Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн нь монгол ардын дуу, зүйр цэцэн үг, дайралцаа үг, зугаа үг, жороо үг, хэл зүгшрүүлэх үг, ерөөл, магтаал, үлгэр, тууль, хууч яриа зэрэг ардын аман зохиолын төрөл зүйлүүдээс мөн эртний уран зохиолын зарим бүтээлээс уламжлал авч орчин цагийн уран зохиолын шаардлагад нийцүүлэн шинэчилж ирсэн нь бүрнээ нотлогдож байна. Ц.Дамдинсүрэнгийн уран бүтээлийн уламжлал шинэчлэл нь хэд хэдэн онцлогуудтай. Ц.Дамдинсүрэнгийн уран бүтээл дэх аман зохиол, эртний бичгийн зохиолын уламжлалыг:
• Шууд
• Шууд бус гэж зааглан үзэж байна.
Зохиолч Ц.Дамдинсүрэнгийн уран бүтээл дэх ардын аман зохиол, эртний бичгийн зохиолын шууд уламжлал нь дараах онцлогтой. Үүнд:
1. Тодорхой аман зохиолыг өөрчлөн найруулж шинэ бүтээл туурвидаг. Жишээлбэл: “Өчүүхэн дөрвөн үлгэр” үлгэр-өгүүллэгийг ардын үлгэр болон Дорно дахины үлгэрийг бага зэрэг өөрчлөн найруулсан гэх мэт.
2. Ардын аман зохиолын төрөл зүйлүүдээс зохиол дотроо шигтгэн оруулж түүний хэлбэрээр үргэлжлүүлж зохиодог уламжлал шинэчлэлийн нэгэн холбоо бий. Энэ нь түүний бүтээлүүд дэх зүйр цэцэн үгийн уламжлал дээр маш тодорхой илэрч байгаа ба “Буурал ижий минь” найраглал нь бүхэлдээ зүйр цэцэн үгийн хэмнэлээр зохиогдсон нь үүний нотолгоо.
Зохиолч Ц.Дамдинсүрэнгийн уран бүтээл дэх ардын аман зохиол, эртний бичгийн зохиолын шууд бус уламжлал нь дараах онцлогтой. Үүнд:
1. Ардын аман зохиолын төрөл зүйлээр бүтээл туурвиж шинэчилдэг байсан онцлог бий. Жишээлбэл: “Толь Гэндэн”, “Цэцэн хурга” “Хүслийн тухай үлгэр” зэрэг үлгэр, “Маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл”, “Зөвлөлтийн ард түмэнд зориулсан ерөөл” гэх мэт.
2. Академич Ц.Дамдинсүрэн өөрийн судалж байсан ардын аман зохиолоос, эртний бичгийн зохиолоос санаа сэдэл авч бүтээл туурвидаг уламжлал шинэчлэлийн холбоо байна. Тухайлбал: Хууч ярианы уламжлал болон Д.Равжаагийн яруу найргийн уламжлалыг шинэчилсэн зэргийг дурдаж болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0