Энэхүү судалгааны ажлын зорилго нь сонгох-хариултат даалгавар шинжлэх арга зүйн нэгэн хувилбарыг боловсруулж, ЭЕШ-ын Химийн сорилгын даалгаврыг шинжлэхэд хэрэглэж, арга зүйг батлахад оршино.
Нэгдүгээр бүлэгт судалгаанд хэрэглэсэн онол, арга зүй болох Блумын таксономи, даалгаврын шинжилгээний арга зүй, бүтцийн тэгшитгэлийн загварчлалын статистик арга зүйг товч танилцуулсан. Мөн эдгээр онол арга зүйтэй холбоотой олон улсын түвшинд болон манай оронд хийгдэж байгаа судалгааны талаар авч үзсэн.
Хоёрдугаар бүлэгт судалгааны материал, арга зүйг танилцуулсан. ЭЕШ-ын 2007-2013 оны Химийн сорилгын 10 багц 43 сорилгын 1704 даалгаврыг БҮТ-ийн эрхлэн гаргасан эмхэтгэл болон албан ёсны цахим хуудаснаас авсан. ЭЕШ-ын он болон бүсээс хамаарч сорилго тус бүрт дунджаар 590-3400 шалгуулагчийн гүйцэтгэлийг авч үзсэн. 2007-2013 оны сорилго, даалгаврын гүйцэтгэлийг TESTAN
6.5 программаар боловсруулсан дүнгээс сорилго тус бүрийн хувьд, арифметик дундаж оноо, моод, медиан, хэлбэлзлийн далайц, квартил хоорондын далайц, стандарт хазайлт, вариацийн коэффициент, ассиметр, эксцесс, KR-20, KR-21 гэсэн 10 гаруй үзүүлэлтийг, даалгавар тус бүрийн хувьд хүндрэлийн зэрэг (p), ялгах чадвар (d), пойнт-бисериал коэффициент (rpbi) гэсэн психометрик 3 үзүүлэлтийг тус тус авч өгөгдлийн сан бүрдүүлж найдварт чанарын судалгааны үр дүнг EXCEL, SPSS
21.0 программаар боловсруулсан. Даалгавар тус бүрийн хувьд хариултын хувилбарыг сайн гүйцэтгэлтэй бүлэг, муу гүйцэтгэлтэй бүлэг, дундаж гүйцэтгэлтэй бүлгээс сонгосон шалгуулагчийн тоог түүвэрлэн авч найдварт чанарын судалгаа, мэдлэгийн төрөл, когнитив үйлийн түвшний загварын тохирол тодорхойлох судалгааны зарим үр дүнг тайлбарлахад хэрэглэсэн. 2009-2013 онд ЭЕШ-ын Химийн сорилгыг гүйцэтгэсэн шалгуулагчдын хариултын хуудсыг уншсан скантроны мэдээллийг БҮТ-өөс авч SPSS
21.0, EXCEL 2010 программ ашиглан “зөв” бол “1”, “буруу” бол “0” гэсэн хоёртын системд шилжүүлэн өгөгдлийн сан бүрдүүлж AMOS
21.0 программ дээр мэдлэгийн төрөл, когнитив үйлийн түвшний тохирлыг судалсан.
Дэвшүүлсэн таамаглалаа нотлож, судалгааны зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд онолын болон туршилтын дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүнд:
1. Сонгох-хариултат даалгавар шинжлэх арга зүй боловсруулах онол, арга зүйн үндэслэлийг судлах, сонгох
2. Сонгох-хариултат даалгаврыг шинжлэх арга зүйг боловсруулах, турших
3. Химийн сорилго, даалгаврын найдварт чанарыг тодорхойлох
4. Мэдлэгийн төрөл, когнитив үйлийн загварын тохирлыг тодорхойлж боловсруулсан арга зүйг батлах
Гуравдугаар бүлэг нь 1) Сонгох-хариултат даалгаврыг шинжлэх арга зүйг боловсруулж туршсан дүн, 2) ЭЕШ-ын Химийн сорилгын найдварт чанарыг тодорхойлсон дүн, 3) Блумын таксономийн мэдлэгийн төрөл, когнитив үйлийн түвшний загварын тохирлыг шинжилсэн дүн гэсэн 3 дэд бүлэгтэй.
3.1 дэд бүлэгт Блумын таксономид хийсэн шинжилгээ, Химийн мэдлэгийн жишиг жишээ, когнитив үйлийн түвшин, тэдгээрийн альтернатив тус бүрийн “үйл үг”-ийн нэр томьёоны тайлбарыг харуулсан. Хоёр дахь хэсэгт өөрсдийн боловсруулсан сонгох-хариултат даалгаврыг шинжлэх арга зүйг үйл тус бүрийг тодорхой тайлбарласан жишээтэйгээр үзүүллээ. Гурав дахь хэсэгт боловсруулсан арга зүйн дагуу даалгавар тус бүрийн Блумн таксономийн мэдлэгийн төрөл, когнитив үйлийн түвшинг тодорхойлж нийт 1704 даалгаврын 661 (
38.8%) нь үйлийн мэдлэгийг хэрэглэх түвшний даалгавар байгааг тогтоосон.
3.2 дэд бүлэгт сорилгын гүйцэтгэлийн давтамжийн тархалт, дотоод нийцэл, параллель сорилгын хүндрэлийн зэргийн эквивалент чанар, мөн параллель сорилгын ялгах чадвар болон пойнт-бисериал коэффициентын эквивалент чанар, хүндрэлийн зэрэг ба ялгах чадварын хамаарал гэсэн 5 шинжилгээгээр сорилгын найдварт байдалд шинжилгээ хийсэн үр дүнг танилцуулсан. Эдгээр 5 шинжилгээний нэгдсэн дүнгээр 2008-I, 2008-II, 2013 оны 3 багц сорилгын найдвартай бөгөөд параллель сорилго болохыг тогтоосон.
3.3 дэд бүлэгт мэдлэгийн төрөл, когнитив үйлийн түвшний загварын тохирлын фактор батлах шинжилгээний үр дүнг танилцуулсан. Энэхүү шинжилгээний үр дүнгээс суралцахуйн нөхцөл байдал, даалгаврын тавил, даалгавар дахь сэжим нь даалгаврын мэдлэгийн төрөл, когнитив үйлийн түвшинг тодорхойлоход зайлшгүй тооцох шаардлагатай хүчин зүйл болохыг тогтоосон.
Улмаар бидний боловсруулсан “Сонгох-хариултат даалгаврыг шинжлэх арга зүй”-г статистик үр дүнгээр баталгаажуулсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0