Сүүлийн жилүүдэд хүүхдийн уушги-гуурсан хоолойн архаг эмгэг нэмэгдсээр байгаа нь хүүхдийн эмч нарын практикт чухал асуудал болоод байгаа бөгөөд эмнэлзүйн явц, илрэл нь эрт тахир дутуу болгож байна (Волков И.К., 2003, Таточенко В.К., 2009, Козлов В.А., 2010, Суркова Е.А.,2010). Хүүхдийн уушгины архаг үрэвсэлт өвчний эмгэг жамын үндэс нь уушги-гуурсан хоолойн төрөлхийн гаж хөгжил болон бусад шалтгаанаар үүссэн эдийн бүтцийн өөрчлөлтийн түвшинд удаан хугацаанд үргэлжлэх үрэвслийн процесс юм (Рачинский С.В.,2000; Волков И.К., 2008; Gatzoulis M.A. et al.,2009).
Хүүхдийн уушгины архаг үрэвслийн хамгийн аюултай хүндрэл бол уушгины артерийн даралт ихсэх эмгэг бөгөөд амьсгалын эрхтний удамшлын ба төрөлхийн эмгэгийн бүх хэлбэрийн үед хэдэн жилийн турш үргэлжлэн үүсдэг (Чазова И.Е.,2010, Шаповалова Т.Г.,2010; Alan B. et al., 2010;). Уушгины артерийн даралт ихсэх эмгэгийн цорын ганц шалтгааныг олно гэдэг хэцүү. Энэ эмгэг маш олон өөрчлөлтийн суурин дээр үүсдэг боловч зүрхний баруун тал, уушгины цусан хангамжийн өөрчлөлттэй холбоотой байдаг байна (Opitz C.F. et al.,2010; Grignola J.C.,2011).
Уушгины артерийн даралт ихсэх эмгэг нь шалтгаанаас үл хамааран уушгины артерийн судасны эсэргүүцэл аажим нэмэгдэн даралт ихэссээр хүнд хэлбэрийн баруун ховдлын дутагдал үүсгэдэг (McLaughlin V.V. et al.,2009; Sakao S. et al., 2009; Humbert M., 2010). Энэ архаг давшилтат эмгэгийн эмгэгфизиологын механизм нь бат бэх тойрог үүсгэсэн байх ба хүүхдийн биеийн байдал улам дордон, амьдралын чанар буурч, эрт нас барах шалтгаан болсоор байна (Nathan S.D., 2008; Galie N. et al, 2009; Saouti N. et al., 2010; Dumas de la Roque E. et al.,2011).
Уушгины артерийн даралт ихсэх эмгэгийг эрт илрүүлэх, оношлох нь энэ эмгэгийг эмчлэхээс ч багагүйгээр бэрхшээлтэй байна. Анагаахын практикт уушгины артерийн даралт ихсэх эмгэгийг оношлох, эмчлэх боломж тун хязгаарлагдмал байна (O’Callaghan D.S. et al., 2008).
Уушгиын артерийн даралт ихсэх эмгэг 6-10% нь удамшилтай холбоотой бөгөөд ихэнх (50-90%) нь BMPR2 (bone morphogenetic protein receptor 2) генийн мутацитай холбоотой байдаг байна. Гэвч генийн бүрэн бус мутациас шалтгаалан оношлогдох үеийн өвчтөний нас, өвчний явц зэрэг нь янз бүр байна. Биеэ даасан уушгины артерийн даралт ихсэх эмгэг (идиопатическая легочная гипертензия) нь ихэвчлэн дунд насны өвчтөнд оношлогдоно (30-40 нас).
Уушгины артерийн даралт ихсэх эмгэг ба уушгин зүрх үүсэх үндсэн хүчин зүйлүүд нь: удамшлын болон төрөлхийн эмгэгүүд, гуурсан хоолойн тархмал өөрчлөлтүүд, цээжний хэнхэрцэг ясны хүнд хэлбэрийн гажилт (деформаци), гадаад амьсгалын үйл ажиллагааны илт хүнд дутал.
Уушгины артерийн даралт ихсэх эмгэг нь үйл ажиллагааны гаралтай буюу эргэх процесс байж болох ба органик өөрчлөлттэй холбоотой буюу уушгины судасны багцад эргэшгүй бүтцийн өөрчлөлт үүсгэсэн байдаг. Уушгины артерийн даралт ихсэх эмгэгийн илрэл нь уушги-гуурсан хоолойн эмгэгийн хэлбэр, хүндийн зэрэг, үе шатаас хамаарна. Зүрхний баруун ховдлын ачаалал нь тасралтгүй аажим нэмэгдэх ба уушгины артерийн даралт ихсэх эмгэгийн хожуу үеийн шинж бөгөөд зүрхний дутагдлын эсрэг чиглэгдсэн эмчилгээ шаардагдана. Ийм учраас уушгины артерийн даралт ихсэх эмгэгийг эрт оношлох нь уушгины эмч нарын практикт чухал асуудал байсаар байна.
Уушги-гуурсан хоолойн архаг эмгэгийн эдэд үүссэн бүтцийн өөрчлөлтийн зэргийг тодорхойлохын тулд орчин үеийн шинэлэг аргуудын нэг болох биологийн идэвхит нэгдлийг тоон үзүүлэлтийн аргаар тодорхойлох бөгөөд эдийн хатуурлын биомаркер болгон ашиглах боломжтой, түүнчлэн хүүхдэд тохиолдох эдгээр эмгэгийн үед үрэвслийн эсрэг эмчилгээний үр дүнг үнэлэх боломжтой болно (Смирнов И.Е., 2002).
Сүүлийн жилүүдэд судалгаагаар амьсгалын эрхтний хэсгийн болон системийн урвал нь эс хоорондын холбоосын тусламжтайгаар зохицуулагдаж байдаг нь нотлогдсоор байгаа бөгөөд цитокинуудын ялгарал - интерлейкин (ИЛ), өсөлтийн зөөвөрлөх фактор-β1 (ТGF-β1), азотын исэл (NO) и эндотелин-1 (ЭТ-1), мөн эсийн гаднах орчны (матрикс) - матриксын металлопротеиназ (MMP) ба түүний эдийн саатуулагч (ингибитор) (TIMMP-1) – ыг тодорхойлсоноор уушгины эдийн ферментийн идэвхжлийг тогтоох боломжтой (Huang M.et al., 2002; Sakao S. et al., 2009; Diller G.P.et al.,2010; Kawanabe Y. et al., 2011).
Өнөөдрийг хүртэл уушги-гуурсан хоолойн архаг эмгэгтэй хүүхдэд уушгины артерийн даралт ихсэх шинж хэрхэн үүсч, нэмэгдэж байгааг илтгэх нэн чухал биозохицуулгат-молекулын оролцооны эмгэг-физиологын үнэлэмжийг судалсан судалгаа шинжилгээ хангалтгүй байна. Ийм учраас уушгины артерийн даралт ихсэх эмгэгийг оношлоход эдгээр нэгдлүүдийн үзүүзлэлтийг судлах нь нэн чухал байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд, мөн түүнчлэн уушги-гуурсан хоолойн архаг эмгэгтэй хүүхдэд уушгины артерийн даралт ихсэх шинж нэмэгдэхээс сэргийлэх оновчтой эмчилгээний тактик боловсруулахад эрдэм шинжилгээний ажлын зорилго оршино.
Судалгааны ажлын зорилго: уушги-гуурсан хоолойн удамшлын ба төрөлхийн эмгэгтэй хүүхдэд үүссэн уушгины артерийн даралт ихсэх үеийг эрт, оновчтой оношлохын тулд цусан дахь цитокины ба азотын исэлийн хөдлөл зүйг тогтоох
Судалгааны ажлын зорилт:
1. уушги-гуурсан хоолойн удамшлын ба төрөлхийн эмгэгтэй хүүхдэд үүссэн уушгины артерийн даралт ихсэх үеийн эмнэлзүйн шинж, тохиолдолыг илрүүлэх,
2. уушги-гуурсан хоолойн удамшлын ба төрөлхийн эмгэгтэй хүүхдэд үүссэн уушгины артерийн даралт ихсэх үеийн бүх хэлбэрийн үед цусан дахь цитокины хөдлөл зүйг тодорхойлох (интерлейкинууд, өсөлтийн зөөвөрлөх фактор-β1),
3. уушги-гуурсан хоолойн удамшлын ба төрөлхийн эмгэгтэй хүүхдэд үүссэн уушгины артерийн даралт ихсэх бүх үе шатанд цусан дахь азотын исэл ба эндотелина-1 хөдлөл зүйг тодорхойлох,
4. уушги-гуурсан хоолойн удамшлын ба төрөлхийн эмгэгтэй хүүхдэд үүссэн уушгины артерийн даралт ихсэх үеийн бүх илрэлийн үед матриксын металлопротеиназ ба түүний эдийн саатуулагчын идэвхжлийг тогтоох,
5. уушги-гуурсан хоолойн удамшлын ба төрөлхийн эмгэгтэй хүүхдэд үүссэн уушгины артерийн даралт ихсэх бүх үе шатанд судлагдсан биомаркеруудын оношын ач холбогдлыг тодорхойлох.
Шинжлэх ухааны шинэлэг тал
Анх удаа эндогенный интерлейкинууд, өсөлтийн зөөвөрлөх фактор-β1, эндотелийн дисфункцийн маркер ба матриксын металлопротеиназын өөрчлөлтийг иж бүрдэл байдлаар судлагдсан ба уушги-гуурсан хоолойн удамшлын ба төрөлхийн эмгэгтэй хүүхдэд үүссэн уушгины артерийн даралт ихсэх бүх үе шатанд эдгээр биомаркеруудын цусан дахь үзүүлэлт нь оношын ач холбогдолтой нь батлагдсан.
Анх удаа уушги-гуурсан хоолойн удамшлын ба төрөлхийн эмгэгтэй хүүхдэд үүссэн уушгины артерийн даралт ихсэх эмгэгийн бүх хэлбэрийн үед оношлогооны эрт үеийн клиник-биохимийн критерийг тодорхойлсон ба уушгины артерийн даралт ихэссэн бүх хэлбэрийн үед эндогенны цитокинууд, азотын исэл ба матриксын металлопротеиназын идэвхжлийн хөдлөл зүйг тодорхойлсон.
Анх удаа хүүхдийн уушгины артерийн даралт ихсэх эмгэг үүсэх хэмнэл нь уушгины үрэвслийн процесс архагших хугацаа ба уушгины эдийн хатуурлын үе шатаас хамаарах хамааралыг тогтоосон.
Практик ач холбогдол
Судалгаагаар тодорхойлогдсон цусан дахь интерлейкинууд, өсөлтийн зөөвөрлөх фактор-β1, эндотелийн дисфункцийн маркер ба матриксын металлопротеиназын үзүүлэлтүүдийг анх удаа уушги-гуурсан хоолойн удамшлын ба төрөлхийн эмгэгтэй хүүхдэд үүссэн уушгины артерийн даралт ихсэх эмгэгийн критери болгон ашиглах боломж олгож байна.
Гарган авсан лабораторийн үзүүлэлтүүд нь уушги-гуурсан хоолойн удамшлын ба төрөлхийн эмгэгтэй хүүхдэд үүсэх уушгины артерийн даралт ихсэх эмгэгийг уушгины судасны үйл ажиллагаанд өөрчлөлт гарч эхлэх эрт үед нь оношлох ба өвчний явцыг хянах боломж олгож байна.
Цусанд илрүүлсэн цитокинууд, эндотелийн дисфункцийн маркер ба матриксын металлопротеиназын өөрчлөлтийн хөдлөл зүй нь уушгины архаг эмгэгүүдийг эмнэлзүйн явцыг хянах, уушгины артерийн даралт ихсэх эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор оновчтой эмчилгээний тактик боловсруулах, мөн уушгины артерийн даралт ихсэх эмгэгийн бүхий л үе шатанд нь хянах боломж олгож байна.
Хамгаалахаар дэвшүүлж буй асуудлууд
1. Судалгаанд хамрагдсан уушги-гуурсан хоолойн удамшлын ба төрөлхийн архаг эмгэгтэй хүүхдүүдийн 56% нь – уушгины артерийн даралт ихсэх эмгэгийн I шат, 25% нь – II шатандаа оношлогдсон. Харин 19% нь – уушгины артерийн даралт ихсэх эмгэг илрээгүй.
2. Уушги-гуурсан хоолойн эмгэгтэй хүүхдэд үүссэн уушгины артерийн даралт ихсэх эмгэгийн эмгэг-физиологийн гол зам нь эндотелийн дисфункци бөгөөд энэ нь азотын исэлийн ялгарал эрс буурсан суурин дээр эндотелин-1 ба интерлейкинуудын ялгарал ихэссэнээр илэрч байна. Энэ өөрчлөлт нь судас агшаах үйлийг дэмжсэнээр уушгины судасны эсэргүүцэлийг нэмгдүүлнэ.
3. Өсөлтийн зөөвөрлөх фактор-β1 ба матриксын металлопротеиназын ялгарал ихэссэн нь уушги-гуурсан хоолойн архаг эмгэгтэй хүүхдийн уушгины эдэд хатуурал идэвхтэй явагдаж, уушгины артерийн даралт ихсэх эмгэг аажим хүндэрч буйг илтгэнэ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0