Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Захиргааны шинэтгэлд коммуникацийн гүйцэтгэх үүрэг, түүнийг сайжруулах арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3298
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Нэг талт харилцаа, хоёр талт харилцаа, албан ба албан бус харилцаа, эргэх холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, харилцааны үнэлгээ, мэдлэг, бодлого, чадавхи

Аннотаци

Уг судалгааны ажил нь төрийн захиргааны шинэтгэлд коммуникацийн гүйцэтгэх үүргийг тодорхой болгож түүгээр дамжуулж шинэтгэлийн үр дүнг дээшлүүлэх арга замын талаар санал дэвшүүлэх зорилготой бөгөөд үүнийхээ хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж түүндээ хүрч чадсан.
1. Коммуникацийн орчин үеийн онол, хандлагыг захиргааны болон удирдахуйн шинжлэх ухааны үүднээс судлах

2. Захиргааны шинэтгэлд коммуникацийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох

3. Монголын төрийн захиргааны зарим байгууллагын коммуникацийг судалж, сайжруулах стратеги, арга замыг тодорхойлох
Онол арга зүйн үндэс нь коммуникацийн сонгодог болон орчин үеийн онолууд юм. Коммуникацийг хүмүүс өөр хоорондын бие биенээ таньж мэдэх, ойлгох, харилцан бие биедээ нөлөөлөх, байгууллагын мэдээ, мэдээлэл солилцох үйл ажиллагаа гэсэн хоёр янзаар авч үзэж судлах хандлага байдаг. Би өөрийн судалгаанд байгууллагууд гадаад, дотоод орчиндоо босоо, хөндлөн чиглэлээр мэдээлэл солилцох үйл явцыг эргэх холбоотойгоор явуулах онол арга зүйн хандлагыг баримталсан. Энэ хандлагын үүднээс тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, албан хаагчдын бүтээмжийн гол цөм нь тэдний хоорондын янз бүрийн чиглэлээр солилцох мэдээлэл бөгөөд энэхүү үйл явц нь тэр тусмаа хоёр талтай явагдах нь илүү үр өгөөжтэй байдаг.
Судалгааны объект: Монгол улсын төрийн захиргааны шинэтгэлийн үйл явцтай уялдуулан захиргааны коммуникацийн өнөөгийн байдал, түүний гүйцэтгэж буй үүргийг судалгааны үндсэн объект болгон авлаа.
Судалгааны ажлын практик ач холбогдол: Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, ил тод байдлыг хангахын тулд захиргааны байгууллагын өөрчлөлтийг коммуникацитай уялдуулан авч үзэж, түүний онолын үндэслэл болон урьд өмнө хийгдсэн зарим судалгаануудыг шинжлэн, мөн шинээр судалгаа хийж, тэдгээрийн үр дүнд шинэтгэлийн үйл явцыг байгууллагын дотоод орчны өөрчлөлттэй хамтатган хийх нь илүү үр дүнд хүрнэ гэдгийг илэрхийлээд зогсохгүй, ялангуяа байгууллага хооронд болон дотооддоо мэдээллийн солилцоо, хүмүүсийн үр ашигтай харилцаа холбоо, хамтын ажиллагаа чухал ба эдгээрийг өнөөгийн боломж нөхцөлийн хүрээнд хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлон дэвшүүлж буйд энэхүү бүтээлийн шинэлэг тал, практик ач холбогдол оршино.
Уг судалгааны ажлын нэгдүгээр бүлэгт авч үзсэн онол арга зүйн асуудлууд болон хоёрдугаар бүлэгт хийсэн Монгол улсын захиргааны зарим байгууллагын коммуникацийн төлөв байдлыг шинжлэн үзсэний дүнд ТЗШ-д харилцааг дараах долоон чиглэлийн хэрэгсэл болгон ашиглах нь үр дүнтэй байна гэж үзлээ.
1. Төр ард түмэн болон хүмүүс хоорондын нөлөөллийн хэрэгсэл

2. Төрийн бодлого болон мэдээлэл боловсруулах, түгээх хэрэгсэл

3. Олон нийтийг төрийн захиргааны шинэтгэлд итгүүлэн үнэмшүүлэх хэрэгсэл

4. Төрөөс нийгэмд бодит байдлын үнэлэмжийг бий болгох, таниулах, хөгжүүлэх хэрэгсэл

5. Төрөөс ард түмнийг шудрага бус байдлын эсрэг уриалан дуудах, түүнийг төлөвшүүлэх хэрэгсэл

6. Төрийн захиргааны албан хаагчид харилцан ярилцах замаар ойлголцох, туршлагаа хуваалцах, нэгдсэн үнэлэмжид хүрэх хэрэгсэл

7. Төрийн албаны баримт бичгийн баталгаажуулалтын хэрэгсэл зэрэг болно
Төрийн бодлогын агуулгыг дамжуулах удирдлагыг сайжруулах үйл ажиллагаа нь зөвхөн нэг талын коммуникаци дээр үндэслэн хийгдэх боломжгүй гэдэг нь өнөөгийн төрийн захиргааны удирдлагын практик болон алдаа гажуудлаас харагдаж байна. Нэг талт коммуникаци нь зөвхөн мэдээллийг тараадаг, тэгэхдээ бүр тодорхой хүнд биш нийтэд ханддаг, ерөнхий мэдэллийн загвар юм. Иймд үндэслэл муутай шийдвэр гаргах, үүнийгээ нийгэмд хир үр өгөөжтэй байгааг харах чадваргүй байдаг. Харин Gruning-Gruning загвар нь орчин үеийн төрийн захиргааны байгууллагын загвар болж байна. Энэ загвар нь хоёр талт коммуникацийг дэмждэг загвар юм. Зөвхөн мэдээлэл цацах биш хоёр талтай, мэдээлэл өгдөг, авдаг болсон. Ялангуяа төр засгийн гаргах шийдвэрт иргэдийн оролцох боломжоор хангах, шийдвэрийг хамтран хэрэгжүүлэх эсвэл биелэлтэд хяналт тавих, иргэдийн дунд үүссэн асуудлыг ойлгох, хүлээн авч шийдвэрлэх, тэдний итгэл үнэмшил, байр суурийг сонсох зэргээр эргэх холбоо үүсгэх боломжтой коммуникацийг хоёр талт гэж ойлгож болох юм.
Судлаач хоёр талт коммуникацийн загвар ( Судалгааны ажлын 1.1-ийн 17-18 ауудас)-аа боловсруулаад түүнийг хэрэглэхийн тулд стратеги, асуудал, гүйцэтгэл, ажиллах хүч, сайжруулалт гэсэн асуудлуудыг шийдвэрлэх замаар бодит зүйл болгохыг санал болгосон. Мөн онол арга зүйн судалгаа, Монголын төрийн захиргааны салбар дахь коммуникацийн өнөөгийн төлөв, шинэтгэлд харилцааг хэрхэн ашиглах болон харилцааны хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлуудад үндэслэн дараах загварыг боловсрууллаа. Энэ загварыг боловсруулахдаа хоёр талт коммуникацийн арга зүй, Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан үндэсний хөгжлийн цогц бодлого, “түүнд төрийн захиргааны үйл ажиллагаа нь шуурхай бөгөөд хариуцлагатай, шудрага тогтолцоог бүрдүүлэх” төрийн захиргаа, төрийн албаны үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хүргэх чадвартай болгон шинэтгэх бодлого, Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегид төрийн албаны шинэтгэлийн “олон нийтэд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой, адил тэгш боломж олгох, менежерт удирдах боломж олгох, төрийн алба байнга суралцагч хамт олон байх” гэсэн зарчмууд болон улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийн ойрын болон ирээдүйн төлөв, олон улсын төрийн албанд хийгдэж буй шинэтгэл зэргийг иш үндэс болгосны үндсэн дээр (P-K-C) P-policy, K-Knowledge, C-capacity (Бодлого, мэдлэг, чадавхи) гэсэн загварыг санал болгож байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 223
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :