Энэхүү бүтээлээ Удиртгал, 3 бүлэг, дүгнэлт, ном зүй гэсэн 6 хэсэгтэй туурвиж, 34 хүснэгт, 18 бүдүүвч, 4 фотозураг, 8 схемтэй, 114 ном ашигласан.Монгол орны шинжилгээ судалгааны практикт урьд өмнө хийгдэж байгаагүй мөнгөн ус, селен тодорхойлох хими спектрометрийн шинжилгээ хийгдэх болж үйлдвэрлэлд шууд нэвтрүүлж эхэлсэн. Судалгааны ажлаас гарах гол үр дүн нь уул уурхайн салбар төдийгүй, байгаль орчин, эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэнэ. Монгол орны Найрлагын стандартчилсан загвар зохион бүтээх сэдэвт ажлын аттестатчиллын шинжилгээний нэр төрөл, элемент нэгдлийн тоог нэмэгдүүлэх болно. Монгол орны нөхцөлд эрдсийн баялаг, хөрсний дээжийн онцлогт тохирсон мөнгөн ус, селен тодорхойлох багажит шинжилгээний аргын нэг хувилбарыг шинээр боловсруулсан нь тухайн элементүүдийн спектраналитик судалгаанд шаардлагатай мэдээллийн санг баяжуулж байгаагаараа онолын ач холбогдолтой. Мөнгөн ус, селений маш бага агуулгыг тодорхойлох атом шингээлтийн болон индукцийн холбоотой плазмын аргыг (AAS, ICP) харьцуулан судласан нь орчин үеийн өндөр мэдрэмжтэй спектрометрүүдийг ашиглан бусад микро элементүүдийн агуулгыг тодорхойлох ажлын үндсийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан.