Үндэслэл
Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулж байдаг цөөхөн гамшгийн нэг нь газар хөдлөлт юм. ХХ зуунд газар хөдлөлтийн гамшгаас болж 1.6 сая хүн амь насаа алдаж, олон тэрбумаар хэмжигдэх эдийн засгийн хохирол учирч байсан байна. Хотжилт, хүн амын нягтралтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тохиолдсон газар хөдлөлт улам их хор хохирлыг дагуулж байна. Иймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх,бэлэн байдлыг хангах, ялангуяа эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, иргэдийн анхны тусламжийн мэдлэгийг сайжруулах асуудал өнөөгийн тулгамдсан асуудал болоод байгаа ба энэ талаар хийсэн судалгаа хомс байна.
Судалгааны ажлын зорилго
Газар хөдлөлтийн гамшгийн үед Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний бэлэн байдлыг үнэлэн, анхны тусламж үзүүлэх болон аюулгүй ажиллагааны талаархи иргэдийн мэдлэгийг тодорхойлж эрүүл мэндийн байгууллага, иргэдийн гамшгийн үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг сайжруулахад энэхүү судалгааны зорилго оршино.
Материал ба арга зүй
Судалгаанд Нийслэлийн 30 эрүүл мэндийн байгууллага, 84 Өрхийн эрүүл мэндийн төвийг хамруулсан нь Улсын эмнэлгийн 81 хувь, Өрхийн эрүүл мэндийн төвийн 67,7 хувийг хамарч байгаа болно.
Иргэдийг судалгаанд хамруулахдаа Нийслэлийн 6 дүүргийн иргэдээс санамсаргүй түүврийн аргаар 1170 сонгон авсан.
Судалгааны мэдээ материалыг цуглуулахдаа тоон ба чанарын аргуудыг ашигласан ба SPSS
17.0 программаар статистик боловсруулалтыг хийж p утга
0.05-аас бага байх тохиолдолд ялгааг статистикийн хувьд үнэн магадтай гэж үзлээ.
Судалгаа ажлын үр дүн
Судалгаанд хамрагдсан 2,3-р шатлалын эмнэлгүүдийн барилгын 83,3 хувь (25) нь тоосго ба чулуугаар баригдсан, 36,7 хувь (11) нь эмнэлгийн зориулалтын бус , 43,3 хувь нь 21-57 жил ашиглагдсан бөгөөд бүх эмнэлэг 100 хувь эрсдлийн үнэлгээ хийлгээгүй байна .
Тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг судлахад нийт эмнэлгийн 20 хувь нь тэргэнцэр байхгүй, 10 хувь нь дамнуурга байхгүй, 6,7 хувь нь тээвэрлэлтийн чиг шин байхгүй, 30 хувь нь гамшгийн үед нэмж дэлгэх нөөц оргүй, 65 хувь нь цус, цусан бүтээгдэхүүний нөөц огт байхгүй, 73,3 хувь (22) нь усны , 26,7 хувь (8) нь цахилгааны нэмэлт эх үүсвэр байхгүй байгаа нь газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон нөхцөлд эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг хангах боломжгүйг харуулж байна.
Судалгаанд оролцсон нийт эрүүл мэндийн байгууллагуудын 83,3 хувь (25) нь бэлэн байдлын сургалт хийдэг хэдий ч 53,3 хувь нь санхүүжилт олгодоггүй байна.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 85,7 хувь нь газар хөдлөлтийн үеийн гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийсэн, 98,8 хувь нь зарлан дуудах схемтэй, 96,4 хувь нь хүн амын байршлын зурагтай, 40,5 хувь нь нь эмнэлэг дэлгэх байршлын зурагтай , 48,1-59,3 хувь нь 1 сарын хугацаанд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй, 53,8 хувь нь мөн хугацаанд хэрэглэх ариутгалын бодисын нөөцтэй, 100 хувь Эмнэлгийн барилгад эрсдлийн үнэлгээ хийлгээгүй байгаа бөгөөд зөвхөн 19 хувь нь нөөц майхантай байна.
Судалгаанд оролцсон иргэдийн газар хөдлөлтийн талаархи ерөнхий ойлголтыг үнэлэхэд 51,5- 61,5 хувь нь сайн үнэлгээ авсан боловч
39.9 хувь нь Нийслэл, газар хөдлөлтийн ямар бүсэд хамрагддаг талаар мэдэхгүй, 44,6 хувь нь орон байраа сонгохдоо газар хөдлөлтийн эрсдлийг тооцдог байна.
Газар хөдлөлтийн гамшгийн үед зонхилон тохиолддог бэртэл гэмтэл, эмгэгүүдийн үед иргэдийн өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэгийг үнэлсэн асуултанд нийт оролцогчдын 56-70 хувь нь зөв хариулсан байна. Зөв хариултыг иргэдийн боловсролтой харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байна(P-
0.02).
Судалгаанд оролцогчидын 65,56 хувь нь газар хөдлөлтийн гамшгийн талаархи мэдээллийг телевиз радиогоос авдаг бол 6,3-9,5 хувь нь мэдээллийг огт авч байгаагүй байна. Мэдээллийн хэрэгцээний хувьд нийт оролцогчдын 26-27 хувь нь өөрийгөө хамгаалах, 42-57 хувь нь анхны тусламжийн, 15-29 хувь нь гамшгийн эрсдлийг бууруулах талаар мэдлэгтэй болмоор байна гэж тус тус хариулсан бөгөөд 40,2 хувь нь нийтийг хамарсан сургалт сурталчилгаа үр дүнтэй гэж үзжээ.
Дүгнэлт
1. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн барилгын
83.3 хувь нь тоосгоор баригдсан, 100% эрсдлийн үнэлгээ хийлгээгүй, 36,7 хувь нь зориулалтын бус байранд байна. Нийслэлийн эмнэлгүүдийн ус, цахилгаан, эм, эмнэлгийн хэрэгсэл, цусны нөөц болон нэмэлтээр дэлгэх ор, ялангуяа гэмтлийн үед хэрэглэх чиг хангалтгүй байна. Эдгээр нөхцөл байдал нь газар хөдлөлтийн гамшгийн үед учирч болох эрсдэлийг нэмэгдүүлэх магадлал өндөр байна.
2. Нийслэлийн ЭМБ-уудын 60 хувь нь гамшиг онцгой байдлын төлөвлөлт нь бусад байгууллагатай уялдаа холбоогүй, 33,3 хувь нь байгууллага орхин гарах төлөвлөгөөгүй, 43,3 хувь нь хээрийн эмнэлэг дэлгэх боломжгүй, 80-95 хувь нь утаа мэдрэх төхөөрөмжгүй, санхүүжилтгүйн улмаас сургалт үр дүн муутай болдог зэрэг нь гамшгийн үед ажиллах чадавхи сул, бэлэн байдал хангалтгүй байгааг харуулж байна.
3. Нийслэлийн иргэдийн газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны мэдлэг (54,3 хувь) болон анхны тусламжийг үзүүлэх мэдлэг (63,8 хувь) байгаа нь энэ талын мэдлэг олгох сургалт хэрэгтэйг харуулж байна.
4. Судалгаанд оролцогчдоос газар хөдлөлтийн гамшгийн талаархи мэдээлэл авдаг гол эх сурвалжийг үнэлэхэд, тэдний дийлэнх (65,5 хувь) нь телевиз, радиогоос мэдээллийг авдаг, 77,9 хувь нь цэцэрлэг, сургуулиас нь эхлэн сургалт явуулах хэрэгтэй гэж хариулсан ба 42-57 хувь нь анхны тусламжийн талаар мэдээлэл авах сонирхолтой байгааг цаашид боловсруулах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа анхаарах хэрэгтэйг харуулж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0