Түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон «Монгол улсын тувачууд (түүх-угсаатны зүйн судалгаа)» сэдэвт ажилд Монгол угсаатны, тэр дундаа Ойрад монголчуудын нэгэн салшгүй хэсэг болох Алтайн тувачуудын угсаа түүх, уламжлалт ахуй, соёлын талаар түүхэн сурвалж, судалгааны зохиол, угсаатны зүйн хээрийн шинжилгээнд тулгуурлан хөндсөн. Эхний бүлэгт тувачуудын өвөг дээдэс болох Хятадын Сүй (581-618) болон Тан (618-907) улсын үеийн сурвалжуудад тэмдэглэгдсэн дубо хэмээх аймаг, Монголын Нууц Товчоонд тэмдэглэгдсэн тубас хэмээх аймаг болон тэдний гарлын талаархи судлаачдын үзэл баримтлал, Тува, Мончоого, Урианхай, Соён, Дива, Тыва гэх зэрэг тэдний нэршлийн тухай, Манжийн эрхшээлийн үеийн Алтайн урианхайн долоон хошууны буюу засаг захиргааны зохион байгуулалт, овгийн бүрэлдэхүүний тухай өгүүлэв. Хоёрдугаар бүлэгт мал аж ахуй, ан гөрөө, тариалан зэрэг эрхлэх аж ахуйн онцлог, гуравдугаар бүлэгт гэр, орон сууц, хоол унд, хувцас гоёл чимэглэл, гэр зуурын үйлдвэрлэл зэрэг эдийн соёлын тухай, дөрөвдүгээр бүлэгт цагаан сар, сурын харваа зэрэг уламжлалт баяр цэнгэл, тоглоом наадгай, хуримын зан үйл, галын шүтлэг, овоо тахилга, бурхны шашин зэрэг шүтлэг бишрэл, ардын дуу, хөгжим, аман зохиолын талаар тус тус өгүүлсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 8
Ишлэгдсэн тоо : 0