Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Их,дээд сургуулийн институцийн шинэчлэл ба санхүүжилтийн асуудлууд



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3417
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Чанарын стандарт, дээд боловсрол, их, дээд сургууль, сургалтын чанар хандив орлого сургалтын төлбөр, санхүүжилт

Аннотаци

Их, дээд сургууль нь эдийн засгийн өсөлтийн суурь болсон техник болон удирдлагын өндөр чадвар бүхий мэргэжилтнийг бэлтгэх зорилготой. Их, дээд сургууль нь мэдлэг үйлдвэрлэх, нийгэмд үйлчлэх, судалгаа шинжилгээ, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх чухал үүргийг гүйцэтгэдэг. Технологийн асар хурдацтай өөрчлөлт, даяаршлын эрин үед дээд боловсролын байгууллагуудын гүйцэтгэж байгаа үүрэг нэн чухал бөгөөд тэд бүс нутгийн хөгжлийг дэмжин, үндэсний хөгжлийн механизмын чухал хэсэг болж байдаг.
Дээд боловсролын сургалтын байгууллагууд нь улсын төсвөөс гадуур нэмэлт нөөц ашиглах (төлбөртэй сургалт явуулах), ядуу, амьжиргааны түвшин доогуур өрхийн ам бүлээс гаралтай оюутанд төрийн сангийн болон хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгох, сургалтын байгууллагуудын сургалт, эрдэм шинжилгээний хүрээг тэлэх, хувийн хэвшлийн санаачлагаар сургууль байгуулах, Засгийн газрын оролцоог багасгах чиглэлд дэвшилттэй арга хэмжээнүүдийг авч явуулсан байна. Эдгээр арга хэмжээг нийтээрээ хүлээн зөвшөөрч, хөгжилтэй орнуудад эхлэн хэрэгжиж, улмаар Дэлхийн болон Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар төсөл хөтөлбөрүүдийг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж байна.
Монгол улсын шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гуравдугаарт “Эрдэм боловсролтой монгол хүн” хэсэгт “Монголын онцлогтой, олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг Монгол эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил хөдөлмөр хийх боломжтой байх, эх орны хөгжлийн ирээдүй Монгол хүнээ сургаж бэлтгэх нь боловсролын салбарын гол зорилт байх болно” гэж заасан байна. Үүний үндсэн дээр боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны тэргүүлэх 4 чиглэлийн дагуу оюутан, багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, тогтолцооны шинэчлэл хийх, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх, боловсрол, шинжлэх ухааны салбарын менежмент эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх зэрэгт анхаарч ажиллаж байна.
Монгол Улсын “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хуульд дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр, дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах зарчмыг тус тус тодорхой болгож, улс орны эдийн засгийн амьдралын чухал суурь болсон боловсролын үнэ цэнийг хүлээн зөвшөөрч байгаа нь боловсролын үйлчилгээ болон төгсөгчдийн эрэлт хэрэгцээ, ялангуяа дээд боловсролын хөгжлийн түвшин хурдан өсөхөд нөлөөлөх боломжтой гэж үзэж байна.
Судалгаанд хамруулсан дэлхийн улс орнуудын хөгжилд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь боловсрол, боловсролын салбарын эдийн засаг, санхүүжилтийн асуудал гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Дэлхийн улс орнуудын хөгжилд хүрсэн туршлагуудыг судалж үзэхэд боловсролын салбартаа хөрөнгө их зарцуулдаг, түүнийхээ үр дүнд судалгааны ажлуудыг бүрэн утгаар нь хийж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангадаг байна. Их, дээд сургууль мэдлэгийг баялаг болгоход технологи дамжуулах нэгж, гарааны компани, жижиг дунд үйлдвэрүүдэд туршилт судалгааны ажлыг нэвтрүүлэх, улс орны хөгжлийн төлөө боловсрол, шинжлэх ухааны салбарын менежмент, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх зайлшгүй шаардлага урган гарч байна.
Боловсролын байгууллагад ажиллаж буй мэргэжилтэн, судлаачийн хувьд манай орны боловсролын байгууллагуудад санхүүжилтийн эх үүсвэрийн тодорхой асуудлууд шийдэгдэж чадахгүй байгааг олж харсан бөгөөд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн асуудлыг боловсронгуй болгох арга замыг зайлшгүй шийдвэрлэх шаардлага байна гэж үзээд “Их, дээд сургуулийн институцийн шинэчлэл ба санхүүжилтийн асуудлууд” сэдвийг сонгон авч, судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Судалгааны ажлын зорилго:
Гадаадын улс орнуудын дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн өнөөгийн байдлыг харьцуулан судалж, цаашдын чиг хандлагыг тооцох замаар монголын дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн асуудлыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход оршино.
Судалгааны ажлын зорилт: Зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Үүнд:
 Дээд боловсролын институцийн шинэчлэл, санхүүжилтийн үндэс, эх үүсвэрийг судлах,
 Гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагуудын санхүүжилтийн туршлагыг харьцуулан судлах,
 Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын санхүүжилтийн өнөөгийн байдлыг судлах, шинжилгээ хийх,
 Дээд боловсролын байгууллагын санхүүжилтийн асуудлыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох болно.
Судалгааны арга: Энэхүү бүтээлд баримт материалын анализын арга, харьцуулах, нэгтгэн дүгнэх, фокус ярилцлага, задлан шинжлэх, агуулга анализын болон асуулга, математик статистикийн аргыг тус тус хэрэглэсэн болно.
Судалгааны объект: Шинжлэх ухаан, технологийн их сургууль
Судалгааны ажлын шинэлэг тал:
 Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын санхүүжилтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн.
 Дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн асуудлыг боловсронгуй болгох арга замыг боловсруулсан.
Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол: Энэхүү судалгааны ажлаар монголын их, дээд сургуулийн сургалтын байгууллагын шинэчлэл, санхүүжилтийн асуудлын уялдааг хангах, тэдгээрийг боловсронгуй болгох арга замыг тодорхойлж, хэрэгжүүлэх боломжийг судалсан нь цаашид нэвтрүүлэх үндэслэлтэй, дараа дараагийн судлаач нарт судлагдахуун болгон ашиглах боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 342
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :