Эрс тэс уур амьсгалтай Монгол орон байгалийн гамшгийн эрсдэл ихтэй, эмзэг бүс нутагт оршдог. Түүхэн баримтаас үзэхэд манай улсын нутаг дэвсгэр бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар өнө эртнээс байгалийн гамшигт нэрвэгдсээр иржээ.
Дэлхий нийтэд түгээмэл тохиолддог байгалийн 20 гаруй аюулт үзэгдлээс манай оронд элсэн болон шороон шуурга, аянга, мөндөр, хүйтэн болон аадар бороо, үер, их цас, цасан шуурга, ой, хээрийн түймэр, ган, хэт халалт, хүйтрэл зэрэг 10 гаруй үзэгдэл байгалийн бүсийн өвөрмөц онцлогоос шалтгаалан байнга тохиолддог. Үүнээс гадна суурин соёл иргэншилтэй аль ч оронд байдаггүй зөвхөн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг улс оронд тохиолддог зуд монгол орны хувьд уламжлалт байгалийн аюулт үзэгдэл билээ.
Дэлхий дахины өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болж, учруулах хор хөнөөл, давтамж, хүрээ, далайц нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах нь улс орны тогтвортой хөгжлийг хангахад чухал болохыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, энэ талаар улс орнууд хамтарсан хүчин чармайлт гаргахын зэрэгцээ улс бүр гамшгаас хамгаалах хууль эрхзүйн орчноо сайжруулах, бүтэц, зохион байгуулалтаа боловсронгуй болгох, хүчин чадавхаа бэхжүүлэх зэргээр байгалийн гамшгийн аюулаас учрах хохирлыг багасгах бололцоотой бүх талын арга хэмжээ авч ажиллахын ач холбогдлыг тодорхойлсон байна.
Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцооны элементүүдийн цогцын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагаа байх учраас гамшгаас хамгаалах бодлогын тогтолцоо, хууль эрхзүйн орчин, үйл ажиллагааны өнөөгийн байдал зэргийг судлан эдийн засаг, нийгэм, хүрээлэн байгаа орчинд мэдэгдэхүйц занал учруулж буй байгалийн гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүдийг бууруулах арга замыг тодорхойлох шаардлага амьдралаас урган гарч байна. Энэ бүхэн нь уг сэдвийг сонгон авч судалгаа хийх үндэслэл болж байна.
Судалгааны ажлын зорилго:
Монгол оронд тохиолддог байгалийн гамшгийн Үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөө, эрсдэлийг нэмэгдүүлж буй хүчин зүйлүүдийг судалж, тэдгээрийг бууруулах арга замыг тодорхойлж, санал, зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны ажлын зорилтууд:
1. Монгол оронд тохиолддог байгалийн аюулт үзэгдлүүдэд шинжилгээ хийх.
2. Байгалийн гамшгийн Үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөө, түүний эрсдэлийг нэмэгдүүлж буй хүчин зүйлүүдийг үнэлэх.
3. Үндэсний аюулгүй байдалд үзүүлэх байгалийн гамшгийн нөлөө, түүний эрсдэлийг нэмэгдүүлж буй хүчин зүйлүүдийг бууруулах арга замыг тодорхойлох, санал, зөвлөмж боловсруулах.
Судалгааны ажлын шинэлэг тал:
1.Үндэсний аюулгүй байдалд байгалийн гамшгийн үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах асуудлын хүрээнд цэргийн ухааны докторын түвшинд хийгдэж байгаа анхны судалгааны ажил юм.
2. Үндэсний аюулгүй байдалд байгалийн гамшгийн үзүүлэх нөлөө, хүчин зүйлүүдийн үнэлгээний онол-аргазүйн үндэслэлийг боловсруулсан.
3. Монгол оронд байгалийн гамшигтай тэмцэх бодлого, эрхзүйн орчин, үйл ажиллагааны өнөөгийн байдалд задлан шинжилгээ хийж, тэдгээрийг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.
Диссертацын бүтэц, түүний үндсэн агуулга:
“Үндэсний аюулгүй байдалд байгалийн гамшгийн үзүүлэх нөлөө, хүчин зүйлүүдийн үнэлгээний онол-аргазүй” хэмээх нэгдүгээр бүлэгт үндэсний аюулгүй байдлыг хангахад гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагааны оролцоог тогтолцооны хандлага дээр тулгуурлан математик илэрхийллээр томьёолж, түүнд суурилсан онол-аргазүйгээр үндэсний аюулгүй байдлыг хангах гамшгаас хамгаалах үйл ажиллагааны тогтолцоо болон үндэсний аюулгүй байдалд байгалийн гамшгийн үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах онол-аргазүйн механизмын математик илэрхийллийг боловсруулж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах гамшгаас хамгаалах бодлогын орчин, үйл ажиллагааны цогцын өнөөгийн байдлын дүн шинжилгээ хийх чиглэлүүдийг тодорхойлсон.
“Монгол оронд тохиолддог байгалийн гамшиг, түүнтэй тэмцэж байгаа өнөөгийн байдлын судалгаа” хэмээх хоёрдугаар бүлэгт манай оронд түгээмэл тохиолддог байгалийн аюулт үзэгдлүүдийг дэлхий даяар болж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй холбон шинжилсний үндсэн дээр нэгдүгээр бүлэгт боловсруулсан онол-аргазүйгээ ашиглан гамшигтай тэмцэж байгаа өнөөгийн байдлын эрхзүйн орчин, гамшгаас хамгаалах бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгслийн чадавх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны байдалд дүн шинжилгээ хийж, сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлсон.
“Үндэсний аюулгүй байдалд байгалийн гамшгийн үзүүлэх сөрөг нөлөөг нэмэгдүүлж буй хүчин зүйлүүдийг бууруулах арга зам” хэмээх гуравдугаар бүлэгт нэг ба хоёрдугаар бүлэгт хийсэн судалгааны үр дүнд үндэслэн байгалийн гамшгаас хамгаалах эрхзүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн болон гамшгаас хамгаалах үйл ажиллагааг боловсронгуй болгох арга замын талаар санал, зөвлөмж боловсруулж, үндэслэлийг нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаатай холбон гаргасан болно.
Үр дүн:
Судалгааны ажлын зорилго, зорилтын хүрээнд ҮАБ-д байгалийн гамшгийн үзүүлэх нөлөө, хүчин зүйлүүдийн үнэлгээний онол-аргазүйн үндэслэлийг боловсруулж, ҮАБ-ыг хангах үйл ажиллагааны тогтолцооны элементүүдийн цогцын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болох гамшгаас хамгаалах бодлого, хууль эрхзүйн орчин, үйл ажиллагааны өнөөгийн байдалд судалгаа хийж, байгалийн гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүдийг бууруулах арга замыг тодорхойлж, онол, практикийн дүгнэлт, санал, зөвлөмжийг боловсруулсан нь судалгааны ажлын гол үр дүн болов.
Санал, зөвлөмжүүд нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн зарим заалтын агуулга, томьёоллыг шинэчлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, түүнийг зохион байгуулах үүрэг бүхий Онцгой байдлын ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалт болон Монгол Улсын гамшгаас хамгаалахын удирдлага, зохион байгуулалтын бүтцийн тогтолцооны загвар, гамшгаас хамгаалахын бэлэн байдлын тогтолцоо, төлөвлөгөөний бүтэц, агуулга зэргийг боловсронгуй болгоход чиглэгдсэнээрээ практикийн чухал ач холбогдолтой юм.