Судалгааны ажлын зорилго, зорилт:
Бэлчээрийн монгол хонь, хурганы тэжээл боловсруулах замын агуулагдахуунаас эслэг задлах идэвхтэй нянгуудыг хайж, сонгон шалгаруулах улмаар тэдгээрийг ашиглан хурганы гүзээний үйлдэл, эслэг задлах чадавхийг идэвхжүүлэх замаар бодисын солилцооны үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлөх, анхдагч сэргийлэлтийн боломжийг бүрдүүлэх, зорилгоор дор дурьдсан зорилтуудыг тавьж ажиллав. Үүнд:
1. Бэлчээрийн хонь, хурганы тэжээл боловсруулах замын агуулагдахуунаас гарган авч, эслэг задлах идэвхээр нь сонгон шалгаруулсан савханцрын шинж чанарыг нь харьцуулан судлах.
2. Хурга хөрвөжих үеийн гүзээний тэжээл боловсруулах үйлдэл, эслэг задлах идэвх , бодис солилцооны үзүүлэлтэнд эслэг задлагч нянгийн нутгийн омгийн үзүүлэх нөлөөг харьцуулан судалж, үнэлгээ өгөх.
3. Бэлчээрийн монгол хурганы гүзээний сэвсэн дэх эслэг задлах идэвхийг ургамлын ургалтын үе шатаар харьцуулан хоногийн бойжилтийн дагуу судлах.
4. Хурга хөрвөжих үеийн гүзээний үйл ажиллагааг эслэг задлагч нянгийн тусламжтайгаар идэвхжүүлэх боломжийг хайх.
Ажлын шинэлэг тал:
Хурга хөрвөжих үеийн гүзээний сэвснээс эслэг задлах идэвхитэй нянгийн омог ялган авч, түүнийг ашиглах боломжийг илрүүлэн судласан энэхүү судалгааны ажил нь дараах шинэлэг талуудыг агуулсан юм. Үүнд: - Бэлчээрийн монгол хурганы хөрвөжих үеийн гүзээний тэжээл боловсруулах үйлдлийн зарим онцлогийг судлаж, үнэлсэн.
- Хурганы гүзээн дэх ургамлын эслэгийн задрах үйл явцыг түүний ургалтын үе шат болон төлийн өсөлтийн хоногийн бойжилттой холбон судласан.
- Эслэг задлах идэвхтэй нянгийн нутгийн омгуудыг ялган , түүний шинж чанарыг судлаж, тэдгээрийн хурганы гүзээний үйл ажиллагаа, бодис солилцоонд үзүүлэх нөлөөг судлаж үнэлсэн.
Ажлын практик ач холбогдол:
Бэлчээрийн монгол малын тэжээл боловсруулах замаас сонгомол тэжээлийн орчноор дамжуулан ялгасан эслэг задлагч нянгуудын шинж чанарыг судлан хэвлэлийн өгөгдөхүүнтэй харьцуулан үнэлэмж гаргахын хамт түүнийг хурга хөрвөжих үеийн гүзээний бичил биетнүүдийн эслэг задлах чадвахийг сайжруулахад ашиглах боломжийг илрүүлэн гаргаж дүгнэсэн нь бэлчээрийн төлийн өсөлтийн физиологийн зүй тогтолыг нээн харуулахад зохих хувь нэмэр оруулсан юм. Бүтээлийн үр дүнг мал эмнэлгийн ,түүний дотор төлийн өвчнөөс сэргийлэх, өсөлтийн физиологийн чадвахийг дэмжих чиглэлээр үйлдвэрлэлд бүтээлчээр ашиглах боломжтой юм. Судалгааны үр дүн, бусад ухагдахуун,шийдлүүдийг сургалт эрдэм шинжилгээний зориулалтаар мэдээлэлийн эх булаг болгон баяжуулах, ашиглах боломжтой билээ.