Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголчуудын амьдралын чанарт хийсэн социологийн дүн шинжилгээ(1990 оноос хойшхи үе)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3434
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Ядуурал, амьжиргааны түвшин, асуудал, хэрэгцээ, амьдралын сэтгэл ханамж

Аннотаци

Нийгэм, эдийн засгийн шилжилтийн дараах нээлттэй, зах зээлийн нийгэмд амьдарч буй хүмүүсийн орчин нөхцөл, ахуй амьдрал, харилцаа хандлага, оршин ахуйн үнэлгээ болоод тулгамдаж буй асуудал, хэрэгцээ үлэмж өөрчлөгдлөө. Энэхүү өөрчлөлт хувь хүнээс гэр бүл, бүлгээс нийтлэг, цаашилбал, нийгмээс байгаль орчныг хамран өргөн цар хүрээтэй явагдаж байна. Нийгмийн өөрчлөлт, ахиц дэвшлийг нэгтгэн харуулах, хөгжил дэвшлийг тайлбарлах нэгэн түлхүүр ойлголт бол амьдралын чанар юм. Орчин үед улс орнууд нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшингээ хүн амын амьдралын чанарын өсөлтөөр илэрхийлэх болсон.Тухайн улс орны ард иргэдийн аюулгүй баталгаат байдал, нийгэм ахуйн хангамж, хэрэгцээ, хэрэглээний түвшин, сэтгэл ханамж, үнэлэмжээс өнөөгийн нийгмийн хөгжлийн төлөв байдал бүхэлдээ хамаарч байна. Амьдралын чанар бол улс орны хөгжлийн үндсэн илэрхийлэл болохын зэрэгцээ улс орнуудын хөгжлийн түвшинг харьцуулах нэгэн чухал үзүүлэлт болно. Иймд зах зээлийн нийгэм дэх Монголчуудын амьдралын чанарт гарч буй өөрчлөлтийг бусад улс орны амьдралын чанарыг илэрхийлсэн үзүүлэлт, судалсан туршлага, хэмжилт хийсэн аргачлалтай харьцуулан, судалгаа шинжилгээнд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ, дүгнэлт хийх нь хойшлуулшгүй чухал байна.
Судалгааны асуултууд
Судалгааны үндсэн зорилго дараах асуултад хариулт авахад чиглэсэн. Үүнд:
- Хүний амьдралын чанарыг хэмжиж болох эсэх, хэрэвзээ хэмжих бололцоотой бол хэрхэн хэмжих вэ?
- Амьдралын чанарыг хэмжиж буй олон улсын жишиг үзүүлэлтээр Монгол хүний амьдралын чанарыг хэмжиж болох уу?
- Монголчуудын амьдралын чанарыг хэмжих обьектив ба субьектив хүчин зүйлсийг хэрхэн тодорхойлж болох вэ?
- Шилжилтийн болон дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монголчууд амьдралын чанарын индес үзүүлэлтээр хаана, ямар байр эзэлж байна вэ?
- Зах зээлийн, ардчилсан нийгэмд шилжсэнээр Монголчуудын амьдралын чанарт зонхилон ямар өөрчлөлтүүд орсон бэ?
- Монголчуудын амьдралын чанарыг дээшлүүлэх боломж, арга замууд.
Ажлын зорилго, зорилт
Нийгэм, эдийн засгийн шилжилтийн дараах(1990 оноос хойшхи) Монголчуудын амьдралын чанарт гарч буй өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйл, төлөв хандлагыг социологийн үүднээс шинжлэн судлахыг үндсэн зорилго болгосон.
Амьдралын чанар хэмээх ойлголтын агуулга мөн чанарыг ижил төрлийн ойлголтуудтай харьцуулах замаар тодорхойлох, амьдралын чанарыг тайлбарласан үзэл хандлагуудыг нэгтгэн авч үзэх,
Монголчуудын амьдралын чанарт гарч буй өөрчлөлтийг анхдагч болон хоёрдогч эх сурвалжид тулгуурлан дүн шинжилгээ хийх, өөрчлөлтийн шалтгаан, нөхцлийг феноменологи болон позитив социологийн онол, хандлагаар авч үзэх, тайлбарлах,
Өнөөгийн Монголчуудын амьдралын чанарт нөлөөлж буй хүчин зүйлс, индекс үзүүлэлтийг тодорхойлох,
Монголчуудын амьдралын чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг загварчлах, хэтийн төлөв хандлагыг тооцоолох, үнэлэх
Хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх төрийн бодлогын арга хэрэгсэл, боломж нөхцлийг эрэлхийлэхэд тус ажлын зорилт оршино.
Судалгааны онол, арга зүй
Судалгааны онолын хувьд позитив болон феноменологи социологийн онол, арга зүйн хандлагуудад тулгуурласан болно. Харин судалгааны мэдээллийг тоон ба чанарын судалгааны аргуудад тулгуурлан цуглуулсан. Үүнд статистик материал, баримт бичгийн судалгаа, мэдээлэл цуглуулах санал асуулгын арга, амьдралын түүхийн судалгааны аргуудыг тус тус ашигласан. Амьдралын чанарын өөрчлөлт, онцлогийг амьдралын түүхийн судалгаанд тулгуурлан гаргасан. Харин индекс тооцоолол, харьцуулалт дүн шинжилгээг санал асуулгын үр дүнд тулгуурлан хийсэн болно. Тус ажилд 2009[n=1120], 2012[n=722], 2014[n=2610], 2015[n=900] оны МУИС-ийн “Нийгмийн шинэчлэл, өөрчлөлт” суурь судалгааны дүн, 2013[n=2041] оны зохиогчийн бие даасан судалгааны дүнг тус тус ашигласан болно.
Судалгааны шинэлэг тал
Монгол хүний амьдралын чанарыг хэмжих шалгуур үзүүлэлт, индексийг шинээр боловсруулж, үр дүнд тулгуурлан Монголчуудын амьдралын чанарт гарч буй өөрчлөлт, ахиц дэвшлийг тодорхойлсон явдал бол энэхүү ажлын шинэлэг тал мөн. Энэхүү ажил үндсэн дөрвөн зүйлд төвлөрч хийгдсэн.
• Нэгд, амьдралын чанарыг хэмжих аргачлал, үр дүнг тодорхойлох
• Хоёрт, Монголчуудын амьдралын чанарт гарч буй өөрчлөлтийг судлах
• Гуравт, Монголчуудын өнөөгийн амьдралын чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг шинжлэх
• Дөрөвт, Хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх асуудлыг төрийн бодлогод тусгах
Шинжлэх ухаан, практикийн ач холбогдол
Судлаач амьдралын чанарыг Монгол орны соёл, уламжлал онцлогт тулгуурлан тодорхойлсон бөгөөд энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан амьдралын чанарын хэмжилтийн үр дүнг дэлхийн бусад улс орнуудтай харьцуулах, нийгмийн хөгжлийн хяналт, үнэлгээний аргачлал хэрэглэгдэхүүн болгон ашиглах болно. Мөн Хүн амын амьдралын чанарыг сайжруулах аргачлал, саналуудыг төрийн бодлого, үйл ажиллагаанд тусган, хэрэгжүүлэх боломжтой.
Үндсэн үр дүн, дүгнэлт
Монголчуудын амьдралын чанарт байгаль орчны уур амьсгалын нөхцөл, амьдралын хэрэгцээ хангагдах байдал, түүнтэй шууд уялдах хүн амын сэтгэл ханамж зонхилон нөлөөлсөн байна.
Амьдралын чанарыг санал болгож буй аргачлалын дагуу хэмжиж үзэхэд өнөөгийн Монголчуудын амьдралын чанар
3.48 буюу дунджаас дээгүүр байранд, харин олон улсын түгээмэл аргачлалаар авч үзэхэд
6.96 буюу нийт улс орнуудтай харьцуулахад 105-р байранд, шилжилтийн улс орнуудтай харьцуулахад эхнээсээ 10-рт тус тус байр эзэлж байна.
Хүн амын амьдралын чанарыг хангах тухай бодлого, эдийн засаг, нийгэм, орчны шинжилгээнээс үзэхэд Монгол Улсын төр засгийн бодлого, үйл ажиллагаа ирээдүйгээс ямагт хоцорсон, нэгэнт болох үйл явдлыг угтаж хараагүй, үзэгдэл үйл явцыг болоод өнгөрсний дараа авч хэрэгжүүлэх байдлаар явж иржээ. Уг шинжилгээнээс үзэхүл, хүн амын насны бүлэг тус бүрийн онцлог, хэрэгцээг тусгасан амьдралын чанарыг сайжруулах, дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болох нь харагдаж байна.
Энэхүү ажлын агуулгаар 2005-2016 оны хугацаанд суурь судалгаа-3, судалгааны өгүүлэл, тайлан 10, нэгэн сэдэвт судалгаа 8-г тус тус хэвлүүлж, эрдэм шинжилгээний бага хуралд 5 илтгэл тавьж оролцсон байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 282
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :