Судалгааны ажлын зорилго, зорилт:
Байгаль орчны суурь хүчин зүйлсийн нөлөөллийг үнэлж тооцож, хот төлөвлөлтөд тусгах замаар Улаанбаатар хотын байгаль орчны төлөвлөлтийг сайжруулах шинжлэх ухаан практикийн үндэслэлийг тогтооход оршино. Уг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна.
Судалгааны ажлын зорилт:
Улаанбаатар хотын өмнөх Ерөнхий төлөвлөгөөнүүдэд байгаль экологийн хүчин зүйлсийг тусгаж, хэрэгжүүлж ирсэн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт өмнө нь хийгдсэн байгаль орчны чиглэлээрх салангид судалгааны ажлуудын үр дүнг нэгтгэн дүгнэж, дэлхийн бусад улс орнуудын хот төлөвлөдөг нийтлэг арга туршлагыг тодорхойлох
Улаанбаатар хотын төлөвлөлтөд байгалийн хүчин зүйлсийг үнэлэн тооцож хотыг суурьшуулж төлөвлөх тохиромжтой, тохиромжгүй байршлыг орон зайн хил хязгаараар тогтоон байгалийн хам бүрдлийн мужлал үүсгэж, мужлал тус бүрт ялгаатай төлөвлөлт хийх үндэслэл боловсруулах
Судалгааны ажлын шинэлэг тал:
Улаанбаатар хотын бодлого төлөвлөлтийн үндэслэлийг боловсронгуй болгож сайжруулах зорилгоор хотын ерөнхий төлөвлөгөөнд байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийг үнэлж, тооцож тусгах замаар эрдэм шинжилгээ судалгааны тусгайлсан ажил урьд нь хийгдээгүй ба энэ чиглэлээрх анхны судалгааны ажил болж байгаагаараа онцлог.
Улаанбаатар хотын байгаль орчны чиглэлээр хийгдсэн өмнөх судалгааны ажлуудын дүнгүүдийг нэгтгэн дүгнэж, байгалийн хүчин зүйлсийг хотын ерөнхий төлөвлөгөөнд тооцож тусгах шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлалын загвар (хувилбар) боловсруулахдаа олон улсад хот төлөвлөлтөд түгээмэл авч үздэг ,байгаль экологийн үндсэн хүчин зүйлээс гадна, дэд хүчин зүйлсийг тооцож, эрсдлийн аюулын, хөрснмй бохирдлын, уур амьсгалын, экологийн хязгаарлалтын мужлалт хийсэн нь энэхүү судалгааны ажлын шинэлэг тал юм.
Судалгааны ажлын шинжлэх ухааны болон практик ач холбогдол:
Д.Базаргүр, Б.Чинбат, нарын Экологийн газарзүйн шинжлэх ухааны шинэхэн онол арга зүйгээр боловсруулсан нүүдлийн мал аж ахуйн бэлчээрийг зүй зохистой ашиглан байгалийн зүй тогтлоо дагаж нүүдэллэж ирсэнг хот ч гэсэн байгалийн зүй тогтол, хуульд захирагдаж төлөвлөлт хийх ёстой гэж үзэж, хот төлөвлөлтөд уяж, байгалийн хам бүрдлийн мужлал үүсгэж, орон зайн хязгаарлалтыг хийж, уг мужлалд ялгаатай төлөвлөлт хийх замаар шууд авч ашиглах боломжтой гэсэн саналыг дэвшүүлэн тавьж байгааг шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмэр гэж үзэж байна.
Уг судалгааны ажлын үр дүн болох байгалийн хам бүрдлийн мужлалыг үндэслэж хот төлөвлөлт хийснээр экологийн баримжаатай төлөвлөлт хийгдэж, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн бодлогын бодит үндэс суурь тавигдах практик ач холбогдолтой бөгөөд зөвхөн Улаанбаатар хот төдийгүй бусад хотуудад төлөвлөлт хийхэд тулгуур материал болж ашиглагдах боломжтой гэж үзэв.
Судалгааны үр дүн:
Бидний боловсруулсан уур амьсгалын мужлалт, хөрсний бохирдлын мужлалт, байгалийн аюулын мужлалт, экологийн хязгаарлалтын мужлалт зэрэг нь хотын орон зай тэлэлтийг хязгаарлах хүчин зүйл болох юм. Хязгаарлалт болж буй нь дараах байдлаар тайлбарлагдана.
Агаарын урсгал, тунарал болон салхины чиглэлийг уур амьсгалын хүчин
зүйл илэрхийлдэг. Ийм учраас аливаа бохирдуулагч бодисын тархалт нь уур амьсгалын хүчин зүйлээс хамаарна. Улаанбаатар хотыг бичил уур амьсгалын 4 муж болгон ялгасан бөгөөд энэхүү мужлалтын үр дүнг хөрсний бохирдлын тархалтын зурагтай давхцуулан харахад хүйтэн агаарын тунаралын бүсэд бохирдол өндөр байх магадлалтай байна. Учир нь хүйтэн агаарын масс нь илүү тогтвортой байдаг бөгөөд тухайн орчинд орсон бохирдуулагч бодис бусад орчинд удаан шилждэгтэй холбоотой юм. Нөгөө талаас Улаанбаатар хотын геоморфологийн онцлог шинжтэй холбоотойгоор голын хөндийн хуримтлалын үе давхаргад хуримтлалын үе давхаргын дээд хэсгээс бохирдуулагч аливаа бодис тархана. Эндээс үзвэл Улаанбаатар хотын Туул, Сэлбэ, Улиастай гэх мэт голын хөндий, Налайхын хотгор зэрэг хөндий хотос газарт, тэдгээртэй зэргэлдээ орших уулын хажуу, бэл, хормойд үйлдвэрлэл явуулахыг хориглох шаардлагатай болох нь харагдаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд эрсдэл өндөртэй гамшигт үзэгдэл нь үерийн болон газар хөдлөлтийн аюул юм. Улаанбаатар хот орчмын Туул, Сэлбэ, Улиастай, Гацуурт гэх мэт голын хөндийгөөр тохиолдох эрсдэл өндөр байна. Энэхүү хязгаарлагч хүчин зүйлсийг тооцож үзвэл Улаанбаатар хотын хот төлөвлөлт хийгдэх боломжтой газар нь гэр хороололын одоогийн суурьшлын газар юм. Хөрсний бохирдлын болон уур амьсгалын мужлалтыг оролцуулаад харвал бохирдлын эх үүсвэрүүдийг налуугийн дээр буюу гадаргын урсац хамгийн их үүсэх хэсэгт байгуулсан нь харагдаж байна. Эдгээр 3 хүчин зүйлийг тооцоод үзвэл Улаанбаатар хотын ихэнх суурьшлыг төлөвлөхдөө хөндийн хаяа залгаа орших газар буюу одоогийн гэр хороолол байгаа газар дээр байгуулах нь тохиромжтой гэсэн дүн гарч байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0