Гурван хэмжээст (цаашид 3D гэх) дэлгэцийн технологиуд нь Stereoscope, Autostereoscopic, Integral Imaging (цаашид II гэх) буюу Нийлмэл дүрсэн гэх мэт олон төрөл байдаг. Эдгээрээс тусгай зориулалтын нүдний шилгүйгээр үздэг II дэлгэцийн нэг төрөл болох Цэгэн гэрэл үүсгэгч буюу Point Light Source (цаашид PLS гэх) дэлгэцийн үүсгэсэн нийлмэл 3D дүрсийг үзэгч тусгай зориулалтын нүдний шилгүйгээр, өнгөтөөр, хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу 3D-ээр үздэг бөгөөд үзэгчийн байрлалаас үл хамаардаг зэрэг олон давуу талтай боловч харагдах өнцөг бага, нягтшил бага зэрэг дутагдалтай.
PLS дэлгэцийн үүсгэж байгаа нийлмэл 3D дүрсийг үзэгч нь тодорхой мужид 3D-ээр харах бөгөөд уг мужийг өнцгөөр илэрхийлснийг харагдах өнцөг гэдэг. Одоогоор PLS дэлгэцийн харагдах өнцөг нь 17°-22° буюу хэт бага байгаа учраас энгийн хэрэглээнд нэвтэрч чадахгүй байна. Уг дэлгэцийн харагдах өнцгийг линз матрицын нэг элементар линзийн хэмжээ болон болон түүний фокусын зайгаар тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл уламжлалт PLS дэлгэцийн харагдах өнцөг нь нэг элементар линзийн цуглуулж байгаа цацрагийн мужийг өнцгөөр илэрхийлсэнтэй тэнцүү. Миний дэвшүүлж байгаа нэгдүгээр шинэ арга нь цэгэн гэрэл үүсгэгчээс тархах цацрагийн өнцгийг ихэсгэх зорилгоор уламжлалт PLS дэлгэцэд нэмэлт гэрэл үүсгэгч байрлуулсан. Туршилтын үр дүнд нэмэлт гэрэл үүсгэгч ашигласнаар линз матрицын гурван элементар линз нэг цэгэн гэрэл үүсгэгчийг үүсгэж цэгэн гэрэл үүсгэгчээс тархах цацрагийн өнцгийг ихэсгэж чадсанаар PLS дэлгэцийн харагдах өнцгийг ихэсгэсэн.
PLS дэлгэцийн нягтшил бага байдаг учраас уг дэлгэц нь чанар муутай, арзайсан 3D дүрсийг үүсгэдэг. Нягтшилыг PLS дэлгэцийн хөрш цэгэн гэрэл үүсгэгчийн хоорондын зайн урвуугаар тодорхойлдог. Уг дэлгэцийн линз матрицын элементар линз бүр нэг цэгэн гэрэл үүсгэгчийг үүсгэдэг ба цэгэн гэрэл үүсгэгчийн хоорондын зай их байгаагаас хэрэглэгчийн шаардлага хангахгүй байна. Миний дэвшүүлж байгаа хоёрдугаар шинэ арга нь цэгэн гэрэл үүсгэгчийн хоорондох зайг багасгах зорилгоор уламжлалт PLS дэлгэцэд нэмэлт гэрэл үүсгэгч байрлуулсан. Туршилтын үр дүнд линз матрицын нэг элементар линз нь есөн цэгэн гэрэл (хэвтээ 3 болон босоо 3) үүсгэж байгаа бөгөөд цэгэн гэрэл үүсгэгчийн хоорондох зай 3 дахин багассан учраас PLS дэлгэцийн нягтшил нь 3 дахин сайжирсан.
Дэвшүүлж буй 2 шинэ арга нь уламжлалт PLS дэлгэцэд нэмэлт гэрэл үүсгэгч байрлуулах замаар харагдах өнцгийг ихэсгэж, нягтшилыг сайжруулж чадсан давуу талтай.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0