Эргүүг эмчлэх мэс заслын эмчилгээний амжилт нь тархинд эргүүний уйланхай оршиж байгаа газрыг зөв олохоос гадна мэс засал үйлдэх газрын гавлын ясны байршил анатомоос шууд хамаарах юм. Сарлагийн толгойн духны ясны байршил анатомын судалгааны зарим зүйлээс дурдвал: духны яснууд нь хойшоогоо зулайны ястай нийлж духны хойт ирмэгийг бий болгоно. Хажуу ба доод талаараа санчиг, тагнай, дээд эрүү зэрэг ястай нийлнэ. Урьд ба доод талаараа хамар, нулимс, самалдгийн ястай нийлнэ. Духны яс нь өөртөө өргөн хөндийтэй байдаг учир гадна ба дотор талын нимгэн яснууд нь хоорондоо өдий төдий нимгэн таславчтай байдаг. Сарлагийн эргүү өвчний уйланхайг шприцийн урт мохоо зүү ба нарийхан резинээр гаргаж авах нь хамгийн сайн найдвартай арга юм. Тархины бодисонд үлдсэн уйланхайн усыг заавал соруулж авах нь мэс заслын эмчилгээ хийсний дараа эдгэрэлтийг хурдасгана. Сарлагийн тархинаас эргүүний уйланхайг гаргаж авах мэс заслын арга нь
92.5%-ийн эдгэрэлтэй сайн үр дүн өгч байгаа тул манай улсын мал эмнэлгийн практикт өргөн хэрэглэж болох юм.