Монгол орны доод, дунд, дээд палеолитын үеийн дурсгалуудаас дээд палеолитын үеийн дурсгалын тоо хэмжээ, хамрах хүрээ их байна. Энэ нь дээд палеолитын үеийн хүн ам өсч, тархан суурьших болсонтой холбоотой болохыг тогтоох юм.
Дээд палеолитын эхэн үед Алтайн нурууны өмнөд хэсэгт хуурай сэрүүн уур амьсгалаас чийглэг дулаан уур амьсгалд шилжсэн, Хангайн бүсэд сэрүүн чийглэг уур амьсгалаас дулаан чийглэг уур амьсгалд, Хэнтийн бүсэд сэрүүн чийглэг уур амьсгалтай болох нь мэдэгдэж байна. Дээд палеолитын дунд, төгсгөл үед чийглэг дулаан уур амьсгал зонхилж хүний амьдрах орчин нөхцөлд тааламжтай байдлыг бий болгосон байна.
Монгол орны дээд палеолитын үеийг чулуун зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийн аргаар нь эхэн үе, дунд үе, төгсгөл үе хэмээн ангилан үзсэн ба эхэн үед леваллуагийн арга, залтас үйлдвэрлэх арга, дунд үед ялтас үйлдвэрлэл хөгжсөн бол төгсгөл үед ялтас үйлдвэрлэлийн арга боловсронгуй хөгжиж, даралт, шахалтын аргаар бичил ялтас цуулан авч хэрэглэх болсон нь нотлогдож байна.
Монгол оронд дунд палеолитоос дээд палеолитод шилжсэн шилжилтийн асуудлыг шийдвэрлэхэд леваллуагийн дурсгал, ялтасын хөгжлийг тодорхойлох дурсгал чухал юм. Монгол орны дурсгалаас Солонгосын хойг, Японы арал руу нүүдэллэн очсон хүмүүс Алтай, Сибирийн нутгаас уруудан нүүдэллэж ирсэн хэмээдэг судлаачдын үзэл баримтлалыг тодорхой болгон өгч байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0