Оршил, онол зүйн 1, судалгааны 3, нийт 4 бүлэг, ерөнхий дүгнэлт, номзүйгээс бүрдэнэ. Нэгдүгээр бүлэгт бодлого боловсруулах үйл ажиллагаа, бодлогын шинжилгээний талаар онолын хэсгийг оруулсан болно. Хоёрдугаар бүлэгт Дэлхийн МХХТ- ийн хөгжлийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлж, Мэдээлэлжсэн нийгэм, мэдлэгийн эдийн засаг, Мянганы хөгжлийн зорилтуудад хамаарах зарим асуудлуудыг голлон анхаарч судалгааг хийсэн болно. МХХТ, Интернэтийн хөгжлийн талаарх судалгаа, баримт бичиг, нотолгоонуудыг ашиглан хүснэгт, зураглал, шинжилгээ, таамаглал, анализ ажиглалт болон статистикийн тоо материалыг ашиглан гүйцэтгэв. Гуравдугаар бүлэгт Монгол улсын МХХТ- ийн өнөөгийн байдлыг тодорхойлохдоо тус салбарт 1990 оноос өнөөг хүртэл баримталж ирсэн үндсэн үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөө, томоохон хөтөлбөр Монгол улсын Засгийн газраас гадаадын компаниудтай хийсэн гэрээ,хэлэлцээрүүдэд бодлогын шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлсон. Дөрөвдүгээр бүлэгт Монгол улсын Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хэрэгцээг 2020 он хүртэл гаргасан урьдчилсан тооцоог урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн зориулалтуудад тусгагдсан үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан. Цаашид Монгол улсад мэдээлэлжсэн нийгмийг байгуулахад баримтлах бодлогын зорилт, арга хэмжээний саналыг дэвшүүлсэн. Төгсгөлд нь судалгааны үр дүнг дүгнэсэн уг ажилтай холбоотой ашигласан материалын жагсаалтыг хавсаргасан.