Энэхүү ажил нь удиртгал, 3 үндсэн бүлэг, 9 дэд бүлэг, ерөнхий дүгнэлт, ном зүйн жагсаалт, хавсралтыг агуулсан нийт 171 хуудас бичлэг, 40 хүснэгт, 57 зургаас бүрдэж байгаа болно. Орчин үед үйлдвэрийн газрын үр ашиг, хөгжлийн хурдац инновацийн идэвхижлээр тодорхойлогдох боллоо. Инновацийг идэвхижүүлэх нь өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах болон тэдгээрийг шинээр бий болгох замаар хэрэглэгчдийн хүрээг өргөжүүлэх үр нөлөөтэй хэрэгсэл юм. Шинжлэх ухааны нээлт бүтээл, шинэ санаа, зохион бүтээлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйл ажиллагаа, удирдлага, хөдөлмөр зохион байгуулалт, техник технологийн бүхий л хүрээнд бүтээлчээр нэвтрүүлж шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох инновацийн удирдлагын цар хүрээ өргөжиж, шинэ зууны менежментийн нэг чухал чиг хандлага болон эрчимтэй хөгжиж байна. Улс орнуудын нийгэм эдийн засгийн өрсөлдөх чадварыг тодорхойлоход инновацийн идэвхижил нэг гол шалгуур болж байна. Судлаачдын явуулсан харьцуулсан судалгаанаас үзэхэд, Монгол улсын инновацийн түвшин
0.159 гэсэн индексээр тодорхойлогдож байгаа нь Балба (
0.056)-аас дээгүүр, Швед (
0.871), Финлянд (
0.838) болон АНУ (
0.732)-аас 5-6 дахин доогуур, БНХАУ (
0.306), Энэтхэг (
0.291), ОХУ (
0.282) зэрэг орнуудаас 2 дахин бага байна.[18, х.118]. Хэдийгээр манай улсын инновацийн түвшин ингэж доогуур үнэлэгдсэн ч, эдийн засагт нааштай хандлагууд гарч байна. 1994-2001 онуудад ДНБ өмнөх онуудтай харьцуулснаар 1.0-
20.5 дахин өсч, 2002 оны байдлаар
64.9 тэрбум төгрөгт буюу 1989 оны түвшинд хүрчээ. Харин 2006 онд 3,172,47 тэрбум төгрөг болж, эдийн засгийн өсөлт харьцангуй тогтворжиж байна
6. [23]. Гэвч энэ нь дэлхийн дундаж түвшнээс үлэмж доогуур байгаа бөгөөд ийм нөхцөлд үндэсний аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал өнөөгийн нийгмийн захиалга болж байна. Сүүлийн жилүүдэд Монгол орны аж үйлдвэрийн салбарт бүтцийн шинжтэй багагүй өөрчлөлт гарч уул уурхайн салбарын эзлэх байр суурь өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 1980 оны байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн
36.6 хувь нь тус салбарт ногдож байсан бол 2006 онд 73,9 хувьд хүрчээ [23, х.64]. Мөн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2006 оны байдлаар Монгол улсын ДНБ-ний
30.0 хувьд хүрсэн байна. [23, х.53]. Манай улс нь дэлхийн зэсийн зах зээлийн 1.0 хувь, алтны
0.4 хувь, жоншны
4.1 хувь, молибдений
3.0 хувийг тус тус эзэлдэг [7]. Эндээс үзвэл, уул уурхайн салбар нь улс орны эдийн засгийн хөгжилд үлэмж нөлөөтэй болох нь харагдаж байна. Өнөөгийн байдлаар манай орны уул уурхайн салбарт ашигт малтмалын олборлолт, анхан шатны боловсруулалт зонхилж, илүү их нэмэгдсэн өртөг бий болгох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт бага байна. Дээрх нөхцөл байдалтай холбогдон салбарын үйлдвэр аж ахуйн газруудад техник технологи, менежментийн шинэчлэл хийж, эцсийн бүтээгдэхүүн, тэр дундаа оюуны багтаамж өндөртэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн инновацийг идэвхижүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байна. Уул уурхайн салбарын бүтцийг авч үзвэл, алт олборлолт, зэс молибдений баяжмал үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг цөөн тооны үйлдвэрүүд голлож байна. Тэдгээрийн дотроос Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр чухал байр суурь эзэлдэг. Тус үйлдвэр нь 2006 оны байдлаар Монгол улсын ДНБ-ний
10.1 хувь, улсын төсвийн
31.4 хувь, экспортын
45.4 хувийг тус тус бүрдүүлж байгаа бөгөөд аж үйлдвэрийн салбарын хувьд, нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн
39.2 хувийг эзэлж байна. Мөн уул уурхайн салбарт ажиллагчдын
14.6 хувийг эзэлж, Орхон аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн
95.0 хувь, орон нутгийн төсвийн
91.3 хувийг тус тус бүрдүүлж байгаа зэрэг нь "Эрдэнэт" үйлдвэр манай орны эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг илтгэж байна. [23, 32]. Иймээс энэхүү үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх асуудлыг тэргүүн зэрэгт тавьж шийдвэрлэх явдал нэн ач холбогдолтой байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай орны уул уурхайн үйлдвэрийн газрууд, тэр дундаа "Эрдэнэт" үйлдвэрийн хувьд техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх талаар багагүй зүйл хийж байгаа боловч инновацийг эрчимжүүлэх, түүнийг удирдах асуудалд иж бүрэн, системтэй хандах явдал учир дутагдалтай байна. Энэ байдал нь манай орны өнөөгийн нөхцөлд инновацийн талаарх мэдлэг дутмаг, үйлдвэр аж ахуйн газруудын хувьд шинжлэх ухаан технологийн ололт, инновацийг нэвтрүүлэхийн үр өгөөж, ач холбогдлыг төдийлөн сайн ойлгохгүй байгаатай, нөгөөтэйгүүр, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэхэд инновацийн үзүүлэх нөлөө, түүнийг өргөн хүрээнд нэвтрүүлсний үр дүнг тодорхойлж үнэлэх, инновацийн чиг баримжааг үйл ажиллагаа, хөгжлийн бодлого, стратегид тусган хэрэгжүүлэх арга зүй тогтоогүй байгаа нь үүнд бас нөлөөлж байна гэж үзэж болно. Иймээс нэмэгдсэн өртөг бий болгох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн технологийн түвшинг дээшлүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилт тавигдаж буй өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн газрууд өрсөлдөх чадвараа бэхжүүлэхийн тулд орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололтыг өргөнөөр нэвтрүүлж, инновацийг харэгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Энэ нөхцөлд үйлдвэрийн газруудад инновацийг нэвтрүүлж, эрчимтэй хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийн үр ашиг бүтээмжийг дээшлүүлэх асуудлыг ул суурьтай судалж, шийдвэрлэх оновчтой арга замыг тодорхойлох явдал онол, практикийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Дээр өгүүлсэн зүйлс нь тухайн сэдвийг сонгон судлах үндэслэлийг тодорхойлж байгаа бөгөөд судалгааны ажлын зорилго, зорилтуудыг дараах байдлаар томъёолов.
Судалгааны ажлын зорилго. Энэхүү ажлын зорилго нь бүтээмж болон инновацийн удирдлагын онол практикийн хүрээнд судалгаа явуулсны үндсэн дээр инновацийг идэвхижүүлэх замаар үйлдвэрийн газрын бүтээмжийг дээшлүүлэх чиг хандлага, арга замыг тодорхойлоход чиглэгдэнэ. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж шийдвэрлэв. Үүнд:
- Бүтээмж болон инновацийн удирдлагын онол арга зүйн хүрээнд судалгаа явуулж, үйлдвэрийн газрын инновацийг идэвхижүүлэх замаар бүтээмжийг дээшлүүлэх чиг хандлагыг тодорхойлох;
- Бүтээмж болон инновацийн идэвхжилийн түвшинг тооцож, шинжлэх аргачлалыг боловсруулах;
- Уг аргачлалд тулгуурлан "Эрдэнэт" үйлдвэрийн бүтээмжийн болон инновацийн идэвхжилийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, үр дүнг гаргах;
- "Эрдэнэт" үйлдвэрийн инновацийг идэвхижүүлэн бүтээмжийг дээшлүүлэх арга замыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах; зэрэг болно.
Судлах зүйл. Үйлдвэрийн газрын инноваци болон бүтээмжийн удирдлагын онол, практикийн асуудлууд.
Судалгааны обьект. Монгол -Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн бүтээмж, инновацийн удирдлагын үйл ажиллагаа.
Судалгааны ажлын онол арга зүйн үндэс. Уг ажлын онол, арга зүйн үндэс нь үйлдвэрийн газрын эдийн засаг, менежмент, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмж, инновацийн удирдлагын онол болно. Диссертацийн ажилд ажиглалт, анализ, синтез, хийсвэрлэлт, харьцуулалт зэрэг шинжлэх ухааны судалгааны түгээмэл аргуудаас гадна статистикийн болон социологийн судалгаа, инновацийн идэвхижил, бүтээмжийн шинжилгээний аргуудыг хэрэглэсэн болно. [1,2,16,17]. Түүнчлэн судалгаанд тухайн асуудлаар урьд өмнө хийгдсэн гадаад, дотоодын эрдэмтдийн судалгаа бүтээлүүд, Үндэсний статистикийн газар, салбарын яамд, "Эрдэнэт" үйлдвэрийн санхүү эдийн засгийн тайлан мэдээллийг ашиглав. Судалгааны ажлын шинэлэг тал. Уг ажлын шинжлэх ухааны үнэ цэнэ нь зах зээлийн эдийн засгийн шинэ сонгодог ахиуцын онолын чиг хандлагад тулгуурлан инновацийг идэвхижүүлэх замаар бүтээмжийн өсөлтийг хангах асуудлыг Монгол орны нөхцөлд анхлан судалж, уул уурхайн салбар, түүний гол төлөөлөл болох "Эрдэнэт" үйлдвэрийн жишээн дээр шийдвэрлэх арга замыг дэвшүүлснээр тодорхойлогдоно. Энэ хүрээнд: - Манай орны өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн газрын инновацийг идэвхижүүлэх замаар бүтээмжийг дээшлүүлэх чиг хандлагыг тодорхойлсон; -Үйлдвэрийн газрын бүтээмж болон инновацийн идэвхижлийг уялдуулан судалж, шинжлэх аргачлалыг боловсруулж, санал болгосон; -Дээрх арга зүйд тулгуурлан Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн бүтээмж болон инновацийн идэвхижлийг судалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бүтээмжийг дээшлүүлэх боломж, арга замыг тус тус тодорхойлсон болно.
Судалгааны ажлын практик ач холбогдол. Судалгааны үр дүнд боловсруулсан аргачлал, дэвшүүлсэн арга зам, санал зөвлөмжүүдийг уул уурхайн үйлдвэрүүдэд төдийгүй бусад салбарын үйлдвэр аж ахуйн газруудад хэрэглэх боломжтой.
Судалгааны үр дүн нь "Эрдэнэт" үйлдвэрийн хувьд ирээдүйн хэтийн төлөв, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход анхны суурь мэдээлэл, өгөгдөхүүн болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0