Диссертаци нь Удиртгал, 4 бүлэг, дүгнэлт, ашигласан ном зүй, 58 зураг, 32 хүснэгт бүхий нийт 136 хуудсанд багтсан болно.
1. Судалгааны ажлын үр дүнд эх орны түүхий эд ашиглан 0,5 г/cм3-ээс ихгүй эзэлхүүний цултай, 1,84 МПа-аас багагүй бат бөхтэй, 1000°С-ийн температурт 0,28 Вт/мК дулаан дамжуулалтын илтгэлцүүртэй пено шамотон тоосго гарган авах технологийн горимыг тогтоов.
Пено шамотон эдлэлийг дулааны боловсруулалтанд оруулах үеийн технологийн параметрийг хөөс үүсгэгч техникийн шингэн саван С285-г 1%-оор авах, пено зутанг 50%-ийн устайгаар бэлтгэх, хатаалтыг агаар сэлгэлттэйгээр 50˚С-ийн орчим температурт явуулах, шамотыг 1000 - 1100˚С-ийн температурт шатааж бэлтгэх, шамотыг 7000 - 9000 см2/г хувийн гадаргуутай нунтаглах, пено массанд шамотыг 50 - 60%-иар нэмэх болон пено шамотыг 1100 - 1200˚С-ийн температурт шатаах нь оновчтой гэж сонголоо.
2. Манай оронд галд тэсвэртэй шаврын Таван толгой, Элгэн говь болон Цогт-Овоогийн анхдагч каолинит гэсэн гурван орд судлагдсанаас химийн найрлага болон керамик технологийн шинж чанараараа баяжуулсан Цогт-Овоогийн каолинийг пено шамотон галд тэсвэртэй тоосгоны түүхий эдээр ашиглах боломжтойг тогтоолоо.
3. Хөөс үүсгэгч техникийн шингэн саван болон усны орцын зохистой хэмжээг тогтоох судалгаагаараа хөөс үүсгэгчийн хэмжээ хуурай массын 1%, усны орц нь 50% байхад пено массын сийрэгжилт хамгийн сайн явагдаж байгааг тогтоов.
4. Пено шамотон эдлэлийн хатаалт шатаалтын суултыг багасгаж эзэлхүүний тогтмол байдлыг хангах зориулалттай аргуунжуулагч шамотын хувийн гадаргуу (нунтаглалт) болон орцын хэмжээг өсгөхөд пено шамотон тоосгоны эзэлхүүний цул ба дулаан дамжуулалт нь багасаж байна.
5. Пено шамотон эдлэлд хийсэн рентген дифракцын судалгаанаас харахад муллит (3,37; 5,40; 2,20; 2,88; 2,54; 2,69; 2,42; 2,29; 1,69А°); кварц (1,83 ;2,12 ;4,25 А°); кристобалитын – (4,09 А°) эрчимтэй шугамууд илэрч харин хээрийн жоншны (3,18; 3,81А°) сулавтар шугам үүссэн байна.
6. Аргуунжуулагч шамотын нунтаглалтыг нэмэгдүүлэхэд түүний хувийн гадаргуу ихсэн гадаргуугийн энерги буурсанаар урвалын идэвх өндөржин муллитын эрдэсийн үүсэлт өсөж байгааг тогтоов.
7. Цогт-Овоогийн баяжуулсан каолинит, түүнээс гарган авсан шамотыг 7500-8200 см2/г хувийн гадаргуутайгаар нунтаглан бэлдэж, массын 50%-д авч, 1%-ийн хөөс үүсгэгчээр хөөлгөн томсгосон туршилтаар гарган авсан эдлэл олон улсын стандарт ISO-2245-1972-д нийцсэн техникийн үзүүлэлтүүд бүхий галд тэсвэртэй дулаан тусгаарлагч пено шамотон тоосго гарган авах боломжтой болох нь батлагдлаа.
8. Цогт-Овоогийн баяжуулсан каолинит ашиглаж галд тэсвэртэй пено шамотон тоосго үйлдвэрлэх эдийн засгийн тооцооноос харахад 4 жилд зардлаа нөхөн төлөх боломжтой байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0