Монгол хэл дээр: Судалгааны ажил нь “Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргын онол арга зүйн зарим үндэс” гэсэн нэгдүгээр бүлэг, “ Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргын хэрэглээг оновчилж, үр дүнг өсгөх боломж” гэсэн хоёрдугаар бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт, З5 хүснэгт, 20 график, 6 зурагаас бүтсэн ба нийт 128 хуудас хэмжээтэй.
Эдүгээ сургалтын зорилго суралцагчдын сэтгэн бодохуйг хөгжүүлэх, тэдэнд сэтгэлгээний соёл төлөвшүүлэхэд чиглэгдэх болсон. Нөгөө талаас “Сурган хүмүүжүүлэх ухааны зорилт ядаж эхний шатандаа боловч сэтгэн бодож байгаа хүүхдийг сайн сэтгэгч болгон өөрчлөхөд байгаа ” аж. Энэхүү өнөө цагийн сургалтын зорилго хийгээд ерөөсөө сурган хүмүүжүүлэх ухааны зорилтыг хэрэгжүүлэхийн тулд “Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх сургалтын арга” – ыг судлах, турших замаар эзэмшиж хэрэглэх шаардлагатай. Энэ нь уг сэдвийг судлах эхний үндэслэл болж байна.
Хоёрдугаарт, бүтээлч сэтгэлгээ нь хүнд ус, агаар шиг хэрэгтэй зүйл юм. Бүтээлч сэтгэлгээний үр дүнд нэгд, суралцагчид ардчилсан, нээлттэй нийгмийн ёс суртахуунд суралцдаг. Өөрөөр хэлбэл бүтээлчээр сэтгэж буй хүн хэзээ ч ёс суртахуунгүй үйлдэл хийдэггүй байна. Учир нь бүтээлч сэтгэлгээ нь тунгаан бодох чадвар юм. Иймд ёс суртахуунгүй үйлдэл бол сэтгэлгээний чадвар дутсантай холбоотой бөгөөд түүнээс ангижрах арга зам нь бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх явдал юм.
Нөгөө талаар гагцхүү бүтээлч сэтгэлгээний үр дүнд ардчилсан, нээлттэй нийгэмд амьдарч буй хүн бүхний зайлшгүй эзэмшвэл зохих чадварууд төлөвшдөг. Бусдаас сурах, бусдын мэдлэг туршлагаар өөрийгөө сэлбэх, бусадтай харилцах, ойлголцох, хамтран ажиллах, ухаалгаар тунгаан бодох гэх мэтчилэн хүнд амьдралын нь туршид, алхам тутамд нь байнга шаардагдаж байдаг чадварууд бүтээлч сэтгэлгээний үр дүнд төлөвшдөг. Түүнчлэн хүнд насан туршид нь өдөр тутам, цаг тутам өөрийн үзэл бодлоо амаар болон бичгээр илэрхийлэх, бусдыг сонсох, бусдаас суралцах, бие даан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, нөхцөл байдалд шүүмжлэлтэйгээр дүн шинжилгээ хийх, хувилбарт сонголтуудыг жиших, хариуцлага хүлээх зэрэг янз бүрийн хэрэгцээ үүсч, тэрхүү хэрэгцээгээ хангах чадвар шаардагдаж байдаг байна. Тэрхүү өсвөр үе, залуучуудад амьдралын нь туршид алхам тутамд нь байнга шаардагдаж байдаг чадваруудыг гагцхүү тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх замаар эзэмшүүлэх боломжтой ажээ. Энэ нь уг сэдвийг судлах бас нэг үндэслэл болж байна.
Гуравдугаарт, Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх сургалтын арга 1970- аад онд АНУ-д боловсрогдон сургалтын практикт туршигдаж эхэлсэн билээ. Гэвч манай орны сургалтад уг арга Монголын нээлттэй нийгэм хүрээлэн (Соросын сан ) - гээс 1997-1999 онд хэрэгжүүлсэн “Сургалтын агуулгыг бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх замаар хэрэгжүүлэх нь” төсөл болон яг тэр үеийн боловсролын салбарт хэрэгжсэн бусад төсөл, хөтөлбөрөөр дамжин танилцуулагдаж, сургалтын практикт нэвтэрч эхэлсэн билээ.
Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргыг ерөнхий боловсролын дунд сургуулийн Нийгмийн ухааны хичээлд хэрэглэж буй байдал, түүний үр дүнг судалж, ололтыг нь бататгаж, алдаа дутагдлыг нь засах туршилт судалгаа хийсний эцэст дараах дүгнэлтэд хүрлээ.Үүнд:
1. Бүтээлч сэтгэлгээ гэдэг нь аливаа эх сурвалжаас олж авсан, ажиглаж мэдсэн, туршиж таньсан, мэдээллийг идэвхитэйгээр, чадварлагаар утгачлан ойлгох, хүлээн авах, хэрэглэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх сэтгэлгээний цогц үйл ажиллагаа юм. Бүтээлч сэтгэлгээ нь утгачлан ойлгох, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх тайлбарлах, зэрэг оюуны үйл ажиллагааны чадвар юм. Бүтээлч сэтгэлгээ нь сурах үйл явцын бүтээгдэхүүн юм.
2. Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргыг зорилгоор нь “Бүтээлчээр унших чадвар төлөвшүүлэх аргууд, “Бүтээлчээр бичих чадвар төлөвшүүлэх аргууд”, үүргээр нь үндсэн, туслах, нөлөө үр дүнгээр нь Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бүлэглэх чадвар төлөвшүүлэх аргууд, Үндэслэлүүдийн учир холбогдлыг олох чадварыг хөгжүүлэх арга, Бие даан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх арга, Өөрийгөө болон бусдыг үнэлэх чадварыг хөгжүүлэх арга гэх мэтээр ангилж болно.
3. Тандалт судалгаанаас үзэхэд манай багш нар уламжлалт сургалтын аргыг өдөр тутмын хичээлд өргөн хэрэглэдэг, түүх нийгмийн ухааны хичээлд хамгийн тохиромжтой арга хэмээн шүтсэн хэвээр байна. “Та өдөр тутмын хичээлдээ ашигладаг, хамгийн өргөн хэрэглэдэг сургалтын арга”- аасаа нэрлэн бичнэ үү гэсэн асуултад судалгаанд хамрагдсан 44 багш бүгдээрээ лекц гэж хариулснаас гадна хамгийн өргөн хэрэглээтэй эхний 5 аргад лекц, тайлбар яриа, дасгал ажил, үзүүлэн таниулах, insert гэсэн аргууд нэрлэгдсэн байна.
4. Судалгаанд хамрагдсан багш нар бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргын талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй боловч, хэрэглээ нь хязгаарлагдмал байна Тэд бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргуудаас мэтгэлцээн, эсээ, insert, kwl, шоо хэрэглэх зэрэг аргуудыг мэддэг боловч insert, kwl гэх мэт цөөхөн аргын зарим нэг элементийг нь хэрэглэж байна.
Энэ нь дараах шалтгаануудтай холбоотой бололтой.1. Юуны өмнө манай багш нар хичээлийнхээ агуулгад гол ач холбогдол өгч, мэдээлэл дамжуулахыг чухалчилсан байр суурьтай хэвээр байна.
2. Багшийн ажил болон сурагчдын амжилтыг үнэлдэг сургууль болон төрийн орон нутгийн болоод захиргааны төв байгууллагаас явуулдаг аливаа шалгалт зөвхөн сурагчдын мэдлэг шалгадаг.
3. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргыг бүрэн судлаагүйн улмаас аргын бүтэц, үе шатуудыг мэддэггүй, баримталдаггүй, арга, барилыг ялгахгүй байх, буруу нэрлэх, хэлбэрдэх зэрэг алдаа гаргаж байна.
5. Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргыг багш нарын хэрэгцээ болгохын тулд тэдний ажлын үнэлгээ, урамшууллын системийг өөрчлөх хэрэгтэй байна.
6. Туршилт судалгааны үр дүнд үндэслэн бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх сургалтын аргыг багш судлах, бас дахин дахин турших замаар өөрийн болгон эзэмших, тухайн аргын 3 үе шатыг баримтлан, үе, шат бүхний зорилгыг хангаж, хичээл бүр дээр тогтмол хэрэглэвэл суралцагчдын сэтгэлгээнд ахиц өөрчлөлт гарна гэж үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0