Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хүний шулуун гэдэсний бүтэц, судасжилтын судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2721
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Шулуун гэдэс, судасжилт, хунигч аппарат

Аннотаци

Үндэслэл:
Дэлхийн олон улс орнуудад өвчлөлийн нэг гол шалтгаан нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг, түүний дотор бүдүүн, шулуун гэдэсний эмгэг байдаг бөгөөд манай орны хувьд Эрүүл мэндийн газрын хүн амын өвчлөл, эндэгдлийн мэдээгээр монгол хүмүүсийн дунд хоол боловсруулах эрхтэний өвчлөлийн дотор бүдүүн, шулуун гэдэсний өвчлөл эхний байрыг эзэлж байгаа2 боловч бүдүүн, шулуун гэдэсний эмгэгийн улмаас үүссэн өвчлөл болон нас баралтын талаар тодорхой мэдээ дүн байхгүй нь манай орны хувьд энэхүү судалгаа хэрэгтэйг харуулж байна.
Иймээс Монгол хүний бүдүүн, шулуун гэдэсний эрүүл, эмгэг үеийн тогтолцооны бүтэц, түүний судасжилтын талаар судлан тогтоох нь суурь судалгаа шинжилгээний болон эмнэлгийн оношлогоо, эмчилгээнд ашиглаж улмаар эмч, судлаачдын цаашдын ажилд, мөн монгол хүн судлалд тодорхой хувь нэмэр болох талтай нь энэхүү судалгааг явуулах нийтлэг үндэслэл болсон.
Зорилго:
Монгол хүний шулуун гэдэсний байрлал зүй, бүтэц, судасжилтыг тодорхойлох.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй:
Бид судалгаандаа хоол боловсруулах тогтолцооны болон зүрх, судасны бус өвчний шалтгаанаар нас барсан 0-80 насны эр, эм хоёр хүйсийн нийт 40 хүний цогцсонд, шулуун гэдэсийг цусаар хангаж буй артерийн судсанд тодосгогч бодис шахаж судасжилтыг, 25 хүнд ангиографийн шинжилгээгээр рентген зураг авч, 160 дээжинд эд судлалын, нийт 307 нэгжид судалгаа шинжилгээг явуулж, SPSS-16 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийлээ.
Үр дүн:
Бид Монгол хүний бүдүүн гэдэсний урт, өргөн, байрлал зүйг цогцос дээр тодорхойлоход бүдүүн гэдэсний хамгийн өргөн хэсэг нь мухар гэдэсний харалдаа хэсэгтээ дунджаар
6.8±
0.08 см бөгөөд цааш улам нарийссаар уруудах хэсэгтээ 4±
0.09 см орчим голчтой, шулуун гэдэсний өргөн нь дээд хэсэгтээ дунджаар
4.4±
0.08 см байгаад доошлох тусам өргөсөж (ампулын хэсэгтээ) хамгийн өргөн нь
5.6±
0.04 см хүрч байв. Шулуун гэдэсний уртын хэмжээ нь
17.5±
0.35 см байсан.
Шулуун гэдэсний ханын бичил бүтцийг тодорхойлоход салст бүрхүүл, салстын доорхи суурь, булчинлаг бүрхуул, суурийн мембран дээр байрласан дан мезотель эсээс тогтсон гялтан бүрхүүлүүд тод ялгарч байна.
Бид рентген туяа шингээгч бодис шахсан шулуун гэдэсний рентген зураг дээр аль судаснаас очсон салаагаар цусаар хангагдаж байгааг тогтоолоо.
Үүний тулд бид эхлээд хэвлийн аортограмм хийж үзэв. Хэвлийн аортограммын зурагт xэвлийн гол судас, аюулхайн артер, дэлүүний артер, элэгний жинхэнэ артер, бөөрний артер, чацархайн дээд артер, баруун, зүүн талын ташааны дотор артер, чацархайн доод артерийн судаснууд тод харагдаж байв
Бид судалгаанд хамрагдсан 14 эр, 16 эм хүйсний нийт 30 хүний шулуун гэдэсний дээд, дунд, доод артериудын голчийг 1, 2, 3, 4-р эрэмбийн салаа тус бүрийг хэмжиж дундаж, дунджийн алдаа, дээд, доод утга, стандарт хазайлтыг бодож тодорхойлов. Бидний судалгаанд хамрагдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шулуун гэдэсний дээд артерийн судасны голч 1-4-р эрэмбэ хүртлээ жигд биш буурч байлаа. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн судасны голчийн хэмжээг хооронд нь харьцуулан эрэмбэ тус бүрээр статистик ялгаа бодож Стьюдентийн шинжүүрээр шинжиж үзэхэд үнэмлэхүй тоон утга нь ялгаатай байсан боловч статитстик бодит ялгаа ажиглагдсангүй
Монгол хүний шулуун гэдэсний бичил эргэлтийн цусны судас бүрхүүл тус бүрд өвөрмөц торон тогтоц үүсгэж байгаа нь бусад судлаачдын бичсэнтэй адил байна. Бүдүүн гэдэсний ханын судаснуудын салаалах хэв маяг, нэгж талбай дахь судасны тоо салстын доорхи давхрагад бичил эргэлтийн судаснууд бусад давхрагуудаас илүү нягтралтай байрлаж байгаа нь эндээс салст бүрхүүл цусан хангамжаа авдагтай холбоотой байж болох юм.
Шулуун гэдэсний ханын артери, венийн судсан торууд нь цусан хангамжийн үүргээс гадна хошногоны амсрыг битүүмжилдэг хунигч аппаратын үйл ажиллагаанд оролцож байгаа нь харагдаж байна.
Дүгнэлт:
1.Шулуун гэдэсний дээд хязгаарыг нь бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугаламууд нийлж үүсгэж байгаа асуудгийн овгороор баримжаалан хэмжихэд шулуун гэдэсний урт
17.5±
0.35 см, голч нь дээд хэсэгтээ
4.4±
0.
08.см, доошлох тусам өргөсөж (ампулын хэсэгтээ) бүдүүн хэсэгтээ
5.6±
0.04 см байна.

2.Шулуун гэдэсний дунд артери нь ташааны дотор артериас эхэлдэг боловч зарим тохиолдолд бага аарцагын хөндийн эрхтэнүүдийн цусны судасны салаануудаас эхэлж байхад чацархайн доод артерийн салаанууд хамгийн олон хэлбэрүүдийг (вариантуудыг) үүсгэж байна.

3.Шулуун гэдсийг тэжээгч артерийн салаануудаас шулуун гэдэсний дээд артери
2.6-
3.7мм, шулуун гэдэсний дунд артери
2.3-
3.3мм, шулуун гэдэсний доод артери нь 1.3-1.9мм голчтой байдаг ба эдгээр нь тус бүртээ өвөрмөц модулан бүтэц бүхий судсан торыг үүсгэн венулд цутгаж байна. Тор үүсгэж байгаа артериол, прекапилляр, капилляр, посткапилляруудын голч нь нас ахих тусам багасаж байсан бол венул нь идэр насанд нарийсч байгаад 61-ээс дээш насанд өргөсөж байна.

4.Шулуун гэдэсний ханын артери, венийн торууд нь тэр хэсгийн цусан хангамжийг бүрдүүлэхээс гадна шулуун гэдэсний хунигч бүтцийн үйл ажиллагаанд оролцож хошногоны битүүмжлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 309
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :