Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нийтийн тээврийн маршрутын сүлжээ, төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудал



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2383
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : зорчигч, такси, сүлжээ, хот, бүс, тээвэр

Аннотаци

1. Том хотуудын зорчигч урсгалыг тодорхойлох, нийтийн зорчигч тээврийн маршрутын сүлжээг төлөвлөх онол, арга зүйн чиг хандлагад томоохон өөрчлөлт гарсан байна. Уламжлалт аргууд нь нийтийн тээврийн маршрутын ерөнхий байдлыг тодорхойлж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрэлтийг судалж мэдрэх боломжгүй байгааг судалгааны үр дүн, олон улсын туршлага нотолж байна. Орчин үеийн аргууд нь зорчигчдын аялал эхлэх, хүрэх цэг, тэдгээрийг холбосон урсгалын эрчмийг тодорхойлох, үүнд нийтийн үйлчилгээний онол, математик арга, загварчлалыг ашиглах өргөн боломжийг бий болгож байна.

2. Нэг саяас дээш оршин суугч бүхий томоохон хотуудын зорчигч урсгалын судалгаа хийх, маршрутын сүлжээ байгуулах, төлөвлөлт хийх талаар гадаадын 20-иод орны туршлагыг судалж үзэхэд нийтийн тээврийн зорчигч урсгалыг хотын замын хөдөлгөөнөөс үл хамаарах, тусдаа бие даасан зам бүхий "mass transit" тээврийн системийг нэвтрүүлж шийдвэрлэж байгаагаас сургамж авах нь зүйтэй гэж үзлээ.

3. Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нөлөөлөлд дараах үнэлгээ өгч байна. Үүнд: - Хүн амын тоо сүүлийн 16 жилийн дотор
76.8 хувиар эрс өссөн. Хүн ам нэмэгдэж, суурьшлын бүс тэлж байгаа боловч Улаанбаатар хот нь голын хөндий дагасан, 4 уулын дунд оршдог, газар нутаг хязгаарлагдмал тул оршин суух нягтрал ихэссэн. Хүн амын нягтрал нь улсын хэмжээнд 1.68 хүн/км, Улаанбаатар хотын хэмжээнд
217.9 хүн/км байхад Баянгол дүүрэгт
5600.5 хүн/км байгаа нь дэлхийн хүн ам шигүү оршин суудаг хотуудын хэмжээнд хүрсэн.
- Улаанбаатар хотын барилга, хот төлөвлөлтийн бодлого сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд алдагдаж, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг барилгажуулах болсны улмаас автозам, нийтийн тээврийн зогсоол, талбайг шинээр байгуулах боломжгүй болгосон.
- Улаанбаатар хотод автозам шинээр барих ажил үндсэндээ зогссон, өргөтгөх боломж хязгаарлагдаад байхад автомашины тоо 16 жилийн дотор бараг
4.5 дахин нэмэгдэж,
92.7 мянгад хүрсэн нь гудамж, замын хөдөлгөөн түгжрэл сааталд орох үндсэн шалтгаан болжээ. Үүний улмаас нийтийн тээврийн үйлчилгээнд цагийн хуваарь, хөдөлгөөний графикийг хатуу мөрдөж баримтлах аргагүй болж, үйлчлүүлэгчид тогтоосон графикт хугацаанаас даруй
4.5 дахин их хугацаа алдах болсон байна.

4. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдалд өгөх үнэлгээ: - 1990 оноос хойш хотын нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр төр, засгаас дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас эдгээр байгууллагууд санхүүгийн чадавхи суларч, парк шинэчлэл хийх боломжгүй болж, улмаар нийтийн тээврийн үйлчилгээний автобусны тоо цөөрч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон.
- Стандартын шаардлага хангах том оврын автобусны тоо цөөрсөн боловч хувийн бага оврын автобусны тоо огцом нэмэгдсэн бөгөөд тэднээс шинэ чиглэл байгуулж ажиллах хүсэлт тавих болсон. Шинээр байгуулсан чиглэлүүд нь тухайн үйлчилгээг нээсэн байгууллага, иргэд аль болох хүн ам төвлөрдөг, орлого их олох боломжтой, хотын төв хэсгийг дайрч үйлчилгээ явуулдаг болсон.
- Шинээр чиглэл нээхэд тухайн дүүрэг, хороодын иргэдийн зорчих хэрэгцээг тэр бүр харгалзаж чадаагүй байна.
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын сүлжээний чиглэлүүдийн муруйн коэффициентийн шинжилгээ, дүгнэлтээс үзэхэд энэ үзүүлэлтийн хэмжээ нормативаар 1.2 байх шаардлагатай боловч тус хотын хувьд дунджаар 1.8, зарим чиглэлд
3.38-
3.69 гэсэн хэмжээнд хүрсэн байгаа нь замын хөдөлгөөн, нийтийн тээврийн маршрутын зохион байгуулалт буруу байгааг харуулж байна.
- Үнэлгээний үр дүнгээс үзэхэд өнөөгийн хотын нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын сүлжээ нь давхцал, хөдөлгөөний бөглөрөл ихтэй, хурд бага, эдийн засгийн хувьд үргүй зардал өндөр, агаарын бохирдол, хүн ам, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй систем ашиглагдаж байна.
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ нь нийлүүлэгч тал буюу тээвэрлэгчдийн санал болгосон сүлжээнд хөтлөгдсөн, зорчигч, үйлчлүүлэгчдийн эрэлтэд нийцээгүй тогтолцоо болж хувирсан. Үүнээс шалтгаалан нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээ, маршрутын сүлжээний төлөвлөлтөд дараах хүндрэл бэрхшээл учрах болсон: - Хотын төв болон гол гудамж, уулзварууд орчмын автобусны буудлууд дээрх чиглэлийн давхцлууд их болсон.
- Автобусны буудал 3-4 автобус зогсох багтаамжтай боловч олон автобус зэрэг зогссоноос дараагийн автобусууд замын нэг, хоёр дугаар эгнээнд зогсож, хөдөлгөөний түгжрэл саатал үүсгэдэг.
- Нийтийн тээврийн үйлчилгээнд 8-10 хүний суудалтай бага оврын автобус зонхилж байгаа нь стандартын шаардлага хангах том оврын нэг автобусны явах, зогсох талбайгаас 5-8 дахин их талбайг эзэлж, хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, зогсоолын багтаамжийг бууруулж байгаа.
- Одоо байгаа болон шинээр нээж буй нийтийн тээврийн чиглэл оршин суугчид, зорчигчдын зорчих чиглэл, эрэлт хэрэгцээтэй хэрхэн тохирч, давхцаж байгааг харгалзаж судалдаггүй зэрэг болно.

5. Энэхүү судалгааны ажлын онолын хэсэгт санал болгосон зорчигч урсгалыг судлах орчин үеийн аргуудыг ашиглаж нийтийн тээврийн эрэлт, зорчигч урсгалыг тодорхойлж, үйлчилгээний системийн өнөөгийн төлөв байдлыг бодитой үнэлэх бололцоотой нь диссертацаар нотлогдож байна.

6. Судалгааны ажлын хүрээнд боловсруулсан нийтийн тээврийн эрэлт, зорчигчийн урсгалыг тодорхойлох Страда программыг хотын нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын сүлжээний төлөвлөлтийг боловсруулахад ашиглахыг санал болгож байна.

7. Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээг ачаалал ихтэй хэсгүүд буюу доорх чиглэлүүдэд зорчигчдыг их хэмжээгээр тээвэрлэх боломжтой шинэ тээврийн систем-Монорейлийг байгуулах нь зүйтэй байна. Үүнд: - баруунаас зүүн чиглэл нь Таван шар /22-ын товчоо/-УС-15 /Агроимпекс/:
15.3 км; - хойноос урагш чиглэл нь 7 буудал-Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал: 21 км.
- тойрог маршрут нь Нарантуул зах- 19-р хороолол-Гурвалжин-3-4-р хороолол-Баянбүрд-100 айл-Сансар-Зүүн 4 зам чиглэл: 16 км

8. Шинэ тээврийн системийн маршрутын дагуух зорчигчдын бөөгнөрөл, төвлөрөлийн цэгүүдэд зорчигчийн терминал байгуулж, терминалуудаас дүүрэг доторхи нийтийн тээврийн үйлчилгээг богино зайд /5-10 км дотор/ бага ба том оворын автобус, таксигаар зохион байгуулах.

9. Монорейл-Шинэ тээврийн системийг нэвтрүүлснээр нийтийн тээврийн үндсэн сүлжээ хотын замын хөдөлгөөнөөс тусдаа болох учир өнөөгийн эмх замбараагүй гудамж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын улмаас аваар осолд орж нас барж, гэмтэж байгаа хүний тоо, замын хөдөлгөөний түгжрэл эрс багасахаас гадна хүмүүс, хотын иргэд замын хөдөлгөөнд саатах цаг хугацаа, бензин шатахуун зарцуулах, илүү явалтын техникийн элэгдэл хорогдол гарах явдал багасч, эдийн засгийн үр өгөөжөө өгнө. Түүнчлэн шинэ тээврийн систем нь цахилгаан хөдөлгүүрээр ажиллах учир тээврийн хэрэгслээс ялгаруулах хорт утааг буурахад бодитой хувь нэмэр оруулах юм. Хэдийгээр Монорейл систем нь үнэ өндөр боловч нийгэмд үзүүлэх үр ашгаараа өртөгөө бүрэн нөхөх боломжтой болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 283
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :