Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын боловсролын салбарт удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлж буйг судлах нь (ерөнхий боловсролын салбарын жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3848
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Боловсролын мэдээлэлжүүлэлт, ЕБС, Боловсролын хүртээмж, чанар, үр ашиг, анхан шатны мэдээлэл, дэд бүтэц, хүний нөөц, мэдээллийн чанар, системийн чанар, системийн хэрэглээ, бодлого, шийдвэр гаргалт

Аннотаци

Сэдвийг судлах үндэслэл
Нийгмийн хөгжлийн хурд нэмэгдэж, мэдээлэл, технологи, оюуны үйлдвэрлэлд тулгуурлах болсноор боловсролын үүрэг, хэрэгцээ улам нэмэгдэх болов. Энэхүү өөрчлөлтийг мэдэрч, мэдлэгийн нийгмийн эрэлт хэрэгцээг хангах чадварлаг, төлөвшсөн хүнийг бэлтгэх нь боловсролын үүрэг юм.
Бүх нийтийн боловсролыг дээшлүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэн, чадварлаг иргэнийг бий болгоход ерөнхий боловсрол чухал үүрэгтэй тул боловсролын тогтолцооны хамгийн чухал үе шат гэж үздэг. Монгол Улс ч мөн адил чухалчлан авч үзэж, суурь боловсролыг заавал эзэмших боловсрол болгон хуульчилсан бөгөөд ерөнхий боловсролын салбарт нийтдээ Монгол Улсын хүн амын
20.1 хувь нь хамрагдаж байна.
Боловсролын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, үүрэг хариуцлага хэзээ, хаана, яагаад биелэхгүй байна, ямар хариу арга хэмжээ авах зэргийг мэдэх шаардлагатай бөгөөд энэ нь хариуцлагатай байхын утга учир, мөн боловсролын удирдлагын мэдээллийн системийн гол тулгуур нь болно.
Монгол улсын ерөнхий боловсролын салбарт 2009 оноос эхлэн БУМС-ийг нэвтрүүлэхээр БСШУСЯ нь ихээхэн хүчин чармайлт гарган ажиллан үүний үр дүнд сая гаруй хүний мэдээлэл болон салбарын бусад үзүүлэлтээр бий болгосон нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн, мэдээллийг статистикийн маягтаар гаргах, архивын лавлагаа үүсгэх зэргээр бодлого боловсруулах, хяналт-шинжилгээ хийхэд ашиглан үр дүнгээ өгч эхэлж байна.
Гэвч цаашид хэрхэн үр дүнтэй боловсронгуй болгох, бусад орны туршлагаас сайн туршлагыг нь тусган, богино хугацаанд илүү цогц, боловсролын бүх түвшнийг хамарсан БУМС-ийг амжилттай болгоход энэхүү судалгааны ажил нь ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн нь сэдвийг сонгох үндэслэл болж байна.
Судалгааны ажлын зорилго
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын боловсролын салбарт удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлж буй байдлыг ерөнхий боловсролын жишээн дээр судалж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, түүнийг шийдвэрлэх боломжийг тодорхойлох явдал юм.
Судалгааны ажлын зорилт
Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна.
- Мэдээллийн системийг байгуулах шинжлэх ухааны онолыг судлан, онол арга зүйн болон судалгааны бүтээлүүдтэй танилцах;
- БУМС-ийг нэвтрүүлж, ашиглаж байгаа гадаад орны туршлага, үр дүнг судлан өөрийн орны нөхцөлд нутагшуулах арга туршлагыг тодорхойлох;
- Монгол улсын ерөнхий боловсролын удирдлагын мэдээллийн системийн өнөөгийн байдлыг судлан шинжилж, дүгнэлт гаргах;
- Ерөнхий боловсролын удирдлагын мэдээллийн системийн тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх;
- Боловсролын салбарын мэдээллийн системийг боловсронгуй болгох санал дэвшүүлэх;
Сэдвийн судлагдсан байдал
Ерөнхий боловсролын удирдлагын мэдээллийн системийн талаар хийгдсэн судалгааг тоймлон авч үзэхэд:
Ерөнхий боловсролын удирдлагын мэдээллийн систем боловсруулж, нэвтрүүлэх, хөгжүүлэх онолын судалгааг 1960-аад оноос социалист орнуудад идэвхитэй хийж эхэлсэн бөгөөд оросын Макашова, В.Н, Чусавитина, Г.Н, Гершунский, Б.С, Беспалько, В.П, Курова, Н.Н, Моисеев, А.М нарын бүтээлүүдэд энэ асуудлыг нарийвчлан судалсан байна.
1997 оноос Дэлхийн Банк санхүүжүүлж мэдээлэл цуглуулах, удирдлага, шийдвэр гаргахад ашиглагдах мэдээллийн системийн мэдээллийн хэрэглээг сайжруулж, улмаар боловсролын системийн өөр өөр элементүүдийг харилцан уялдуулж боловсронгуй болгоход туслах зорилгоор EdStats EMIS төслийг нэвтрүүлж эхэлсэн байна.
Улс орнууд өөрийн орны нөхцөл байдалд тохируулан судалж, удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлж, туршлага хуримтлуулсан хэдий ч боловсролын мэдээллийг цогцоор нь оруулсан хамгийн сайн систем одоохондоо бий болоогүй байна.
Монгол Улсын хувьд судалгааны ажлуудаас харахад БУМС-ийг олон улсын төсөл хөтөлбөрийн үндсэн дээр нэвтрүүлж буй боловч салбарын хэмжээнд судалсан судалгааны ажил бараг хийгдээгүй байна.
Судалгааны ажлын арга зүй
Монгол Улсын ерөнхий боловсролын удирдлагын мэдээллийн систем нь уг судалгааны ажлын обьект болох бөгөөд судлах зүйл нь боловсролын салбарын мэдээллийн систем өнөөгийн төлөв байдал юм.
Судалгааны ажлыг боловсролын хөгжлийн онол, хүн төвт боловсролын үзэл баримтлал, системийн ерөнхий онолын хүрээнд цогц системийн загвар болон DeLone болон McLean[1]-ийн нэгдсэн, харилцан уялдаатай, олон хэмжээст МС-ийн загварт үндэслэн Princely Ifinedo-ийн МС-ийн амжилтын хэмжээс, шалгуур үзүүлэлтийг Дэлхийн банкны гаргасан УМС-ийн шинжилгээний жишиг хүрээтэй уялдуулан судалж боловсруулсан болно.
Судалгааны ажилд боловсролын чиг хандлага, боловсролын удирдлагын мэдээллийн системийн чиг хандлага, системийн ерөнхий онол, боловсрол судлалын онол, арга зүй, үзэл баримтлал хийгээд хүний хөгжилд хандах зарчмыг үндэс болгон
ü Баримт материалын анализын арга,
ü Баримт шинжилгээний арга,
ü Харьцуулах, нэгтгэн дүгнэх,
ü Загварчлал, задлан шинжлэх, эрэмбэлэх,
ü Агуулга анализын арга
ü Чанарын судалгааны арга,
ü Тоон арга,
ü SWOT шинжилгээний арга
ü SPSS судалгааны арга
ü Фокус ярилцлага
ü Ажиглалт
ü Түүвэр судалгааны арга,
ü Үнэлгээ,
ü Санал асуулгын арга,
ü Математик статистикийн боловсруулалтын арга зүйг ашиглав.
Боловсролын удирдлагын мэдээллийн системийн асуудлыг ерөнхий боловсролын түвшинд авч үзэж, салбарын хэмжээнд мэдээллийн урсгал, мэдээллийн агуулга, хэрэгцээг сайжруулах, мэдээллийг бодит болгох, хэрэглэгчдэд тархаах, боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг бодитой тооцох, салбарын үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг орчны хамааралтайгаар тогтоох оролдлогыг онол, арга зүйн хувьд авч үзсэнээрээ шинэлэг талтай юм.
Судалгааны ажлын бүтэц
Монгол Улсын боловсролын салбарт удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлж буйг судлах нь (Ерөнхий боловсролын жишээн дээр) сэдэвт Боловсролын ухааны докторын зэрэг горилж буй нэг сэдэвт бүтээл нь удиртгал, үндсэн гурван бүлэг, дэд есөн бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
ДҮГНЭЛТ
Боловсролын үйл ажиллагаа нь нарийн төвөгтэй, олон хүн, байгууллагыг хамарсан байдаг тул мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлснээрээ илүү үнэн зөв, нээлттэй, уян хатан, оновчтой үйл ажиллагаа явуулахад МС-ийг ашиглах нь илүү өргөн боломжийг бий болгодог байна.
Зах зээлийг хүмүүст ойртуулж, сонголтыг нь өргөжүүлдэг даяаршлын үйл явц олон улсын чиг хандлага, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлдвэрлэл, технологи, соёлын үнэт зүйлст гарах өөрчлөлтүүдээр дамжин өрх гэр, хүүхдийн амьдралд нөлөөлж улмаар боловсролын чанартай үйлчилгээг жигд хүртэх боломжийг дэмжих, боловсролын үйлчилгээнд хамрагдагчдад бодит мэдээлэлд үндэслэсэн оновчтой шийдвэр гаргах боломжийг бүрдүүлсэн боловсролын салбарын мэдээллийн системийг хөгжүүлэх нь чухлаар тавигдаж байна.
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын ерөнхий боловсролын удирдлагын мэдээллийн системийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон боловсронгуй болгох боломжийг судаллаа.
1-р бүлэгт систем, мэдээллийн систем болон БУМС-ийн онолын үндсийг, 2-р бүлэгт Монгол Улсын ерөнхий боловсролын УМС-ийн өнөөгийн байдлын шинжилгээг, 3-р бүлэгт онолын болоод судалгааны үр дүнд тулгуурлан тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид МС-ийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглан, цогц, амжилттай системийг бий болгоход дэмжлэг үзүүлэх саналыг дэвшүүлсэн болно.
Судалгааны үр дүнгээс харахад ерөнхий боловсролын удирдлагын мэдээллийн системийг үр дүнтэй нэвтрүүлснээр хариуцлагыг сайжирч, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг бий болгох бөгөөд цаашид салбарын хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг бодитой дэвшүүлэн удирдлагыг зөв зохион байгуулах боломжийг бий болгох төдийгүй иргэдийн итгэлцлийг бэхжүүлэх мэдээлэлжсэн нийгмийг байгуулах, мэдээлэлжүүлэлтийн хоцрогдлыг арилгах, тогтвортой хөгжлийг хангах замаар хүний хөгжлийг дэмжих юм.
Мөн салбарын удирдлагын үйл ажиллагааг оновчтой болгож, зөв шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлэн, хүний үйл ажиллагааг хөнгөвчилж, эдийн засгийн хувьд өөрийн өртгийг хэд дахин нөхдөг бөгөөд цаашлан шууд болон шууд бус хэмнэлтийг гаргах, түүнээс гарах үр ашиг багаар бодоход тухайн салбарын цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хэмнэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөний нэг чухал хэрэгсэл болж хувирдаг болохыг судалгааны ажил нотолж байна.
Системийг нэвтрүүлснээр боловсролын салбарт тодорхой өөрчлөлтийг бий болгох төдийгүй боловсруулах үйл явц нь урт хугацааг хамарсан, цар хүрээний хувьд өргөн, хөрөнгө оруулалтын хувьд өндөр өртөгтэй ажил учраас гарах эрсдэл тэр хэмжээгээр их байх тул энэхүү судалгааны ажил нь бага ч болов эрсдлийг бууруулахад нэмэр болж, хөгжлийг хурдасгахад нөлөөлөн Монгол Улсын боловсролын салбарт УМС-ийг улам боловсронгуй болгож, цаашид үр дүнд суурилсан цогц амжилттай системийг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 386
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :