Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ойрад ардын дууны шүлгийн хэл соёлын судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2306
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Соёл, дуу, сэтгэлгээ, бадаг, угсаатан, аялгуу,

Аннотаци

Бидний судалгааны ажил удиртгал, үндсэн гурван бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн бүтэц бүхий болно. Хайр сэтгэлийн тухай сэтгэлгээний онцлог хэд хэдэн өвөрмөц байгааг тэмдэглэе. Үүнд: харь хол газар, хадамд очсон охин үр төрүүлсэн ээж аав, төрсөн газар нутгаа дурсан санагалзаж, тэдэнтэйгээ учран золгохын хүсэл мөрөөсөлд автан суугааг өгүүлсэн дуу түгээмэл байна. Ойрадын хуримын эртний ёсоор хадамд очсон охин гурван жилийн турш эцэг эхдээ ирж, уулзан золгох учиргүй байдаг нь тухайн дуунд ийм утга санаа, өгүүлэмж голлох байдалтай гардаг нэг учир шалтгаан хэмээн үзэж болмоор байна. Нөгөөтэйгүүр, удам угшлаа цэвэр цэгээн залгамжлах хэмээсэн монголчуудын уламжлалт ариун ёс, соёлын үүднээс бэр авахдаа аль болох алс хол нутаг хошуунаас сонгохыг эрхэмлэдэг, тэгээд ч нэгэнт айл гэр болсон залуу хосуудыг анхнаас нь бие даалган амьдарч сургах үүднээс худ ураг, хадам худууд нар хүргэн бэрээсээ бас л аль болох холхон байхыг хичээж , үүнээс үүдэн ураг садны хол нь дээр, ус түлээний ойр нь дээр гэх мэтээр хэлэлцдэг болсон зэрэг нь ч дээр дурдсан өгүүлэмжийн учрыг тайлахад хамаатай байх болно гэж санагдаж байна. Ийм өгүүлэмжтэй дуунууд нь төрсөн нутаг газар, уул усаа магтсан. Ээж аавынхаа ач буяныг мэдэрч дурссан, харь хол нутагт сууж, тэдэнтэйгээ хурдан түргэн учран золгох эрх мэдэл мөхөсдсөн байдлаа дурдан өгүүлсэн дүрслэлтэй байна. Хайр сэтгэлийн дуунууд нь алс хол суугаа амраг хосууд бие биенээ мөрөөдөн санаж, уулзан учрахын хүслэн тэмүүллийг илэрхийлсэн байна. Харин эцэг эх, амраг саднаа дурсан санаж, учран золгохыг хүсэн мөрөөдсөн агуулгатай дууны алинд ч гэсэн хурдан хүлгийн тухай нэгэн магтаал хэллэг заавал гардаг онцлогтой байна. Энд гарч байгаа хурдан хүлэг бол холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг, уул даваа, ус мөрөн, бэрхшээл саадыг төвөггүй даван туулагч, уяа сойлго нь таарсан, унаган хурдан хүлэг гэж дүрслэгдэж байна. Ойрад ардын дууны бас нэг хэв шинжит өгүүлэмж бол хурдан хүлгийн тухай юм. Хүлэг морьдыг өнгө зүс, нас шүд, галбир хэлбэр, алхдал гишгэдэл, явдал гүйдэл, аяг маяг, ааш араншин, угшил удам, уяа сойлгын бүхий л шинжийг нь дүрслэн магтсан байна. Ингээд хурдан хүлгийн тухай дуу тооны хувьд ч олон, агуулга зохиомжийн хувьд ч маш олон янз байна. Монгол ардын билэг сургаалд эр морь, эр хүн хоёрыг ямагт хамт өгүүлж байдаг нь ардын дуунд ч гэсэн хэв шинжтэй дүрслэл өгүүлэмж болжээ. Морины зүс нь монголчуудын "өнгөний бэлгэдлийн" илэрхийлэл болохдоо унах эзнийхээ зорьсон хэргийн учир холбогдолтой бас хамаатай байгаа нь бидний ажиглалт судалгаагаар давхар нотлогдож байна. Ойрад ардын дууны бас нэг онцлог лам, гурван эрдэнид мөргөн залбирах өгүүлэмж . Ингэхдээ уул нурууны үзэсгэлэн гоо, сүр бараа, ус гол, рашаан булгийн тунгалаг ариун, арц хүжийн анхилам сайхан үнэр, мөн аав ээжийнхээ ачлал буяны тухай өгүүлэмжийг хүртэл ийм сэдэвтэй дууны шүлгийн зохиомжид шигтгэн шингээж, хослуулан хоршуулж, магтан дээдэлсэн байна. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр, хамгийн ариун, хамгаас дээдэлдэг зүйлээ лам гурван эрдэнид залбиран мөргөх шүлэглэлийн хосолмол өгүүлэмж болгож байгаа нь шашин номын ёсыг эрхэмлэн хүндэтгэж, залбиран биширч байсны илрэл гэж үзэж болох юм. Ийм өгүүлэмжтэй дуу монголд шарын шашин, бурхны шашин түгэн дэлгэрсэн цаг үеийн оюун санааны тусгал илэрхийлэл болох нь мэдээж хэрэг. Энэ угсаатны ардын дуунд ойрадуудын одоо нутаглаж байгаа газар нутагт буй өндөр өндөр уул хангай, том том нуур усны нэр гарахаас гадна хилийн чанадад буй, Зүүнгарын хаант улс хэмээн хэлэлцдэг, тэдний зарим өвөг дээдсийн дээр үед нутаглаж байсан Ил тарвагатай зэрэг газрын нэр, мөн зарим түүхт хүн, тайж язгууртны содон соргог нэр ус хүртэл гардаг нь ардын дуу бол тухайн ард түмний эртнээс туулж ирсэн амьдрал түүхийнх нь нэгэн тусгал гэрч болдгийн жишээ гэж хэлж болно. Ойрад ардын дуунд адилтгал зүйрлэл, түүний суурин дээр үүссэн хэтрүүлэл (ихэсгэл, багасгал), амьдчилал, хүншүүлэл, ёгтлол егөөдлийн бүхий л дүрслэх ур маягийг гайхалтай зохируулан хэрэглэсэн байна. Үүнээс адилтгал зүйрлэл нь гол ур маяг нь болж байна. Ойрадын ард түмний эдийн болон оюуны уламжлалт соёлын зүйлс нь эдгээр дүрслэх ур маягийн адилтгахуун, зүйрлэхүүн болсон байлаа. Энэ бол ардын дууны шүлгийн сэдэв агуулга, өгүүлэмж зохиомж нь эдгээр угсаатан ястны ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньсан байдлын тусгал, сэтгэлгээнийх нь хэв маягийн илэрхийлэл болж байгааг таниулах нэг тодорхой баримт гэж үзэж болно. Ойрад ардын дууны шүлгийн зохиомжийн нэг нийтлэг онцлог бол монгол ардын зарим зүйр цэцэн үг, сургаал мэргэн үгийг зарим бадаг шадад тэр чигээр нь хэрэглэсэн эсвэл түүний хэлбэр бүтцийг хэсэгчлэн агуулсан боловч утга санааг нь дэлгэрүүлэн өгүүлсэн зүйл цөөнгүй байна. Энэ бол бас зүйн хэрэг гэж үзэж болно. Ардын билэг сургаал, тэр тусмаа зүйр цэцэн үг бол цөөхөн үгээр нэн гүнзгий утга санааг хэлэхэд ч амар, цээжилж тогтооход ч амар болгон найруулж, яруу тодорхой илэрхийлдэг учраас ямар нэг тодорхой зүйлийн нэр төдий зүйл биш, харин аливаа хэрэг явдал, харилцааны тодорхой нөхцөл байдлыг үнэлж, түүндээ сэтгэл хөдлөлийн олон янз өнгө аясыг шингээсэн илэрхийлэл байдаг учраас тэдгээр нь ардын дууны дотор бүхлээрээ дайралдаж байдаг. Дуу бол зүйр цэцэн үгийг бодоход зохиомжилсон дэлгэрэнгүй өгүүлэмж учраас хэлний тогтвортой нэгжийн санааг өргөтгөн дэлгэрүүлсэн бүтэцтэй байх нь ч бас зүйн хэрэг бололтой. Ойрад ардын дуунд тухайн ард түмний амьдралын туршлага, ёс суртахуун, бэлгэдэлт соёл туссан байх бөгөөд угсаатны ертөнцийг үзэх үзэл нь тэдний амьдралын үйл ажиллагааны явцад үүсэн бүрэлдсэн, ахуй амьдралтай нь нягт уялдаатай байна. Дууны үгийн сан нь аялгууны онцлогийг илрүүлэх баримт болж байна. Тухайлбал, Ойрад аялгууны тэмдэг нэр бүтээврийг авснаар үнэлэмжийн утгыг илэрхийлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 229
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :