Тархины судасны өвчнүүд нь дэлхийн хөгжилтэй орнуудын насанд хүрсэн хүн амын нас баралтын шалтгаан болохын хувьд II-III байрыг тогтмол эзлэх болсон. Энэ нь улс орнуудын эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг. Жишээ нь, АНУ-т тархины харвалтаас болж жилд 7 миллиард долларын зардал гардаг. (Kurtzke L,1985) Энэ асуудлыг судлан тэмцэх чиглэлээр судалгаа шинжилгээ өргөн хэмжээтэй хийгдэх болсны дээр энэ талаархи эпидемиологийн судалгаа өрнөх болсон. Эпидемиологийн судалгаагаар энэ өвчний өвчлөл, нас баралт, үхэл, тархалт, нөлөөлөх хүчин зүйлс, шалтгаан өвчнүүдийг тогтоох, тэдгээрийг хүн амын дунд бууруулах, арилгах бодлогыг хэрэгжүүлэх үндэслэл болох ач холбогдолтой. Монгол орны хүн амын дунд тархины харвалтын өвчлөл, нас баралт, шалтгаан, хүчин зүйлс гм эпидемиологийн судалгааны үзүүлэлтүүдийг судлан тогтоох нь энэ өвчинтэй тэмцэх бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй болгоход ач холбогдолтой гэж үзсэн. Монгол орны хэмжээгээр тархины судасны эмгэгийн эпидемиологийн шинж байдлын үндсэн үзүүлэлтийг судлан тогтоох. Улаанбаатар хотын хүн амын дунд тархины харвалтын регистр бүртгэл, мөн зарим аймгуудад харвалтын өвчлөл судлах дүн бүртгэл судалгаа, тархины судасны эмгэгийн архаг эхний хэлбэрүүдийг хүн амын дунд илрүүлэх, тархалтыг тогтоох судалгааг Алтайн уулархаг бүс, Говь-хээрийн бүс, УБ хотод тус тус явуулж 40-өөс дээш насны нийтдээ 3000 хүнийг хамарсан(бүс бүрээс 800-1000 орчим хүн ам) судалгааг хийх эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх судалгааг тус тус явуулах зорилт тавьж гүйцэтгэсэн.