Судалгааны зорилго, зорилт: Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хаягдал цагаан тоосны орчны биогеохими болон малд үзүүлэх нөлөөг биогеохими, физик-хими, эмнэл зүй, эмгэг судлалын аргаар нарийвчлан тогтоож, хаягдлаас шалтгаалан үүсэх технопат эмгэгээс мал сүргийг хамгаалах арга, зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ажлын гол зорилго оршино.
Энэхүү зорилгод хүрэхийн тулд судалгааны ажлын хүрээнд:
1. Хаягдал цагаан тоосны химийн найрлага, тархалтын хүрээг судлан тогтоох
2. Үйлдвэрийн орчны хөрс, ус, малын цус, эд эрхтний химийн найрлагыг судлах замаар биогеохимийн онцлогийг илрүүлэх
3. Малд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил хувиралтыг эд, эрхтэн, эсийн түвшинд судлан тогтоох
4. Үйлдвэрийн орчны биогеохимийн онцлог, малд илрэх эмнэл зүйн шинж, эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил хувиралтыг хяналтын бүс нутгийнхтай харьцуулах
5.Үйлдвэрийн хаягдал цагаан тоосноос шалтгаалан үүсэж байгаа технопат эндемик эмгэгээс мал, сүргийг хамгаалах оновчтой арга, зөвлөмж боловсруулан санал болгох зэрэг зорилтуудыг тус тус тавив.
Шинэлэг тал: Бэлчээрийн нүүдлийн болон хагас суурин мал аж ахуйн үйлдвэрлэлийг голлон эрхлэж буй монгол орны хувьд томоохон уулын баяжуулах үйлдвэрийн хаягдлын нөлөөгөөр малд технопат гаралтай эндемик эмгэг үүсдэг болохыг монгол улсад анх удаа судлан тогтоосон нь энэхүү судалгааны ажлын гол шинэлэг тал болно. Уул уурхай, ашигт малтмалын орд газрын ашиглалтын үр дүнд үүссэн хаягдлын орчныхоо биогеохимийн онцлогт үзүүлэх өвөрмөц нөлөөллөөс мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах өртөг зардал хямд, оновчтой арга, зөвлөмж боловсруулсан нь энэ ажлын үйлдвэрлэл, нийгмийн бас нэг чухал шинэлэг тал гэж үзнэ.
Практикийн ач холбогдол, хэрэгжилт: Энэхүү судалгааны ажлын үр дүнг Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын байгууллагууд, төв, орон нутгийн том, жижиг уул уурхай, орд газрын хүдэр, ашигт малтмалыг гар болон үйлдвэрийн аргаар олборлогчид, химийн ба бусад энэ чиглэлийн үйлдэрлэлийг эрхлэгчид, түүнчлэн мал эмнэлгийн байгууллагуудад нэвтрүүлснээр байгаль орчныг бохирдуулах сөрөг нөлөөлөл буурч, хүн ам, мал сүргийг технопат гаралтай эмгэгээс сэргийлэх хяналтын тогтолцоог бий болгож хүнсний бүтээгдэхүүний аюулгүй, эрүүл ахуйн шаардлагыг хангах, улмаар экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзнэ. Үйлдвэрийн хаягдал цагаан тоос, орчны биогеохимийн онцлог, малын эд эрхтний химийн найрлага, эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил хувиралт, технопат гаралтай эндемик эмгэгээс мал, сүргийг хамгаалах арга, зөвлөмжийн талаарх бидний мэдээллийг энэ чиглэлийн судлагаа, үйлдвэрлэлийн ажилд ашиглах боломжтой.