хасах 40 хэмийн халуун хүйтний хэлбэлзэлд, агаарын даралт далайн түвшнөөс 5- 27% буурсан нөхцөлд ажиллаж байгаа тул цилиндрт орох агаарын хэмжээ багасан түлш зарцуулалт улам л нэмэгддэг [1]. Ийм учраас эрдэмтэн судлаачид дизель хөдөлгүүрийн түлш зарцуулалтыг багасгах асуудлыг хүрээлэх орчны үзүүлэлтээс хамааруулан түлшний системд тохируулга хийх аргыг хэрэглэн багагүй амжилт олж байгааг дурьдах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл дизель хөдөлгүүрийн ажиллах орчны өндөрлөг, агаарын даралтаас хамаарч цилиндрт орох агаарын багасч байгаа хэмжээтэй уялдуулан түлшийг хасч тохируулан хэрэглэх ёстой. Дэлхийн бөмбөрцөгийн газрын гадаргуу дагуух далайн түвшний өндөрлөгөөс хамаарч байнга өөрчлөгдөж байдаг агаар мандлын үзүүлэлт бүхэнд тохируулан хөдөлгүүрийн онолын тооцоог хийх боломж байдаггүй. Иймд дэлхийн хэмжээнд авто-тракторын хөдөлгүүрийг нэг стандартаар буюу орчны даралт 0,1 мПа, температур 15-200С байх ердийн нөхцөлд ажиллана хэмээн онолын тооцоог боловсруулж, зохион бүтээдэг [2]. Харин манай гарагийн газар зүйн янз бүрийн бүсэд дээрх нөхцөл байнга өөрчлөгддөг учраас нэгэнт үйлдвэрлэгдсэн хөдөлгүүрийг ашиглалтын нөхцөлд нь нийцүүлэн тохируулга хийж ашиглахыг зөвлөдөг. Гэвч манай орны техник ашиглалтын гол нөхцөл болох трактор-автомашины ачааллаас хамааруулж түлш зарцуулалтыг багасгах ажил одоогоор хийгдээгүй л байна. Трактор-машины угсраа ашиглалтын нөхцөлд ачаалал нь өндөр байвал нэгж ажилд зарцуулах түлшний хэмжээ бага байдаг. Ачаалал багасах тутам нэгж ажилд ноогдох түлшний зарцуулалт ихэснэ. Ялангуяа манай орон шиг эрс тэс уур амьсгалтай, нутаг дэвсгэр нь бүхэлдээ далайн түвшнөөс дээш өндөрлөг нөхцөлд оршдог, үйлдвэрлэл нь тархай бутархай, хот суурин нь өөр хоорондоо хэт алслагдсан, трактор-автомашины хөдөлгүүрийн ачаалал зохих хэмжээнд хүрдэггүй зэрэг нөхцөлд үр ашиггүй түлш зарцуулалт их байгаа нь анхааран судлах асуудлын нэг юм. Улс ардын аж ахуйн олон салбарт өргөн хэрэглэгдэж байгаа дугуйт тракторын хөдөлгүүрийг ашиглалтын янз бүрийн нөхцөлд гүйцэт ачааллах боломж тааруу учир бүрэн чадлаараа ашиглагдахгүй, үр ашиг муу байна. Харин газар тариалангийн үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэхэд тракторын хөдөлгүүрийг бүрэн ачааллах бололцоотой гэж үздэг хэдий ч, ихэнх тохиолдолд бас л гүйцэт ачааллагддаггүйг эрдэмтэн судлаачид тогтоожээ [1]. Дугуйт тракторыг тээвэрт голдуу хэрэглэдэг манай орны хувьд дээрх үзүүлэлт илүү өндөр байх нь зүйн хэрэг ч, техник ашиглалтын ийм өвөрмөц нөхцөлд тракторыг илүү үр дүнтэй ашиглах арга хэлбэрийг эрж хайх, юуны өмнө түлш зарцуулалтыг багасгах боломжийг нээн илрүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаад байна. Өнөөгийн эрчим хүчний эх үүсвэрийн гол нөөцийн нэг газрын тосны гаралтай түлшний хэрэглээн дэх янз бүрийн алдагдлыг өчүүхэн хувиар ихэсгэхэд эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол учруулна. Эрдэмтдийн тооцоолсноор манай гарагийн газрын тосны гаралтай түлш, тослох материалын хэрэглээг өнөөгийн ашиглаж байгаа түвшнөөр цаашид үргэлжлүүлбэл дөч гаруй жилийн нөөц үлдээд байгаа ажээ [3]. Дэлхий нийтийн газрын тосны нөөцийн хомсдол, байгалийн гэнэтийн гамшиг, санаатай үйлдэж буй зарим террорист халдлага зэрэг олон хүчин зүйлээс үүдэн түүхий тосны зохиомол алдагдал их хамжээгээр үүсч, газрын тос гаралтай түлшний жижиглэн худалдааны үнэ 2001 оноос хойш байнга өсөн нэмэгдсээр өнөөдөр хар алтаар баян орнуудад нэг торх түүхий тосны өртөг сүүлийн хорин жилд байгаагүй оргил цэгт хүрч бараг 2 дахин өсөөд байна [ 4]. Үнийн энэ өсөлт нь дотоод хэрэгцээний бүх түлшээ 100 хувь импортоор хангадаг манай орон шиг олон улс гүрнүүдийн эдийн засагт туйлын хүндээр тусч, түлшийг хэмнэлттэй ашиглах нь чухал асуудал боллоо. Манай орны сүүлийн таван жилд импортоор оруулж ирсэн зөвхөн дизель түлшний нэг жилийн дундаж хэмжээ 200 орчим мянган тонн байна.Үүнийг 1 л дизель түлшний 2007 оны эхний улирлын өртгөөр бодоход 204 тэрбум орчим төгрөг болж байгаа нь зөвхөн нэг хувийг хэмнэх боломж оллоо гэхэд 2 тэрбум 40 сая төгрөгийн хэмнэлт гарах юм. Түлш хэмнэх нь нэг хүн, нэг улс, нэг тивийн үйлс бус дэлхийн хэмжээний анхаарал татсан асуудал болоод байна. Дээрх томоохон үйлсэд өчүүхэн төдий ч хувь нэмэр оруулах үүднээс үйлдвэрлэлийн янз бүрийн салбарт өргөн ашиглагдаж буй дугуйт тракторын сул ажиллагааны үед үргүй алдагдаж байгаа түлшнээс хэмнэлт гаргах асуудлыг түлшний насосны гол эд ангид өөрчлөлт оруулах хувилбараар шийдвэрлэж болох саналаа тус бүтээлд онолын судалгаа, туршилт тооцоонд тулгуурлан хэрэгжүүлэх болно. Судалгааны ажлын зорилго: Дугуйт тракторын УТН маягийн түлшний өндөр даралтын насосны плунжерийн хосны хийцэд өөрчлөлт оруулж, дизель хөдөлгүүрийн бага ачааллын үед түлш хэмнэх боломжийг судлах. Судалгааны ажлын зорилгын хүрээнд дараах зорилтуудыг шийдвэрлэхээр дэвшүүлж байна.
Зорилтууд: Үүнд:
1. Түлш хэмнэх боломжийн онолын үндэслэлийг боловсруулах.

2. Плунжерийн хосны хийцэд өөрчлөлт оруулах загвар, зураг төслийг боловсруулах.

3. Нэмэлт ховил оруулах загвараар плунжерийн хос үйлдвэрлүүлж лабораторид, хөдөлгүүрт, ашиглалтын нөхцөлд сорих арга зүй боловсруулан турших.

4. Хийцийн өөрчлөлт оруулсан плунжерийн хосыг ашиглах зөвлөмж боловсруулж, эдийн засгийн үр ашгийг тодорхойлох.
Судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг тал: Бидний санаачлан хийж гүйцэтгэсэн дараах зүйлүүдийг энэ бүтээлийн шинэлэг талд оруулж байна. "Үйлдвэрлэлийн янз бүрийн салбарт өргөн хэрэглэгдэж байгаа тракторын бага ачааллын үе дэх түлшний үргүй алдагдлын хэмжээ нь ачаалал хөнгөрөх тутам ихэсдэгийг онолын хувьд тогтоож туршилтаар батлав. "Дугуйт тракторын дизель хөдөлгүүрийн түлшний системд ашиглагдаж байгаа плунжерийн ажлын гадаргууд түлш хэмнэх зорилгоор нэмэлт ховил гарган, ташуу ирмэгт анх удаа хийцийн өөрчлөлт орууллаа. "Тракторын бага ачааллын үеийн түлш зарцуулалт плунжерийн хосны ажлын гадаргууд гаргасан нэмэлт ховилын өргөний хэмжээ ба дизель хөдөлгүүрийн ачааллаас хамаарах хамаарлыг илэрхийлэх регрессийн математик загварыг гаргав. "Дугуйт тракторын бага ачааллын үед түлш хэмнэх зориулалтаар хийцийн өөрчлөлт оруулсан стандарт бус плунжерийн хосны загварт Монгол улсын шинэ бүтээлийн № 2499 тоот гэрчилгээ авсан болно. Практик ач холбогдол: "Дизель хөдөлгүүрийн бага ачааллын үед түлш хэмнэж болох шинэ загварын плунжерийн хосыг үйлдвэрлүүлэн, практикт хэрэглэж болохыг тогтоов. Хамгаалах зүйл: MТЗ маягийн дугуйт тракторын бага ачааллын үеийн хувийн түлш зарцуулалтыг багасгах зорилгоор плунжерийн хосны хийцэд өөрчлөлт оруулсан хувилбарын шийдэл, түлш хэмнэж буй технологи ажиллагаа ба гарсан үр дүнг хамгаална.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 332
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :