Энэхүү судалгааны ажил нь удиртгал хэсэг, 32 хүснэгт, 40 зураг бүхий гурван бүлэг, зургаан зүйл, дүгнэлт санал, ном зүй гэсэн 108 хуудас, 10 хавсралтаас бүрднэ.
Хуваарилалтын сувгийн тогтолцоог бүрдүүлэх онол, арга зүй гэсэн эхний бүлэгт хуваарилалтын сувгийн тогтолцооны онол, арга зүйг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдийн бүтээлүүдийг шинжлэх ухааны үүднээс нэгтгэн дүгнэж, онолын үндэслэлийг гаргасан ба Монгол орны нөхцөлд макро түвшинд сүүний хуваарилалтын сувгийн тогтолцоог бүрдүүлэх таван үе шаттай хувилбарыг боловсруулсан юм. Мөн сүү цуглуулж, бэлтгэх хуваарилалтын сувгийн тогтолцоог бүрдүүлж буй гадаад орнуудын туршлагыг судалж, тэдгээрээс өөрийн санал болгож буй хуваарилалтын сувгийн тогтолцооны хувилбарт тусгав.
Монгол улсын сүүний хуваарилалтын сувгийн тогтолцооны өнөөгийн төлөв байдал гэсэн хоёрдугаар бүлэгт сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн багтаамжийг хоёр хувилбараар тооцож, Улаанбаатар хотын айл өрхийн сүүний хэрэглээг судалж, Монгол улсын сүүний зах зээлийн эрэлт, хэрэглээнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон. Судалгааны ажлын энэ хэсэгт бүс, аймаг, сум тус бүрээр таван төрлийн малын сүүний нөөцийг хоёр хувилбараар тооцож, малчид фермерүүдээс авсан анхдагч судалгааны үр дүн, хоёрдогч мэдээллүүдэд үндэслэн сүүний хуваарилалтын сувгийн өнөөгийн тогтолцоог судаллаа. Сүү үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээг хийж, малчид фермерүүдийн сүү бэлтгэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлов. Эдгээр тооцоо, судалгааны үндсэн дээр Монгол улсын сүүний үйлдвэрлэл, хуваарилалтын өнөөгийн байдлын ерөнхий дүр зургийг гаргасан.
Монгол орны сүүний хуваарилалтын сувгийн тогтолцоог оновчтой бүрдүүлэх арга зам гэсэн гуравдугаар бүлэгт сүүний хуваарилалтын сувгийн шинэ хувилбарыг санал болгож, хуурай сүүний үйлдвэрийн байршлын боломжит хувилбарыг нийлүүлэлтийн сүлжээний шугаман программчлалын бодлогын тусламжтайгаар тооцож, үйлдвэрт ойролцоох сумдаас нийлүүлэх сүүний оновчтой хэмжээг тооцох тээврийн бодлогыг бодож, сувгийн тогтолцоог бүрдүүлэхэд төр, хувийн хэвшил, олон нийтийн болон эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаа, оролцоог тодорхойлсон. Дүгнэлт, санал хэсэгт хийсэн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж, өөрийн санал, зөвлөмжийг дэвшүүллээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0