Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол, англи хэлний тэмдэг нэрийн зэргийн бүтэц үүргийн зэрэгцүүлсэн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3593
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Тодотгогч, хэл, анализ, эрчимжүүлэх, бууруулах, хэл шинжлэлийн орчин

Аннотаци

Орчин цагийн монгол хэлний бүтээвэр судлалын нэг үндсэн ойлголт нь тэмдэг нэрийн тухай асуудал юм. Энэхүү тэмдэг нэрийн тухай асуудлыг гадаадын монголч эрдэмтэд болон манай орны хэл судлаач, заах арга зүйч, багш нар сүүлийн 190-ээд жилийн хугацаанд янз бүрийн зорилго, чиглэл, төрөл бүрийн арга, хандлагын үүднээс судлан шинжилсээр ирсэн билээ.
Тэмдэг нэрийн талаарх судалгааны түүхэн тоймоос үзвэл судлаачид тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэх ба бууруулах ёс болон тэмдэг нэрийн зэргийн тухай асуудлыг мөн нэгэн адил сонирхон судалж ирсэн бөгөөд ингэхдээ энэ үзэгдэл монгол хэлэнд байгаа эсэх талаар санал хуваагдах, эсвэл тэмдэг нэрийн зэрэг байна гэж үзээд ангилахдаа ерийн, харьцуулсан, давуу; ил ба далд; хийсвэр ба тодорхой; бууруу, давуу, ижил харьцуулсан, илүү харьцуулсан, давуу харьцуулсан гэх мэтээр ялгах, тэр ч байтугай тэмдэг нэрийн зэрэг байхгүй гэж үзэх зэргээр өөр хоорондоо арга зүй, хандлага зарчмын хувьд ялгаа, зөрөөтэйгээр тайлбарлан тодорхойлсоор байна.
Иймд уг асуудлыг өнөөгийн хүрсэн судалгааны тодорхой түвшинд дахин нягтлан авч үзэх, ойлголтын зөрүүтэй үзэгдлийг шүүн хэлэлцэх, түүнчлэн их, дээд сургууль болон ЕБС-ийн сургалтын агуулга, стандартыг боловсронгуй болгоход уялдуулах, хуримтлагдсан судалгааны туршлагыг нэгтгэн дүгнэж, цаашид хийгдэх, судлагдах асуудлуудыг урьдчилан төсөөлж, эмхлэн цэгцлэх зайлшгүй хэрэгцээтэй байна.
Энэхүү шаардлагын үүднээс дан ганц монгол хэлний тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэх ба бууруулах ёс болоод тэмдэг нэрийн зэргийн тухай асуудлыг дагнан авч үзэх бус, харин өнөөгийн сургалт судалгааны хэрэгцээ, шаардлагын үүднээс англи хэлний дүйх хэлбэртэй зэрэгцүүлэн авч үзэх нь зүйтэй хэмээн үзсэн болно.
Орчин цагийн монгол хэлний тэмдэг нэрийн хэлзүйн чухал шинжийн нэг болох тэмдэг нэрийн хийсвэр ба тодорхой зэргийг тусгайлан судалж энэ асуудлыг өнөөгийн судалгааны түвшинд нэгтгэн дүгнэж, нэгэнт хийгдсэн судалгааг өргөтгөн гүнзгийрүүлэх, англи хэлний тэмдэг нэрийн зэргийн тодотгогч (degree modifier) болон тэмдэг нэрийн зэрэг (adjective degree )- тэй зэрэгцүүлэн судалж хоёр хэлний ялгарах онцлогийг бүтэц хэл шинжлэлийн үүднээс тодорхойлох нь бидний ажлын гол зорилго болно.
Судалгааны ажлын арга зүйн хувьд гэвэл шинжлэх ухааны ерөнхий болон салбар шинжлэх ухаанд хэрэглэдэг ерөнхий судалгааны арга болох ажиглалтын болон анализ синтезийн арга, индукци, дедукци арга болон хэл шинжлэлийн субъектив утгазүйн задлал, түүхэн харьцуулсан арга, зэрэгцүүлэх арга зэргийг хослуулан хэрэглэж, мөн статистик буюу бүртгэл зүйн арга, математик олонлогийн болоод загварчиллын аргын санааг бүтээлийн зохих бүлэг, хэсэгт ашигласан болно.
Энэхүү судалгаанд тэмдэг нэр ба тэмдэг нэрийн зэргийн тухайд холбогдох уламжлалт хэлшинжлэл ба орчин үеийн хэлшинжлэлийн хүрээнд монголын болон англи хэлт орны эрдэмтэн судлаачдын туурвисан бүтээл, судалгааны хэрэглэгдэхүүн, хэлний цахим сан буюу хөмрөг (corpus), монгол хэлний товч, хураангуй, дэлгэрэнгүй янз бүрийн тайлбар толь бичиг тэрчлэн монгол ба англи, англи ба монгол хэлний орчуулгын толь бичиг, монгол, англи хэлний орчин үеийн уран зохиол, монгол ардын аман зохиолын бүтээл туурвил зэргээр судалгааны сан бүрдүүлж гол хэрэглэгдэхүүн болголоо.
Эрдмийн зэрэг горилсон энэхүү нэг сэдэвт бүтээл нь оршил, удиртгал, үндсэн хоёр бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт, abstract гэсэн хэсгээс бүрдэж байна.
Оршил хэсэгт эрдмийн зэрэг горилсон энэхүү нэг сэдэвт бүтээлийн сэдвийн үндэслэл, сэдвийг судалсан байдал, судалгааны ажлын зорилго, зорилтууд; судалгааны ажлын арга зүй, судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, судалгааны ажлын шинэлэг тал, практик ач холбогдол; судалгааны ажлын бүтэц болон судалгааны ажлыг хэлэлцүүлсэн байдал зэргийг товчхон дурдав.
Удиртгал хэсэгт монгол, англи хэлний тэмдэг нэр болон тэмдэг нэрийн зэргийн талаарх судалгааны ерөнхий тоймыг товч дурдсан болно.
“Монгол, англи хэлний тэмдэг нэрийн хийсвэр зэргийн зэрэгцүүлсэн судалгаа” хэмээх нэгдүгээр бүлэгт монгол хэлний тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэх ба бууруулах ёс буюу тэмдэг нэрийн хийсвэр зэрэг; англи хэлний тэмдэг нэрийн зэргийг тодотгогч (modifiers of adjective, intensifier, submodifier) болох тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэгч (reinforcers, amplifiers) ба тэмдэг нэрийн утгыг бууруулагч (attenuators, downtoners) хийгээд тэдгээрийг илэрхийлэх арга хэрэглүүр, үүнд холбогдох угтан чимэх үгсийн бүтэц, утга, үүрэг, хэрэглээний онцлогийг тус тус судлан тогтоож монгол ба англи хэлний эдгээр үзэгдлийн хоорондох төсөөтэй ба ялгаатай талыг илрүүлсэн болно.
“Монгол, англи хэлний тэмдэг нэрийн тодорхой зэргийн зэрэгцүүлсэн судалгаа” хэмээх хоёрдугаар бүлэгт тэмдэг нэрээр илэрч байгаа шинж тэмдэг харьцуулж буй зүйлийн тухайн шинж тэмдгээс илүү буюу давуу болох, эсвэл адил буюу ойролцоо болохыг илэрхийлэх тодорхой зэрэг хийгээд англи хэлний тэмдэг нэрийн харьцуулсан зэрэг (comparative degree) ба давуу зэрэг (superlative degree), ерийн (positive, absolute degree) зэргээр ижил утгыг илэрхийлэх (as….as, like….) байдлыг тус тус судлан үзэж улмаар монгол ба англи хэлний эдгээр үзэгдлийн хоорондох төсөөтэй ба ялгаатай талыг илрүүлэн тэмдэг нэрийн зэргийн үүрэг, хэрэглээний өвөрмөц байдлыг монгол ба англи хэлний жишээ, баримтанд тулгуурлан зэрэгцүүлэн авч үзсэн болно.
Дүгнэлтэнд үндсэн хоёр бүлгийн хүрээнд хийгдсэн ажиглалт туршилт, судалгааны ажлын эцэст гаргаж авсан гаргалга, шийдэл зэрэг багтана



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 281
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :