Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зүүн Азийн бүсчлэлийн үзэл баримтлалыг олон улсын харилцааны онолын үүднээс авч үзэх нь (XIX зууны сүүлээс XXI зууны эхэн үе)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2912
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Даяаршил, бүсчлэл, Их зүүн Азийн хамтаар цэцэглэх хүрээ, Пан Азийн үзэл, АСЕАН, Дойчийн аюулгүй байдлын нийгэмлэг, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Зүүн Азийн хамтын нийгэмлэг

Аннотаци

“Зүүн Азийн бүсчлэлийн үзэл баримтлалыг олон улсын харилцааны онолын үүднээс авч үзэх нь (XIX зууны сүүлээс XXI зууны эхэн үе)” сэдэвт энэхүү судалгааны ажил нь удиртгал, хоёр бүлэг, дөрвөн дэд бүлэг, дүгнэлт, номзүй, хавсралт, товчилсон үгийн жагсаалт гэсэн хэсгээс бүрдэж байна. Зүүн Азийн бүсчлэлийн үзэл баримтлалыг олон улсын харилцааны онолын хүрээнд авч үзэж, дүн шинжилгээ хийхэд энэхүү ажлын гол зорилго оршино. Судалгааны ажлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавилаа. Үүнд: Бүсчлэлийн тухай олон улсын харилцааны онолын үндэслэлийг тодруулах; Зүүн Азийн улс орнуудын харилцааны онцлог, түүхэн уламжлалыг авч үзэх; Зүүн Азийн хамтын ажиллагааны механизм байгуулах тухай гол гол үзэл баримтлал, тэдгээрийн уялдаа холбооны талаар дүн шинжилгээ хийх; Зүүн Азийн хамтын ажиллагааны механизм, бүсчлэлийн талаар ХХ зууны сүүл, XXI зуунд гарсан шинэ санал санаачилга, цаашдын хандлага; Зүүн Ази дахь бүсчлэлийн асуудлыг Монголын гадаад бодлоготой холбон авч үзэх зэрэг болно. Зүүн хойд, зүүн өмнөд, зүүн, төв Азийг хамарсан өнгөрсөн болон өнөөгийн бүсчлэлийн үзэл баримтлалуудыг дүгнэн цэгнэж, Монгол улсын гадаад бодлогын чиг хандлагыг хөндсөн асуудал дэвшүүлэн шийдвэрлэхийг оролдсон нь судалгааны сэдвийн нэг чухал үндэслэл юм. Уг диссертаци Дэлхийн хоёрдугаар дайны дараах тогтолцоо бүрэлдэх хүртэлх бүс нутгийн хамтын ажиллагааны тухай үзэл баримтлалуудын (паназийн үзэл, азиас гарч европтой нэгдэх номлол, туранизм, их зүүн азийн хамтаар цэцэглэх хүрээ) талаархи өрнө, дорнын судлаачдын судалгааны үр дүнд үндэслэн тэдгээрийн түүхэн уялдааг тодорхойлсон нь шинэ оролдлого боллоо. Мөн Зүүн Азийн бүс нутагт голлох улс орнуудын түүхэн харилцааг уламжлал, шинэчлэлийн хүрээнд судалж, өнөөгийн бүс нутаг дахь Монгол улсын оролцооны талаар асуудал хөндсөн, Зүүн Азид өнөөдөр эрчимтэй яригдаж буй бүсчлэлийн тухай олон үзэл баримтлалыг судалгааны хүрээнд авч үзсэнээрээ шинэлэг юм.
Судалгааны сэдвийн манай улсад урьд өмнө судлагдсан байдлыг ШУА-ийн Олон Улс Судлалын Хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, Зүүн хойд Ази судлалын төв, МУИС, Монголын хөгжлийн судлалыг дэмжих төв, Монголын Япон судлалын нийгэмлэг зэрэг судалгааны байгууллагаас гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүл, сэдэвт холбогдох судлаачдын судалгааны бүтээлд тулгуурлан авч үзэв.
“Ази дахь бүсчлэлийг түүхэн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэх нь” хэмээх нэгдүгээр бүлэгт өнөөгийн дэлхийн улс орнуудын харилцаан дахь бүсчлэл, түүнд гарч буй өөрчлөлт, үйл явцыг олон улсын харилцааны онолд тулгуурлан задлан шинжлэхийг оролдов. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцааны реалист, либералист, констракивист, функционалист үзлийн үүднээс бүсчлэлийн асуудлыг тодруулахыг зорьж, Зүүн Ази болон Европ дахь бүсчлэлийн загварууд ялгаатай болохыг, Дойчийн аюулгүй байдлын нийгэмлэгийн (Deautschian security community) санаанд тулгуурласан загвар Зүүн Азид бүрдэлдэх магадлал бага болохыг дурдав. Даяаршил, бүсчлэл хоёул эрчимтэй өрнөж буй өнөө үед эдгээр нь бие биенээ үгүйсгэсэн бус харилцан нөхсөн, гүнзгийрүүлсэн шинж чанартайг баримтаар үзүүлэв. Түүнчлэн газар зүй, эдийн засаг, улс төр, нийгмийн байдал зэргээс хамаарсан аяндаа тогтож болох “бүсшил” хийгээд засгийн газрын идэвхитэй оролцоо бүхий “бүсчлэл”-ийн асуудлыг хөндөв. Төв Ази, Дундад Ази, Зүүн хойд Ази, Зүүн Ази, Зүүн өмнөд Ази хэмээх ухагдахууны түүхэн хамаарал, тэдгээрийн хамрах хүрээг (нэн ялангуяа Зүүн Ази) судалсан судлаачдын саналыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр Монгол улс бол Зүүн хойд Ази, Зүүн өмнөд Азийг хамруулан өргөн хүрээнд авч үзсэн Зүүн Азийн орон хэмээх саналыг дэвшүүлэв. Зүүн Азийн бүсчлэлийн үзэл баримтлалууд (XIX зууны сүүлээс XXI зууны эхэн үе) хэмээх хоёрдугаар бүлэгт Азийн хэмжээнд хамгийн түрүүнд өрнө дахины соёл, технологийг амжилттай нэвтрүүлж, орчин үеийн улс болон хөгжсөн Японд үүссэн үзэл баримтлалуудыг голлон дурдлаа. Паназийн үзлийг дэвшүүлсэн Тарүй Тоокичи (1893), Кодэра Кэнкичи (1916) зэрэг онолчдын бүтээлээс гадна паназийн үзлийн талаар цогц судалгаа хийсэн Жао Жүн, Свен Саалер нарын судалгааны үр дүнг танилцуулав. Фүкүзава Юкичигийн томъёолсон “Азиас гарч Европт нэгдэх” (1885) тухай үзэл баримтлалыг судалгааны хүрээнд хамруулав. 1943 онд Японы засгийн газраас албан ёсоор зарласан “Их зүүн азийн хамтаар цэцэглэх хүрээ” хэмээх үзэл баримтлалыг Япон болон бусад орны судлаачид үзэл суртал, сэтгэлгээ, олон улсын харилцааны онол, эрх зүй, улс төр, эдийн засаг, түүх талаас нь өргөн хүрээнд судалсан юм. Энэ үзэл баримтлал их гүрнүүдийн эгоизмыг шүүмжилсэн (Эйзава Коожи), улс орнуудын үндсэрхэг үзэл, Азийн үндэстнүүдийн тусгаар тогтнолыг дэмжсэн (Ириэ Акира, Петер Дуус, Мива нар), арьс өнгөөр ялгаварлахыг эцэс болгож, өрнөдийнхний Ази дахь колоничлолыг эсэргүүцсэн (Нишио Канжи, Фүжиока Нобүкацү) шинж чанартай байсныг судлаачид тэмдэглэх болов. Гэхдээ уг үзэл баримтлалын мөн чанар нь бүхэлдээ Японы түрэмгийллийг зөвтгөхөд чиглэжээ (Хатано Сүмио, Ириэ Акира, Мацүй Ёшироо нар). Харин Унгар, Турк, Японд дэлгэрсэн туранизм хэмээх бүсчлэлийн бас нэг үзэл нь алтай язгуурын хэлтний төрөлхи нутгийг нэгтгэн нэгэн бүс болгох гэсэн санаа байжээ.
Зүүн Азийн бүсчлэлийн талаар 1990-ээд оноос өнөөг хүртэл гарч ирсэн үзэл баримтлалуудыг танилцуулахын зэрэгцээ эдгээрийн үүсэн гарсан нөхцөл байдал, явц, Япон, Америк, Хятад, Өмнөд Солонгос, Орос улсын бүсчлэлийн талаар баримталж буй үзэл баримтлалыг тусгайлан судлав. Зүүн Азид хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй АСЕАН, Хятадын дэвшүүлсэн “Шинэ торгоны зам”, Америкийн ““Стратегийн дахин тэнцвэржүүлэх бодлого”, Японы “Зүүн Азийн хамтын нийгэмлэг”, Оросын дэмжин хэрэгжүүлж буй “Евразийн эдийн засгийн холбоо”, Азид хандсан бодлого зэргийг тусгайлан судалж, цаашдын хандлагыг нь дүгнэлээ. Их гүрнүүдийн хооронд Зүүн Азид өөрийн үзэл баримтлал, загварыг ноёлуулах өрсөлдөөн хэдийн өрнөөд буй нь Зүүн Азийн эдийн засгийн түншлэлийн цогц хэлэлцээр (RCEP), Транс-Номхон далайн түншлэлийн (TPP) хэлэлцээний явцаас тодорхой харагдана. Бүлгийн төгсгөлийн хэсэгт Монгол улсын бүсчлэлийн талаар явуулж буй бодлого, арга хэмжээ, бүсийн шинжтэй томоохон байгууллага дахь гишүүнчлэл, гаргасан санал санаачилга, тулгарч буй бэрхшээлийг авч үзэв.
Бидний хувьд олон улсын харилцааны онолын гол судлагдахуун болох үндэсний ашиг сонирхол (реалистууд), тогтолцоо (констрактивистууд), үнэт зүйлийн үзлийг (либералистууд) тэнцвэртэй авч үзэх нь оновчтой юм. Хоёр их гүрний дунд орших Монголын хувьд уламжлалт аюулгүй байдлыг реалист хандлагаар үзэх нь мэдээжийн зүйл боловч улс орны үнэт зүйлс, үзэл суртал, нийгэм улс төрийн ялгааг давсан АСЕАН маягийн яриа хэлэлцээний тогтолцоо Зүүн Азид үр дүнгээ өгсөөр буйг анхаарах нь зүйтэй. Тиймээс бидний баримталж ирсэн Зүүн хойд Азийн бодлогыг тэлж, Зүүн Азийн хүрээнд Монгол улсын гадаад бодлогын орчинг тодорхойлон, сонголтыг олон болгож, бүс нутгийн харилцаанд идэвхитэй оролцох шаардлагатай гэж үзэв.
Өнөөдөр Зүүн Азийн хамтын нийгэмлэгийг байгуулахад манлайлах улс орон тодорхойгүй, бүс нутаг дахь итгэлцэл, хамтын үнэт зүйл бүрэлдээгүй, Хятад, Өмнөд Солонгос, Америк зэрэг улс орнууд үүнд болгоомжтой хандаж байна. Тиймээс Зүүн Азийн хамтын нийгэмлэг байгуулагдах магадлал нэлээд бага. Хэдий тийм боловч эдийн засгийн харилцан хамаарал нэмэгдсээр байгаа тус бүс нутагт Монгол улс гуравдагч хөрш болохуйц Зүүн Азийн өндөр хөгжилтэй улс орнуудтай эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бодлогыг идэвхитэй хэрэгжүүлэх нь зүйтэй. Монгол улс 1994 онд Гадаад бодлогын үзэл баримтлалаа анх батлахдаа АПЕК-т элсэн орох зорилт тавьсан ч энэ нь одоо болтол хэрэгжсэнгүй. 2000-аад оны дунд үеэс Монгол улсын нэр хүнд дээшлэн бүсийн хэмжээний механизмд оролцох нь нэмэгдсэн ч бид Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны гол цөмөөс зайтай хэвээр байна. АСЕАН-тай чөлөөт худалдааны хэлэлцээр хэдийнээ байгуулаад буй Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орон манай улсын хувьд Зүүн Азийн эдийн засгийн харилцааны системд дамжин орох үүд байж болох юм. Энэ утгаараа Японтой байгуулахаар зарчмын тохиролцоонд хүрсэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг цаг алдалгүй байгуулах нь өнөөгийн Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд Монгол улс оролцох дөт зам болно. Бүс нутаг дахь Монголын байр суурь, эзлэх жинг тасралтгүй нэмэгдүүлэхийн тулд бүсчлэлийн үзэл онолын түүхийг эргэн харж, цаашдын нөхцөл байдал, харилцааны хандлагыг байнга судалж, тасралтгүй суралцах нь улам бүр хэрэгцээтэй болж буйг онцлон тэмдэглэе.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 353
Сүүлийн сард 19
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :