Энэхүү судалгаа нь хөгжиж буй улсын уул уурхайн салбар болон байгаль орчны удирдлагын жишээн дээр тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлыг авч үзсэн. Оролцоонд суурилсан, тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн буюу хариуцлагатай уул уурхайг хөгжиж буй улсуудад, тухайлбал Монгол улсад хөгжүүлэхдээ байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээг ардчилах явдал чухал гэдгийг уг судалгаа онцолсон.
Байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээ нь байгаль орчны шийдвэр гаргалтын нэг хэрэгсэл бөгөөд аливаа төсөл, тухайлбал уул уурхай, зам зэрэг нь хэрэгжиж эхлэхээс өмнө тухайн төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлж болзошгүй сөрөг үр нөлөөг хэмжиж, эдгээрийг бууруулах боломжтой бол төслийн явцад байгаль орчныг хамгаалах жил бүрийн төлөвлөгөөнд нөлөөллийг бууруулах арга хэмжээ, холбогдох төсвийг суулган хэрэгжүүлэхэд түлхэц болдог гол баримт бичиг юм. Уул уурхайн төсөл хэрэгжих орон нутгийн иргэд нь ихэнх улсын хуулиар байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээнд оролцох эрхтэй байдаг. Хөгжиж буй улсуудад уул уурхайн төслүүдийн эсрэг өрнөдөг үл ойлголцол, маргаан, цаашлаад эсэргүүцэл нь уул уурхайн салбарын оролцогч талуудын хоорондох үл ойлголцол, зөвшилцөл хийдэггүй, орон нутгийн иргэдийн дуу хоолойг сайн сонсоогүйгээс болдог.
Уг судалгаа нь Брауны 2009 онд дэвшүүлэн гаргасан диалог нягтлан бодох бүртгэлийн үзэл баримтлалын хүрээ, байгаль орчин, нийгмийн нягтлан бодох бүртгэл, эгэх хариуцлага, оролцогч талуудын онолд суурилан Монгол улсад хэрэгжиж буй байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээг судлан шинжлэх, түүний хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд оруулж болох хувь нэмрийг үнэлэх зорилгоор хийгдсэн. Байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээн дэх иргэдийн оролцооны өнөөгийн байдал, төрийн бус байгууллагуудын иргэдийг зохион байгуулж байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээнд оролцуулах, оролцогч талуудын дунд диалог хийх замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, улмаар тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг эрэлхийлсэн судалгаа болно
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 21
Ишлэгдсэн тоо : 0