Энэхүү диссертацын ажил нь удиртгал, үндсэн 2 бүлэг, 6 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүтнэ. Нийт 124 хуудастай. Монголын ард түмэн олон зуун жил үеэс үед уламжлан хэрэглэж ирсэн, сүүлийн үед орхигдож байгаа гэр бүлд бага насны хүүхдийг хүмүүжүүлэн сургах арга зүйг өнөөгийн нийгэм, гэр бүлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, орчин үеийн ялангуяа залуу гэр бүлд залгамжлан уламжлуулах асуудлыг судалж шийдвэрлэх нь уг судалгааны ажлын шинэлэг тал болно. Судалгааны ажлын практик ач холбогдол. Бидний сонгон авч олон жилийн турш судалсан эрдэм шинжилгээний ажлын гүйлгээнд болон практикт нэвтрүүлэхийг оролдож байгаа энэхүү ажил бол орчин үеийн монголын боловсрол сургалтын арга зүйд чухал нэмэр хандив болох бөгөөд хот хөдөөгийн хүүхдүүдэд амьдрал практик дээр сурч боловсрох, ажиллаж амьдрах арга ухаанд сурахад нь ихээхэн ач холбогдолтойн дээр залуу гэр бүл, эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэн сургахдаа ардын сурган хүмүүжүүлэх ухааны орхигдон мартагдаж байгаа арга хэрэглүүр, хорио цээрийн зүйлээс сонгон авч хэрэглэхэд нь тустай. Өөрийн орны сурган хүмүүжүүлэгчид эцэг эх, багш нарын үйл ажиллагаагаар туршин үр дүнг нэгтгэн дүгнэх нь бидний судалгааны ажил төдийгүй сургалтын практикт чухал ач холбогдолтой. Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжлийн шинэ зуунд сургалтыг амьдрал хэрэглээтэй холбох, мэдлэгээ өдөр тутмын үйл ажиллагаатай нягт уялдуулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, амьдралд тохиолдох аливаа бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга ухааныг эзэмшүүлэх нь боловсролын аль ч шатанд тулгамдсан асуудал болж байна. Орчин цагийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурдацтай уялдан боловсролын агуулга, зорилго, зорилт, арга зүйг суралцагч бүрийн хэрэгцээ, чадамжинд тохируулан өөрчлөгдөх шаардлага гарч байгаагаас ерээд оноос хойш манай улсын иргэд гадаад улс орнуудад урт, богино хугацаагаар ажиллаж амьдрахаар явах буюу амьдарч байгаад эх орондоо ирж суралцах болж байна. Эдгээр хүүхдийг богино хугацаанд сургах хэрэгцээ байгаагаас үүнд тохирсон арга зүй, хэрэглэгдэхүүнийг уламжлал, туршлагадаа тулгуурлан өнөөгийн арга барилаар баяжуулан боловсруулах нь чухал болж байна. Судалгааны зорилго Хүүхдийг гэрээр сургадаг уламжлалт арга ухаан, туршлагыг судалж өнвөгийн дэвшилтэт аргуудтай холбосон арга зүйг боловсруулж туршсаны ундсэн дээр хүүхдийг бичиг үсэг, тоо тоололд сургах нэгэн хувилбарыг боловсруулах зорилгыг дэвшүүлсэн. Монголчууд үр хойчоо сурган хүмүүжүүлэх өвөрмөц арга барилтай, туршлагын арвин сантай, их өв соёлтой ард түмэн. Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанд хүүхдийг хүн болгохын чухлыг нэн тэргүүнд тавьж хүүхдийг нярай үеэс эхлээд бие бялдар, эрүүл мэндийг нь анхаарч, хүүхдийнхээ өсөлт хөгжилтийн явцыг нарийн ажиглан, нас насны онцлогт нь тохируулан хүүхдэд амьдрал ахуйн хэрэгцээт мэдлэгийг эзэмшүүлж ирсний зэрэгцээ, авьяас, сонирхол, чадварыг харгалзан
*сэргэлэн цовоо, юмыг ойлгож тогтоодог, юманд ул суурьтай ханддаг, тэвчээртэй төвшин хүүхдийг эрдэм номд сургаж,
*хараа хурц бие чийрэг, сонор соргог зориг тэвчээртэй, авхаалжтай хүүхдээ ан авд сургадаг,
*ажигч гярхай, махруу, хөдөлмөрч, энэрэнгүй сэтгэлтэй хүүхдээ малд сургаж,
*хичээнгүй авьяаслаг, нямбай эвлэг уйгагүй зүтгэлтэй хүүхдээ ардын урлалд сургадаг байснаас харахад өвөг дээдэс маань хэнд юу заахаа оноон шилж сонгож, хүүхдүүдээ ялгавартай сургадаг нь одоогийн ойлголтоор төрөлжсөн сургалтыг зохион байгуулж байжээ. Ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас үзэхэд эзэмшүүлэх зүйлээс эхлээд, сургадаг арга нь ч бас ялгавартай байжээ. Үүнийгээ ихэр хоёрын ааш ондоо, ижил үгийн утга ондоо гэх буюу аавын хүүхдүүд адилгүй, арван хуруу тэгшгүй гэж ардын түмэн зүйр үгээр зүйрлэн илэрхийлсэн байдаг нь хүнийг хүмүүжүүлэхэд бүх хүнд таарах нэг, түгээмэл арга, хэрэглүүр байдаггүйг хэлсэн хэрэг мөн эрт дээр үеэс үр хойчдоо "Эд хураахаар эрдэм номыг сурахыг эрхэмлэн эрдэм хураа" хэмээн зүйрлэн сурахын чухлыг ухааруулж, эзэн хичээвэл, заяа хичээнэ" гэж сурах үйл өөрөөс хамааралтай болохыг сургамжилж ирснээс үзэхэд бидний өвөг дээдэс муугүй сурган хүмүүжүүлэгчид байсан байна. Он цагийн уртыг туулах замд үр хүүхдээ сургах энэ үзэл санаа гандан буураагүй манай өвөг дээдэс "Монгол нүүдэлчдийн" гэж нэрлэхээр оюуны их өвийг хүн төрөлхтөний соёлын өв санд оруулсан түүхтэй.
Хүүхдийн ухаан билгийг нээгдүүлэх тоо, эх хэл хоёр бол ямар ч хүнийг эрдэмд амлан, эхлэн сурдаг хичээл бөгөөд унших, бичих, бодох гурван үйл нь хүний оюун сэтгэхүй, хэл яриаг хөгжүүлж, цааш эрдэмд хөтлөх гүүр болдог учир хүүхдийг энгийн ойлгомжтой ярьж сургах дасгалыг хийлгэж, зөв хэллэгтэй ярьж сургадаг уламжлалыг бид өөрийн боловсруулсан арга зүйдээ тусгасан нь манай сэтгэл судлаач Д.Санжжав, Б.Бор нарын эрдэмтэд хүүхдэд хэлний чадвар бий болгох шатыг
•Хүүхдийн хэл яриа бий болох хөгжлийн шат
•Үгийн нөөцтэй болж, өгүүлбэр зүйн дүрэм эзэмших шат
•Хэлний утга зүй олох чадвар бий болох мөн үг бүтээлгэх, үгийн болон хэлний зүйн таавар, зүйр цэцэн үгс, сургаал үгс, сонирхолтой болон танин мэдэхүйн агуулга бүхий эхүүдийг оруулсан дээрх хүүхдийн хэлний чадвар олгох эрдэмтэн судлаачдын гурван шаттай тохирч байгаа юм. Бид сургах номын агуулгадаа шүлэг, сургаал үг, зүйр цэцэн үг.оньсого, түргэн хэллэг, үлгэр зэрэг ардын аман зохиол нь 27,3%-ийг эзэлж байгаа нь хүүхдийн цээжлэх ой тогтоолтыг хөгжүүлэн, ухааруулан бодоход сургах уламжлалыг тусгасан. Too тоололд сургахын агуулгыг хөнгөнөөс хүндрүүлсэн дарааллаар тооны бүтэц, цифртэй танилцуулахаас эхлээд сонирхолтой гурвалжин, квадратыг бүтээх орхигдсон тоог олох, дүрсийн үсгийн тоон утгыг олох зэргээр хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх сонирхолтой бодлого таавар оруулсан. Бид монголын ард түмний олон мянган жилийн турш гэрээр үр хүүхдээ хүмүүжүүлэн сургаж ирсэн уламжлал, туршлага, арга барилыг судлан хүүхдийг бичиг үсэг, тоо тоололд сургах агуулга, арга зүйн талаар дараах үр дүн гарсан. Үүнд:
1.Зардал хямд, тусгай орчин шаардахгүй, цөөн хүүхэд суралцдаг, хүүхэд нэг бүрийн сонирхол, хэрэгцээ, чадварт тохируулан сургадгаас үр дүн сайн байв.
2.Цаг хугацаанд баригдахгүй, ажлын боломж чөлөө ашиглан сургалтыг боловсролтой хэн ч явуулах боломжтой.
3. Практикаас үзэхэд хөдөө айл өрхөд үр хүүхдээ сурахад гэр бүл хоёр хуваагдаж эцэг эхийн аль нэг сумын төвд өвөлждөгөөс өрхийн зардал хэрэглээ
хоёр дахин өсч эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй тусч байна. Энэ хүндрэл бэрхшээлээс гарах нэгэн арга болсон.
4. Гэрт нь хүүхдийг бичиг сэг, тоо тоололд сургах хөтөлбөрийг боловсруулж өөрөө болон бусад багш нараар туршуулсан үр дүнгээр уг хөтөлбөр нь хот хөдөөд хүүхдийг сургах бүрэн боломжтой нь нотлогдсон юм.