Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цөс чулуужих өвчний эмнэл зүй ба чулууны онцлогын зарим холбоо



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2252
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : Цөс чулуужих өвчин

Аннотаци

Нэг сэдэвт зохиол нь монгол хэл дээр бичигдсэн 134 хуудсанд багтсан, удиртгал, 4 бүлэг (хэвлэлийн тойм, судалгааны ажлын арга зүй, судалгааны ажлын үр дүн, хэлцэмж), хэлцэмж, дүгнэлт, зөвлөмж, 20 хүснэгт, 34 зураг , 281 ном зүйн жагсаалтаас бүрдэнэ. Цөс чулуужих өвчин (ЦЧӨ) хөгжингүй орнуудын эрүүл мэндийн салбарын гол асуудлын нэг болж байна. Сүүлийн үеийн дэлхийн тархвар зүйн судалгаагаар 5 эмэгтэй, 10 эрэгтэй тутмын нэг нь ЦЧӨ-өөр өвдөж байна [Marcus A, ба бусад 2000]. Эдүгээ АНУ-д 30 сая хүн ЦЧӨ-тэй, жил бүр
750.000 хүн цөсний хүүдий авах хагалгаа хийлгэж, 1 сая гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, эмчилгээний зардалд
10.5 тэрбум доллар зарцуулж байна гэж дурджээ [Nakeeb A, 2002; Shaffer EA, 2005]. Баруун Европын орнуудын хүн амын
5.9 -
21.9 хувь, АНУ-ын хүн амын 15-20 хувь нь энэ өвчинд нэрвэгдээд байна [Agrawal S, 2000; Acalovschi M, 2001]. Оросын Холбооны Улсад жил бүр 110 мянган хүн цөсний хүүдий авах хагалгаа хийлгэж байгаа бөгөөд ивэрхийн хагалгааны дараах байрт орж байна [Дадвани А. М, 2000]. Азийн улс орнуудаас өвчлөл ихтэй орны тоонд Тайван (
10.7 ), Энэтхэг (
6.1 ) тооцогдож байна [Chen CY, 1998]. Харин Сахарын Африк, Азийн орнуудад ЦЧӨ харьцангуй бага тохиолдож байгаа боловч сүүлийн үед ихэсч буйг тэмдэглэх болсон [Kim MH, 1999; Darko R, 2000; Bekele Z, 2002; Akute OO, 2002]. Сүүлийн 30 гаруй жилд анагаах ухааны практикт хэт авиан шинжилгээ өргөн нэвтэрсэнтэй уялдаатай ЦЧӨ-ий оношлогооны арга сайжирсан боловч төгс эмчилгээний арга нь мэс засал хэвээр байсаар байна [Bortoff GA., 2000]. Одоог хүртэл цөсний чулууг уусгах эмийн эмчилгээний арга төгс шийдэгдээгүй, цөсний чулууны нягтрал болон хэт авиан ямар шинжид тулгуурлан чулууны мэс заслын бус эмчилгээг сонгох асуудал маргаантай байсаар байна [Hessler PC, 1981; Kapoor BS, 1995; Schiff ER, 1999; Nunes D, 2002]. Монгол улсын Эрүүл Мэндийн Статистик Мэдээлэлийн Төвийн мэдээгээр сүүлийн 15 жилийн (1991-2005 он) хугацаанд манай улсад цөс чулуужих өвчин болон цөсний хүүдийн архаг үрэвсэлт өвчин
2.4 дахин, цөсний замын мэс ажилбарын тоо
5.2 дахин тус тус ихэссэн байна. Улсын Клиникийн Төв Эмнэлгийн (УКТЭ) дүн бүртгэлийн албаны мэдээгээр мөн хугацаанд цөсний хүүдий авах хагалгааны тоо
4.9 дахин ихэсчээ [Оюун Б, 2005]. Судлаач Б. Дагвадорж, С. Бадамжав, Л. Долгор нарын [1997] УКТЭ-ийн гастроэнтерологийн тасагт 1981-1994 онд хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн байдалд хийсэн судалгаанаас харахад 14 жилийн хугацаанд нийт 9198 хэвтэн эмчлүүлэгчдийн дунд цөсний замын өвчин 998 (
10.85%), судлаач Н. Туул, Ч. Мөнхцэцэг нарын 1994-2004 онд УКТЭ-ийн хоол боловсруулах эрхтний тасагт хэвтэн эмчлүүлсэн 12600 хүнд ЦЧӨ-ий тархалт
6.9%, Улсын Клиникийн II Нэгдсэн Эмнэлэгт 2006 онд хийлгэсэн цөсний хүүдий авах хагалгааны тоог 2002 онтой харьцуулахад 1.6 дахин ихэсчээ [Р. Байгаль, Ш. Мягмарсүрэн ба бусад 2007]. Манай оронд цөсний хүүдий, цөс дамжуулах замын хагалгаа нь хэвлийн хөндийн мэс заслын дотор мухар олгойн дараах байрыг эзэлж байна [Баяраа. Г 1999]. Судалгааны эдгээр тоо баримт нь сүүлийн жилүүдэд дотрын болон мэс заслын практикт цөсний хүүдийн эмгэг тэр дундаа ЦЧӨ-ий тохиолдол нэмэгдэж буй хандлагыг илтгэж байна. Манай оронд ЦЧӨ-ний эмнэл зүйн хэлбэр, өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс, чулууны найрлагын талаар судалсан судалгааны ажил хомс, xарин уг өвчний мэс заслын эмчилгээний талаар тодорхой үр дүнд хүрчээ. Улсын Клиникийн Төв Эмнэлгийн мэс заслын тасагт 1994-1997 онд цөсний хүүдий авах хагалгааг 1191 өвчтөний 962 (
80.7 ) уламжлалт аргаар, 218 (
18.3 ) дурангаар, 11 (
0.92 ) нь хавсарсан аргаар хийжээ [Нямхүү Г, 2000]. Мөн "ЦЧӨ-ий хавсарсан хагалгааны асуудалд" [Баяраа Г, 1999] болон "Оптимизация методов диагностики и хирургического лечения больных с осложненными формами желчнокаменной болезни в Монголии" сэдэвт судалгааны ажлууд хийгджээ [Батболд Б. 2004]. Дээр дурдсан нөхцөл байдлууд манай оронд ЦЧӨ-ий эмнэл зүйн хэлбэрийг тогтоох, өвчин үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, чулууны зарим найрлагыг судлах, чулууны төрлийг багажийн аргаар тодорхойлох асуудлыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатайг харуулж, бидний судалгааны ажлын зорилго зорилтыг тодорхойлж өглөө. Судалгааны зорилго: Цөс чулуужих өвчний эмнэл зүй ба чулууны онцлогийн зарим холбоог судлахад энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго оршино. Энэхүү судалгааны ажлын зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна. Судалгааны ажлын зорилтууд: 1. Насанд хүрэгчдийн цөс чулуужих өвчний эмнэл зүйн хэлбэрийг тогтоох, цөс чулуужихад нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох
2. Цөсний чулууны төрлийг хэт авиан ба компьютер томографийн шинжилгээгээр тодорхойлж, холестериний чулууг таних шалгуур тогтоох
3. Цөсний чулууны зарим найрлагыг тодорхойлох
4. Чулууны төрлийг цөсний хүүдийн эмгэг бүтэц зүй ба чулууны морфологи шинжтэй холбон судлах Судалгааны ажлын шинэлэг тал: - Монгол хүмүүст тохиолдож буй цөс чулуужих өвчний эмнэл зүйн хэлбэрийг ялган тогтоож, цөсний чулуу үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судалсан.
- Цөсний чулууны төрлийг хэт авиа болон компьютер томографаар тодорхойлж, эмээр уусах боломжтой чулууны шалгуурыг гаргасан.
- Монгол хүмүүсийн цөсний чулууны үндсэн найрлагыг шинжилгээний мэдрэг аргуудаар тодорхойллоо.
- Цөсний хүүдийн эмгэг судлалын онош нь чулууны төрөлтэй уялдаатай болохыг тогтоосон. Судалгааны ажлын практикийн ач холбогдол: - Цөс чулуужилтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулснаар чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, арга зүй гаргасан.
- Хэт авиан зураглал болон компьютер томографийн аргаар чулууны нягтралыг шинжлэн тогтоосноор, цөсний чулууны төрлийг танихад чухал ач холбогдолтой боллоо.
- Холестериний чулууг цөсний хүүдийн байрлал ба хэт авиан зураглалд түшиглэн эмээр уусгах саналыг дэвшүүллээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 357
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :