Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хоршооны санхүүгийн менежментийг сайжруулах нь (Баруун бүсийн малчин гишүүнтэй хоршооны жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3430
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : ашигт ажиллагаа, ашиг, борлуулалтын орлого, борлуулалтын орлогын өсөлт, ногдол ашиг

Аннотаци

Докторын зэрэг горилсон судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын хоршооны санхүүгийн менежментийн өнөөгийн байдлыг баруун бүсийн хоршоодын жишээн дээр судалж, тэдгээрийн өмнө тулгамдаж буй асуудлыг илрүүлэн гаргаж шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино. Судалгааны ажлын зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
• Санхүүгийн менежментийн онол болон хоршооны санхүүгийн шинжилгээ гүйцэтгэх онол, арга зүйн чиглэлээр онолын болон эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншиж судлах,
• Баруун бүсийн хоршооны санхүүгийн менежментийн өнөөгийн байдлын судалгааг гүйцэтгэх,
• Монгол Улсын санхүүгийн менежментийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлох,
• Монгол улсын хоршооны санхүүгийн менежментийг сайжруулах арга замуудыг тодорхойлох.
Докторын ажил гүйцэтгэсний үр дүнд дараах дүгнэлтүүд гарсан болно. Үүнд:
• Монгол улсын нийт хоршооны тал хувийг хөдөө дэх хоршоод эзэлж байна. Хөдөө дэх хоршооны тоо, гишүүдийн тоо жилээс жилд өсч байгаа боловч үйл ажиллагааны чиглэл нь өргөжөөгүй, засаглал, хүний нөөц, үйлдвэрлэл, зах зээлийн хувьд бэхжээгүй байна. Хоршооны санхүүгийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, тогтмол, байнгын, үр ашигтай ажиллагаатай болгохын тулд хоршооны зарчим, онцлог, дүрэм, журмыг боловсронгуй болгох, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийг сайжруулах хэрэгтэй байгаа нь судалгаанаас харагдлаа.
• Хоршооны санхүүгийн шинжилгээний үр дүнд, хоршооны ашигт нөлөөлөх хүчин зүйлс нь Засгийн газрын ноос, ноолууранд өгдөг урамшуулал, даргын боловсролын түвшин, хоршооны ажилласан жилийн туршлага бол ашигт ажиллагаанд хоршооны дүрмийн сан, түүхий эд бэлтгэлийн үнийн дүн, мал аж ахуйгаас гадна жижиг, дунд бизнес, газар тариалангийн салбарыг хослон эрхлэх явдал нөлөөлж байгаа ба эдгээр хүчин зүйлс хоршооны ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлнэ. Хоршооны борлуулалтын орлогод үйл ажиллагааны чиглэлээс илүүтэй түүхий эд бэлтгэлийн үнийн дүн чухал хамааралтай байгаа бол борлуулалтын орлогын өсөлтөнд хоршооны дүрмийн сан, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, жижиг дунд бизнес эрхлэлт, газар тариалангийн үйлдвэрлэлийг хослон эрхлэх нь чухал хамааралтай бөгөөд эдгээр хүчин зүйлс нь борлуулалтын орлогын өсөлтийг нөхцөлдүүлэх гол хүчин зүйлс болж байна.
• Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хоршооны хөгжлийг дэмжих тууштай, тасралтгүй бодлого, өргөн хүрээтэй арга хэмжээ дутагдаж байгаагаас үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн хэтийн чиг хандлага нь тодорхойгүй, дор бүрдээ амиа аргацаасан шинжтэй байна. Хоршооны өмнө санхүү, мөнгө, хууль эрх зүй, үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах гэх мэт олон шийдэгдээгүй асуудлууд байсаар байгаа нь судалгаагаар батлагдлаа.
• Өнөөгийн хоршооны санхүүгийн үйл ажиллагаа нь Засгийн газраас олгодог түүхий эдийн урамшуулалд түшиглэсэн байгаа бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ чиглэлд диверсификаци хийхэд боловсон хүчний мэдлэг чадвар сул, хөрөнгийн эх үүсвэргүй байх, хууль эрх зүйн зохицуулалт сул зэрэг саад бологч хүчин зүйлс байгаа нь нотлогдлоо.
• Хоршоод өөрсдийн зүгээс ногдол ашиг, цалингийн хуваарилалтыг системийг мөрдөх, мэргэжлийн хувьд сайн бэлтгэгдсэн мэдлэг, чадвар бүхий багаар ажиллах болон хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай дарга, мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, үйл ажиллагаандаа диверсификаци хийж, ойрын, дунд, урт хугацааны стратегийг боловсруулж ажилласнаар санхүүгийн менежментийг сайжруулах нөхцөл бүрдэнэ.
• Төрөөс хоршооны гишүүдийн хүн амын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэх, аудитын уян хатан бодлого баримтлах, үнэт цаас гаргаж хөрөнгийн эх үүсвэр татах, хөрөнгийн зах зээлийн оролцогч байхыг дэмжих, хүний нөөцийг бүрдүүлэх, зах зээлийн сүлжээний тогтолцоог бий болгох арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй нь судалгаагаар нотлогдлоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 228
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :