Монголчууд эрт дээр үеэс адууг уналга эдэлгээнд ашиглах, уралдуулахын зэрэгцээ түүний сүү, махыг хүнсэндээ хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай.
Манай улс дэлхийд адууны тоогоор VI-т, мянган хүнд ноогдох адуугаар эхний байранд ордог бөгөөд хамгийн сүүлчийн мал тооллогын дүнгээр манай улсын адууны тоо 3 саяд хүрээд байна.
Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж, хөгжихийн хирээр монголчууд адууг уналга эдэлгээнд ашиглах нь багасч харин морин уралдаан улам бүр хөгжиж, морь сонирхогчид хурдан морины эрэлд гарч, хурдны угшил сайтай зүүн аймгийн адуун сүргээс төвийн болон баруун аймгууд руу хурдан адуу худалдан авч зөөсөөр байна.
Түүнээс гадна гадаад орнуудаас өндөр үнэтэй цэвэр цусны гэгдэх, удам судрын нарийн бүртгэлтэй эсэх нь үл мэдэгдэх азарга, гүү олноор нь оруулж ирэн дур дураараа эрлийзжүүлэг явуулж байхад түүнийг зохицуулсан хууль, тогтоомж, дүрэм, журам байхгүй байгаа нь нутгийн монгол адууны үнэт генефондыг эвдэх, урьд өмнө байгаагүй өвчин эмгэг үүсэх зэрэг эрсдлийг дагуулж байна.
Ард түмний дунд шинэ монгол адуу, эрлийз адуу, энэ нь сайн, тэр нь муу, эсвэл монгол адуугаа устгах гэж байна гэх мэт үг яриа гарч, аль нь зөв, аль нь буруу болоод байгааг ялгаж салгаж ойлгоход туйлын бэрхшээлтэй болоод байхад энэ талаар хийгдсэн дорвитой судалгааны ажил байхгүй байгаа байна.
Иймээс бид Араб болон цэвэр цусны Англи адууг нутгийн монгол адуутай эрлийзжүүлжүүлэхэд монгол адуу хэрхэн сайжирч байгаа, эрлийзжүүлгийн аль арга нь тохиромжтой болох, ямар үүлдрийг эрлийзжүүлэгт ашиглах нь монгол адууг сайжруулахад илүү зохицох талаар судалгаа хийж ард түмэндээ, адуу сонирхогчиддоо үнэн бодитой, шинжлэх ухааны үндэстэй мэдлэг мэдээлэл хүргэх зайлшгүй шаардлагын үүднээс энэхүү сэдвийг сонгож судалсан болно.
Уг судалгааны ажлыг Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд үржүүлдэг өөрийн эзэмшлийн адуун сүраг дээр 2010-2015 онд 5 давталттай хийж гүйцэтгэн энэхүү бүтээлээ туурвисан юм.
Уг бүтээлд Араб, Англи цэвэр цусны азрагыг монгол адуунд цус сайжруулагчаар ашиглан гаргасан нэг ба хоёрдугаар үеийн эрлийз болон 3 үүлдэр оролцсон эрлийз адууны өсөлт хөгжилт, бие цогцос галбирын онцлог, тэдгээрийн физиологи, биохими, хурдлах чадварын зарим үзүүлэлтийг тогтоох, үнэлэх замаар цаашид шилэн сонголт, тохируулан сонголтын оновчтой арга хэлбэрийг ашиглан хурдны удам, угшилтай монгол адуу буй болгох үндсэн зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж гүйцэтгэсэн болно. Үүнд:
1. Монгол болон эрлийз унаганы амьдын жин, өсөлт хөгжилтийг төрөх үе болон 3 ба 6-7 сартайн үзүүлэлтээр харьцуулан судлах
2. Монгол болон эрлийз бүх насны адууг амьдын жин, биеийн үндсэн хэмжээ, заалтуудаар харьцуулан үнэлэх
3. Адууны биеийн хэсгүүдэд үнэлгээ өгөх замаар эх, эцгийн шинж эрлийз адууны галбир, бие цогцост хэрхэн илэрч байгааг судлах
4. Монгол болон эрлийз адууны холын зайд уралдах чадварыг дунд сунгааны газар уралдуулж км/цагийн хурдыг тогтоох
5. Монгол болон эрлийз адууны амьсгалын тоо, зүрхний цохилт,биеийн температур, цусан дахь сүүний хүчлийн хэмжээг тайван үед болон уралдуулж ирсний дараа судалж тогтоох зэрэг болно.
Бид арга зүйн дагуу монгол болон эрлийз адуунд судалгаа явуулахдаа доорхи 6 бүлгийн адууг хамруулж судаллаа.Үүнд:
1. Монгол адуу
2. Англи х Монгол (F1)буюу (Англи, Монголын нэгдүгээр үеийн эрлийз адуу)
3. Араб х Монгол (F1) буюу (Араб, Монголын нэгдүгээр үеийн эрлийз адуу)
4. Англи х Монгол (F1)х Араб х Монгол F1) буюу (Араб, Англи, Монгол 3 үүлдэр оролцсон адуу)
5. Англи х Монгол (F1) х Монгол буюу (Буцаах эрлийзжүүлгээр гарсан Англи, Монголын эрлийз цус сайжруулсан адууг энэ бүтээлд хоёрдугаар үеийн эрлийз адуу гэж оруулсан болно.)
6.Араб х Монгол (F1) х Монгол (Буцаах эрлийзжүүлгээр гарсан Араб, Монголын эрлийз цус сайжруулсан адууг энэ бүтээлд мөн хоёрдугаар үеийн эрлийз адуу гэж оруулсан болно.)
Ийнхүү бидний судалгаагаар Араб болон цэвэр цусны Англи азаргаар нутгийн Монгол адууг эрлийзжүүлэхэд монгол адууны амьдын жин
24.0-
55.9 кг-аар буюу
9.4-
17.3 хувиар (p<
0.01) тус тус бүртгэл зүйн хувьд бодитой нэмэгдэж байна.
Араб болон Англи азаргыг сайжруулагчаар ашигласнаар сайжирсан монгол унаганы төрөх үеийн жин
3.7-
6.4 кг-аар буюу
10.6-
18.3 хувиар нэмэгддэг байна.
Унага эхээс төрснөөс хойш 2 сартай болох хүртлээ хоногт дунджаар 626 граммаар, 2-7 сартайдаа хоногт дунджаар
642.8 граммаар өсч 6-7 сартайдаа дунджаар
150.5±1.43 кг жин дарж байгаа бөгөөд өвлийг давж хавартай золгосон 12 сартай даага
199.0±
3.93кг жинд хүрч төрөх үеийнхээ жинг дунджаар
119.3 кг буюу
3.2 дахин нэмэгдүүлдэг ба эрлийз унаганууд монгол унаганы нэгэн адил эхийн хамт адуун сүрэгтэйгээ дан бэлчээрийн маллагаанд ажралгүй өвөл, хаврыг туулж байлаа.
Араб болон Англи азаргыг нутгийн монгол адуунд сайжруулагчаар ашиглахад монгол адууны мундааны өндөр 2-5 см, хондлойн өндөр 1-6 см, залааны өндөр 3-7 см, цээжний бүслүүр 2-16см, цээжний гүн 3-16 см, биеийн ташуу урт 3-22 см, шилбэний бүслүүр
0.3-
0.6 см тус тус нэмэгдэж байв.
Адууны бие цогцос галбирын онцлог нь эх ба эцгээс үр төлдөө мэдэгдэхүйц удамшин илэрч байна. Араб болон Англи азаргаар монгол гүүг гишгүүлж гаргаж авсан нэг ба хоёрдугаар үеийн эрлийз болон 3 үүлдэр оролцсон эрлийз адуу нь сайжруулагч талаасаа бат бөх 4 чац, шингэн дэл, сүүл, хөнгөн яс бүхий гоёмсог бие цогцос, өл даах чадвар, биедээ зохицсон матааслаг хавирга, өргөн гүн цээж, холд уралдах төрмөл зан араншинг тодорхойлсон, зүрх зоригийг илтгэсэн гоё сайхан, тунгалаг нүд, уран гоё чих, гоё ганган галбир хийц, хөлийн тавьц, гишгэлтийг,мөн өндөр хурд гаргах чадварыг тус тус удамшуулан авч байгаа бол харин монгол талаасаа дасан зохицох чадвар, тэвчээр хатуужил, шунаг давхил, үл цуцах байдал зэрэг үнэт шинжүүдийг авч төрсөн болох нь бидний судалгааны үр дүнд тодорхойлогдсон болно.
Эрлийз адууны амьсгалын тоо тайван үед дунджаар 20-
20.5, уралдаж ирсэний дараа наснаас хамааран 50-78 буюу монгол адууныхаас 5-16-аар илүү байгаа нь цэвэр үүлдрийн адуугаар цус сайжруулсанаар бие томрон хавирганы матаас ихэсч тэр хэмжээгээр уушигны багтаамж нэмэгдэн монгол адууны физиологийн үзүүлэлтэд өөрчлөлт гарч байна.
Зүрхний цохилтын тоо тайван үед 40-60, уралдуулж ирсэний дараа эрлийз адууных 155-205 байхад монгол адууных 135-160 байна.
Бидний хийсэн судалгаагаар их насны морь
16.5 м/сек, соёолон
17.1 м/сек, хязаалан
13.0 м/сек, шүдлэн
13.5 м/сек, даага
10.6 м/сек тус тус хурдалж байна.
Хурдан морьдын цусан дахь сүүний хүчлийн хэмжээ тайван байх үед 1.16-
5.79 ммоль/л хооронд хэлбэлзэж дунджаар
2.54 ммоль/л, их ачааллын үед буюу уралдуулж ирсний дараа
10.63-
21.8 ммоль/л хооронд хэлбэлзэж дунджаар
16.00 ммоль/л хэмжээтэй байдаг болохыг Монголд анх удаа тогтоов.
Дүгнэж хэлэхэд Араб адуу нь олон янзын хэвшилтэй, сүүлийн үед дэлхий нийтэд уралдах нь цөөн болсныг харгалзан, харин дэлхийн сонгодог уралдааны цорын ганц төлөөлөгч болох цэвэр цусны Англи адуу нь хагас сая жилийн турш зөвхөн уралдуулах зорилгоор селекци хийгдэж байгааг онцлон үзэж цэвэр цусны Англи азаргаар нутгийн монгол адуугаа сайжруулах нь оновчтой байна гэж үзлээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0