Улаанбаатар хотын бүтэц фракталын шинжилгээ хийж үзэхэд (2000, 2005, 2010, 2015) хот нь төлөвлөгдөөгүй тэлэлттэй, зөв бус хэлбэртэй байгаа ба энэ нь эмх замбараагүй, зөвшөөрөлгүй суурьшилтай холбоотой байна. Хүн амын механик өсөлтөөс үүдэн гэр хорооллын хяналтгүй тэлэлт нь өвлийн улиралд нүүрснээс үүдсэн утаа униараар агаарыг бохирдуулах, дулааны улиралд задгай жорлон нь хөрсийг бохирдуулах гэх мэтээр хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж буй бөгөөд энэ нь зөвхөн гэр хорооллыг бус Улаанбаатар хотыг бүхэлд нь хамарч байгаа юм. Их хэмжээний хогжилт нь урт хугацааны шийдвэрлээгүй асуудлыг бий болгож байдаг гэдэг нь тодорхой юм (Ren et all., 1982). Тиймээс өсөн нэмэгдэж буй төвлөрлөөс үүдсэн хүн амын нийгмийн хэрэгцээнд өнөөгийн нөөцийг үр дүнтэй ашиглуулахаас 10- 20 жилд хөгжих Улаанбаатар хотын төрх байдал нь ирээдүйн нийгэм, эдийн засгийн хөгжилд саад болоход хүргэхээс сэргийлэх, хурдацтай хөгжлөөс бий болсон асуудлуудыг газар дахин төлөвлөлтийн аргыг ашиглан шийдвэрлэх боломжтой. Хотжилтын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд газар дахин төлөвлөлтийн арга нь ихээхэн давуу талтай боловч энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд нь газрын менежментийн шийдвэрлэх шаардлагатай асуудлуутай тулгарч байгаа юм. Энэхүү асуудлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэхэд нэгдүгээрт газрын баталгаажилт (
20.7%), хоёрдугаарт кадастрын бүртгэл (
18.6%), гуравдугаарт газрын үнэлгээ (
13.1%), тавдугаарт мэдээллийн ил тод байдал (
12.4%) гарч байна. Тус асуудлуудыг судлан үзэхэд дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртөж буй иргэдийн газар өмчлөлийн асуудлыг хувь тэнцүүлэх аргаар, газрын үнэлгээний асуудлыг зах зээлийн хандлагын аргаар, кадастрын бүртгэлийн асуудлыг эрхийн кадастрын аргаар, хөрөнгө оруулалтын асуудлыг газрын бирж байгуулах замаар шийдвэрлэх боломжтой байна. Ингэхдээ Монгол орны нөхцөлд газар дахин төлөвлөлт нь шинэчлэн зохион байгуулалт, нэгтгэн зохион байгуулалт, цэгцлэн зохион байгуулалт гэсэн үндсэн 3 хэлбэр, бүсийн дагуу хэрэгжих нь оновчтой юм.