Оршил, судлагдсан байдал, судалгааны материал арга зүй, судалгааны үр дүн, хэлэлцүүлэг гэсэн 3 үндсэн бүлэг, дүгнэлт, 21 хүснэгт, 13 зураг, 55 график, талархал, 120 ном хэвлэлийн жагсаалт түүнээс 99 нь гадаад хэл дээр ашигласан, англи хэл дээр бичсэн диссертацийн товчлол 3 хуудас, хавсралт бүхий нийт 145 хуудастай. Хавсралтаас гадна 127 хуудас болно.
Судалгааны үр дүнгийн шинэлэг тал
1. Дэлхийн хэмжээнд Зузаалайн (Crassulaceae) овгийн 40 төрлөөс 25 төрөлд нь САМ фотосинтез илэрсэн боловч огт судлагдаагүй байсан Orostachys L. төрлийн Orostachys spinosa, O. malacophylla, O. fimbriata, O. thyrsiflora 4 зүйл, харин САМ илэрч байсан Sedum төрлөөс 1 зүйл болох S. aizoon тус тус САМ ургамал болохыг Монгол орны ургамлын аймгаас анх удаа илрүүлсэн.
2. Байгалийн нөхцөлд O. spinosa (Хатгуурт үлд өвс)-ийн фотосинтезийн САМ шинж тууштай хадгалагддаг болон хлорофиллийн флуоресценцийн өөрчлөлтөөр хэмжигддэг оптималь квант гарцын хэмжээ нь тогтвортой
0.747 болохыг анх удаа тодорхойлсон.
3. O. spinosa-д үндсэн бодисууд болон макро, микро элементийн бүрэлдэхүүнийг анх удаа тодорхойлж, хүний биед биологийн идэвх үзүүлдэг пектин болон төмөр, кальци, манганы хэмжээ харьцангуй их байгааг илрүүлсэн.
Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол
- Фотосинтез нь органик бодисын цикл урвалууд явагдах зам, эс эдийн бүтэц, гадаад орчны зайлшгүй шаардлагатай нөхцлүүд зэрэг олон шинжээрээ С3, С4, САМ гэж ялгагддаг тухай танин мэдэхүйн зүй тогтлуудыг диссертацийн ажилдаа тайлбарлахын хамт САМ фотосинтезтэй төрөл, зүйлүүдийг Монгол орны ургамлын аймгаас анхлан илрүүлсэн бидний туршилт судалгааны үр дүнгүүд нь байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд ургамлын ургац, бүтээмжийг дээшлүүлэх болон эдгээр зүйл тус бүрийн онцлог шинжүүдийг хоног ба улирлын туршид ялгавартай хандахад үйл ажиллагааны чадавх, дотоод зохицуулгыг харгалзан үзэх үндэслэл болно гэж үзэж байна. Түүнчлэн ургамал бүхэнд фотосинтезийн эрчим болон бие эрхтэндээ усыг хадгалж үр ашигтай зарцуулах үзүүлэлтүүд харилцан адилгүй байдгийг харуулсан судалгааны мэдээ баримтууд нь бэлчээрийн хэв шинжүүдэд үнэлгээ өгөх, талхлагдлаас сэргийлэх, нөхөн сэргээж сайжруулах практик үйл ажиллагаанд ашиглагдах боломжтой юм.
- Ургамал орчиндоо дасан зохицохын тулд бодис солилцооныхоо явц, чиглэлийг өөрчилж чаддаг уян хатан шинжтэй, ялангуяа огцом халуун болж усны хомсдолд нэрвэгдэх стресс нөхцөлд фотосинтезийн урвалуудын хоногийн явц үндсээрээ өөрчлөгдөж байдгийг САМ фотосинтезтэй O. spinosa-д хийсэн туршилтууд харуулсан бөгөөд цаашид Монгол орны ургамлын аймагт цөөн тоотой бөгөөд шинэ тутам судлагдаж буй САМ ургамлууд оролцсон экосистемийн тогтворшлыг харьцуулан үнэлэх, улмаар тарьж ургуулах, хямгадан хамгаалахад зохих хувь нэмэр болж байна.
- Orostachys төрлийн САМ шинж нь зөвхөн Монголд төдийгүй Төв Азийн говь цөлд анх илэрч байгаа учраас цаашид хуурайшилттай бусад бүс нутгийн нөхцөлд ургамлууд дасан зохицох боломжийг судлахад түлхэц болно. О. spinosa-д хүний бие махбодид биологийн үйлчлэлтэй пектины бодис болон элементүүдээс төмөр, кальци, манганы агууламж бусад ургамлын дундажтай харьцуулахад харьцангуй илүү агууламжтай илэрсэн нь хүнс, анагаах ухаанд цаашид анхаарагдах практикийн ач холбогдолтой юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0