Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүний эрхэд суурилсан шинжлэн магадлах үйл ажиллагаа: онол, арга зүйн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3689
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : шинжлэх ухаан, шударга ёс, нотлох баримт, шалгуур, стандарт, эрүү шүүлт,

Аннотаци

Шинжлэн магадлах үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан хандлагаар тодорхойлж, ойлгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанч хандлага төлөвшсөнөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог хэлбэр болох “шүүхийн шинжилгээ” хүний эрхийн баталгаа болох зүй тогтолтой.
Монгол Улсад зөрчил шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг ашиглах, шинжээчийн дүгнэлтийг үнэлж буй үйл явцын өөрчлөлт, зүй тогтлыг илрүүлэх, улмаар шинжлэн магадлах үйл ажиллагааны ойлголт, зарчим, арга зүйн үндсийг хүний эрхэд суурилсан хандлагад нийцүүлэн тодорхойлж, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхэд баримтлах тусгай шалгуур боловсруулах нь энэхүү судалгааны ажлын зорилго байв.
Диссертаци нь удиртгал, 3 бүлэг, 9 дэд бүлэг (зүйл), ерөнхий дүгнэлт, эх сурвалжийн жагсаалт, хавсралтаас бүрдсэн ба “Хүний эрхэд суурилсан шинжлэн магадлах үйл ажиллагааны онолын асуудал” гэсэн I бүлэгт эрх зүйн шинжлэх ухаан, ялангуяа хүний эрхийн үзэл санааны үндэс болсон түүхэн бичмэл эх сурвалжуудад шинжлэн магадлах үйл ажиллагаатай шууд болон дам холбогдох зарчим, ойлголт байгаа эсэхийг судлав. Мөн зөрчил шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинжлэх ухаанч хандлагаар явуулах, ялангуяа тусгай мэдлэгийг зөв, үр дүнтэй ашиглах нь хүний эрхийн баталгааг хангах үндэс болно гэдгийг гаргаж тавьсан. Мөн тусгай мэдлэгийн онолын ойлголт, ангилал, шалгуурын талаар судалж, онолын хувьд зөрүүтэй үндсэн гурван асуудал байгааг нээн илрүүлж, судлаачийн хувьд тусгай мэдлэгийн тодорхойлолт өгсөн. Мөн тусгай мэдлэг ашиглан цуглуулсан нотлох баримтыг үнэлэхэд, тухайн хүний эзэмшсэн мэдлэг найдвартай, баталгаатай эсэхийг шалгах шалгуурыг боловсруулсан. Түүнчлэн шүүхийн шинжилгээ болон шүүхийн бус шинжилгээний арга зүй, технологийг боловсруулдаг энэхүү мэдлэгийн салбарыг “Шинжлэн магадлахуй” хэмээн нэрлэх үндэслэл, шаардлагыг гаргаж тавьсан. Шинжлэн магадлахуйн хөгжлийг соёл иргэншлийн онолын үүднээс эртний, дунд, шинэ гэсэн үечлэлд хуваан, мэдлэгийн бие даасан салбар болохынхоо хувьд түүхэн үеүдэд хэрхэн төлөвшиж ирсэн, онолын үзэл баримтлал хэрхэн бүрэлдсэн талаар судлав.
“Хүний эрхэд суурилсан шинжлэн магадлах үйл ажиллагааны эрх зүйн асуудал” гэсэн II бүлэгт процессын эрх зүйн хөгжлийн түүхэн цаг хугацаанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зүгээс шинжээчид хэрхэн хандаж, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхэд ямар зарчим баримталж байсан талаар судлав. Шинжээчид хандах хандлага, шинжилгээний зарчим болон шинжээчийн дүгнэлтийг үнэлэх зарчим нь шинжлэн магадлах үйл ажиллагааны шинж, мөн чанарыг тодорхойлдог тул эдгээр ойлголтыг нэг бүлэгт багтаан авч үзсэн болно. Мөн хүний эрхийн олон улсын гэрээ, конвеци, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан шинжилгээ хийж, дүгнэлт гаргахтай холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар судалгаа хийв. Шинжлэн магадлах үйл ажиллагааг хүний эрхийн ойлголттой холбон судалсан тул хүний эрхийн олон улсын бичиг баримтад судалгааг түлхүү хандуулсан болно.
“Хүний эрхэд суурилсан шинжлэн магадлах үйл ажиллагааны арга зүйн асуудал” гэсэн III бүлэгт шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтад тавьдаг ерөнхий шаардлагаас гадна тусгай шалгуураар үнэлэх онолын болон арга зүйн үндсийг судалж, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх тусгай шалгуурыг боловсруулсан. Шинжээчийн дүгнэлтийг тусгай шалгуураар үнэлэх нь уг нотлох баримтын эргэлзээгүй, үнэн, баталгаатай байх шаардлагыг нэмэгдүүлнэ. Энэ нь улмаар хүний эрхийг хангах баталгаа болно.
Түүнчлэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах нийтлэг арга зүйг боловсруулсан ба шинжээчийн дүгнэлт үнэн, эргэлзээгүй байх нэг шалгуур нь шинжилгээний үе, шат дотоод зөрчилгүй байх ёстой. Бүх төрлийн шинжилгээг хийхэд тогтсон үе, шатыг заавал мөрддөг. Үе, шат бүр тусгай зорилгыг агуулдаг тул шинжилгээгээр шийдвэрлэх гэж буй зорилтыг хангах үндэс болдог. Иймд энэ бүлэгт шинжилгээний үе, шат бүрт хийх ажиллагаа, анхаарах асуудлыг тусгасан. Шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаг шинжээч нарын эзэмшсэн мэргэжил, төгссөн сургалтын хөтөлбөрөөс хамаарч шинжлэн магадлахуйн мэдлэг, чадвар, хандлага харилцан адилгүй байгааг гаргаж тавьсан. Мөн шүүхийн бус шинжилгээний байгууллага (гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллага)-д ажилладаг шинжээчдийн гаргасан дүгнэлт зөрчил шалгах, захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар ашиглагдах хууль зүйн үндэслэл байгаа тул тэдэнд мөн адил шинжлэн магадлахуйн мэдлэг, чадвар олгох шаардлагатай болоод байна. Сургалттай холбоотой эдгээр асуудлыг шийдвэрлэх үүднээс шаталсан, тасралтгүй сургалтын тогтолцооны бүтэц, төслийг боловсруулсан.
Дүгнэлт хэсэгт судалгааны үр дүнд анализ хийж, зөрчил шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хангахын тулд шинжлэн магадлах үйл ажиллагаа буюу тусгай мэдлэг, шинжээчийн дүгнэлтийг зөв, үр дүнтэй ашиглах онол, арга зүйг боловсронгуй болгох чиглэлд гаргасан дүгнэлт, саналыг тусгасан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 295
Сүүлийн сард 15
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :