Эмгэгтөрөгч Escherichia coli-ийн хоруу чанарыг тодорхойлсон судалгаа
Үндэслэл: Эмгэгтөрөгч E.coli-ийг шээсний замын халдвар (UPEC), сепсис, менингит (MNEC) гэх мэт гэдэсний бус халдвар үүсгэгч E.coli (ExPEC), суулгалт үүсгэгч E.coli (DEC) хэмээн ангилдаг. Эдгээр нь өвчин үүсгэх өвөрмөц эмгэг жам, хоруу шинжтэй. 1990-ээд он хүртэл эмгэгтөрөгч E.coli нь эмчилгээний эхний сонголтын эмэнд харьцангуй мэдрэг байсан боловч 2000 оны үеэр Европ, Өмнөд Америкт хийгдсэн хэд хэдэн судалгааны дүнгээр цефалоспорин, фторхинолин, триметаприм-сульфаметаксазолд 20–45% нь тэсвэртэй болсон байна. Эмгэгтөрөгч E.coli-ийн халдвар ба хоруу чанарын хүчин зүйлсийг илрүүлж, эмэнд тэсвэрт байдал, хэв шинжийг ялган дүйх нь урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд чухал ач холбогдолтой юм. Манай орны хувьд E.coli-ийн халдварыг бактериологийн шинжилгээний аргаар хангалттай илрүүлж байгаа боловч түүний дотоод хэв шинжийг ялган дүйхгүй, хоруу шинжийг илрүүлэх судалгаа хомсхон зэрэг нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо.
Зорилго: Хүн амд тархсан эмгэгтөрөгч E.coli-ийн халдвар болон хоруу чанарын хүчин зүйлсийг илрүүлэн, хэвшинжийг ялган тодорхойлоход оршино.
Материал, арга зүй: 2012-2015 онд ЭХЭМҮТ, ХӨСҮТ, УНТЭ, УГТЭ-ийн бактериологийн лабораторид хандсан өвчтөнөөс авсан баасны 335, шээсний 187, умайн хүзүүний арчдасны 88, идээний арчдасны 52, шархны арчдасны 15, цусны 10, бусад төрлийн 34, нийт 721 сорьцноос ялган дүйсэн E.coli-ийн өсгөврийг цуглуулж, судалгааг хийв. Бактериологийн шинжилгээний аргаар өргөтгөсөн үйлдэлтэй β лактамаз (ӨҮβЛ)-ийн илрүүлэг хийж, эмэнд мэдрэг чанар, биофильм үүсгэх чадварыг тодорхойлж үнэллээ. Өсгөврөөс ДНХ-ийг халааж буцалгах аргаар ялган, ПГУ-аар филогенетик бүлэг тодорхойлж, хоруу чанарын хүчин зүйлийг кодлогч генийг (ExPEC- 17 ген, DEC-10 ген) олшруулж илрүүллээ. HEp-2 эсийн өсгөвөрт E.coli-ийг халдаан наалдах өвөрмөц шинжээр нь EAEC (агрегат буюу бөөгнөрч наалдах чанар), EPEC (байршмал наалдах чанар), DAEC (түгмэл наалдах чанар) гэсэн хэв шинжүүдийг ялган дүйв.
Үр дүн: Нийт 386 өсгөвөрт хоруу чанарын генийг илрүүлэхэд fimH, fyuA, traT, iutA, aer, kpsMTII генүүд >50%-тай илэрлээ. Эсийн гадаргуугийн утаслаг уураг нийт сорьцны 50%-д тодорхойлогдсон бол хуванцар гадаргууд наалдаж, биофильм үүсгэх чадварын хувьд
10.9% бага биофильм,
2.1% дунд биофильм, 1% хүчтэй биофильм үүсгэж байв. ExPEC–ийн >50% нь ампициллин, цефалотин, триметоприм-сульфаметаксазол, тетрациклин, цефуроксим эмэнд тэсвэртэй тодорхойлогдсон бөгөөд
68.4% нь олон эмэнд тэсвэртэй (ОЭТ),
25.1% нь ӨҮβЛ ялгаруулж байна. Эмэнд тэсвэртэй бүлэгт хоруу чанарын генийн илрэлийг мэдрэг бүлэгтэй харьцуулан үнэлэхэд afa/draBC, iutA, fyuA, aer, traT генүүд ихэнх эмэнд тэсвэртэй бүлэгт илүү өндөр илрэлтэй байна. Филогенетик бүлгийн хувьд
28.8% нь В2, 37% нь D, 9% нь В1,
25.2% нь А бүлэгт хамаарагдсан ба B2, D бүлэгт биофильм үүсгэх чадвар, эсийн гадаргуугийн утаслаг уураг, хоруу чанарын генийн илрэл, ампициллин, цефалотин, триметоприм-сульфаметаксазол, ципрофлоксацинд тэсвэрт байдал, ОЭТ байдал бусад бүлгээс өндөр хувьтай илэрч байна. UPEC-ийн HEp-2 эсийн өсгөвөрт наалдах шинжийг үнэлэхэд бөөгнөрч наалдах шинж
34.2%, түгмэл наалдах шинж
12.3%, байршмал наалдах шинж
22.5% тодорхойлогдож, eae ген 6 (
3.2%), aggR ген 5 (
2.7%) омогт илэрсэн.
DEC-ийг бааснаас ялган дүйсэн 335 өсгөвөрт мультиплекс ПГУ болон HEp-2 эсийн өсгөврийн шинжилгээгээр ялган дүйхэд
60.6%-д нь DEC-ийн хэв шинж болох EAEC 102 (
30.4%), EPEC 47 (14%), DAEC 44 (
13.1%), EHEC 7 (
2.1%), ETEC 2 (
0.6%), EIEC 1 (
0.3%) тодорхойлогдлоо. Илэрсэн DEC-ийн >50% нь ампициллин, цефалотин, триметоприм-сульфаметаксазол, цефуроксим эмэнд тэсвэртэй, харин имипенемд тэсвэртэй омог илэрсэнгүй. Судалгаанд 12 эмийг сонгон хэрэглэснээс 10 эмэнд тэсвэртэй 1 омог илэрсэн нь EPEC, 9 эмэнд тэсвэртэй 1 омог илэрсэн нь DAEC байсан бол 8 эмэнд тэсвэртэй 11 омгийн 4 нь EAEC, 1 EPEC байв. Илэрсэн нийт DEC-ийн
43.8% ОЭТ,
14.2% ӨҮβЛ эерэг тодорхойлогдлоо.
Дүгнэлт: Эмнэлзүйн сорьцноос ялгасан эмгэгтөрөгч E.coli-ийн тал хувь нь ШЗХ үүсгэж байгаа бөгөөд тэд биофильм, сидерофор, ийлдэс тэсвэрт чанар, адгезийн шинж чанар бүхий генүүдийг өндөр хувьтай агуулж байна. ExPEC-ийн 50 гаруй хувь нь эмчилгээний практикт өргөн хэрэглэдэг эмүүд, тухайлбал: цефалоспорины I, II уламжлалын эмэнд тэсвэртэй байгаа бөгөөд тэдгээрээс ОЭТ омог нь
79.3%-ийг эзэлж, дийлэнх нь B2, D бүлэгт хамаарч байна. Эмнэлзүйн лабораториудад эмгэгтөрөгч илрээгүй гэж дүгнэсэн баасны сорьцонд бидний судалгаагаар суулгалт үүсгэгч E.coli-ийн EHEC, EAEC, DAEC, EPEC, EIEC, ETEC хэв шинжүүд илэрлээ. Эдгээрээс эмнэлзүйн хувьд хүнд явцтай, хурдан хүндрэл үүсгэдэг EHEC (
2.1%) анх удаа оношлогдов. Мөн эдгээр хэв шинжийн дотор EAEC давамгайлж (
30.4%) байсан бөгөөд түүний хоруу чанар бусдаас илүү байв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0