Манж Чин гүрний үед хоёр хэлний, гурван хэлний, дөрвөн хэлний, таван хэлний толь бичиг, орчуулгын хийгээд тайлбар толь бичгүүд олноор зохиогдон гарсаны дотор «Хааны бичсэн» гэх тодотгол бүхий албан ёсны гэгддэг толь бичгүүд онцгой байр суурийг эзэлдэг билээ. Уул толиудыг зуун жилийн туршид, тодруулбал Энх-Амгалан хааны (1662-1723) засаглалын дунд үеэс Тэнгэрийн тэтгэсэн хааны (1736-1796) засаглалын сүүл хүртэл «цуврал» маягаар зохиож, бар сийлэн тархаасан байдаг. Эдгээр толийн эхнийх нь 1708 онд зохиогдсон нэг хэлний (манж хэлний) тайлбар толь бол, харин сүүлийнх нь таван хэлний (манж-монгол-хятад-төвд-уйгар) орчуулгын толь болно. Нийт 7 цуврал бий.Эдгээр цуврал толь бичгүүдэд үгсийг толилохдоо зүйл хуваан байрлуулсан байдаг бөгөөд зарим нэг үгсийн аймгийг ялган зүйл хуваан танилцуулсан байдаг билээ. Үүнд, «Би чи» хэмээх зүйл (ма. bi si sere hacin, мо. bi či kemekü ǰüil) [12 дэвт.], «Дуу чимээ»-ний зүйл (ма. jilgan asuki-i hacin, мо. daγun čimegen-ü ǰüil) [9 дэвт.], «Сул үг»-ийн зүйл (ма. sula gisun-i hacin, мо. sula ügen-ü ǰüil) [12 дэвт.], «Тоо»-ны зүйл (ма. ton-i hacin, мо. toγan-u ǰüil) [3 дэвт.] гэсэн 4 зүйл орно.Үлдсэн нэр үг, үйл үг болон тэмдэг нэрийн аймгийн үгс нь бусад зүйлүүдэд харилцан адилгүй тохиолддог болно.
Цуврал толиудад үгсийн аймгийн дийлэнхи үгс нь хэл шинжлэлийн үүднээс тайлбарлагдсан байдаг. Ялангуяа зарим үг хувилгах болон үг бүтээх хэлбэрүүдэд хийсэн тайлбар нь бүтцийн хувьд тогтсон хэв загвар дээр суурилсан байдаг нь бүтээврүүдийн илтгэх утгыг тодорхойлох боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0