Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сэтгэлгээ зан-төлөвийн хэм хэмжээ хэлэнд илрэх ба өөр соёлтой хүмүүсийн харилцаа (Монголын соёлтой харьцуулсан орос соёлын жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3143
Хамгаалсан он : 2005
Түлхүүр үг : семантическая доля, разница, пословицы, фразеологизмы, правильное понимание

Аннотаци

Эзэн Чингис хааны үндсийг нь тавьсан даяаршил эрчимжиж байгаа өнөө үед өөр өөр соёлтой хүмүүс ном зохиол, эрдэм шинжилгээний хурлууд, худалдаа наймаа, э-мэйл, радио, телевиз зэргийн тусламжтай хоорондоо маш нягт харилцдаг болжээ. Харилцаанд оролцож байгаа хүмүүс бие биенийхээ үндэсний соёлыг мэддэггүйгээс болоод соёлын шок буюу үл ойлголцолд хүрдэг. Ийм үл ойлголцлоос зайлсхийх олон аргуудын нэг бол хэлний нэгжүүдийн тусламжтай өөр орны соёлын онцлогыг судлах явдал юм.
Аливаа хэл бүрт тухайн үндэстний соёлтой танилцуулж өгдөг хэлний нэгжүүд байдаг. Ийм нэгжүүдийн судалгаа ОХУ-ын шинжлэх ухаанд нэгэнт бий болоод лингвострановедение (хэл-орон судлал) ба лингвокультурология (хэл-соёл зүй) нэртэйгээр хөгжиж байна.
Хэл орон судлалд (лингвострановедение) соёлын агууламж сайтай лексем (лексема с богатым культурным компонентом), “лексический фон (дэвсгэр утга)”гэсэн ойлголт байдаг. Тодорхой үгс, хэвшмэл хэллэг, зүйр цэцэн үг, уриа, уриалга, нэр томъёо, онч мэргэн үгс зэрэг хэлний нэгжүүд нь соёлын агууламж сайтай лексем бөгөөд эдгээрийн “дэвсгэр утгыг” судлан аливаа ард түмний сэтгэлгээний онцлогыг мэдэж авч болно.
Жишээ нь, Монгол хэлний “морь”, орос хэлний “конь” хэмээх соёлын агууламж сайтай лексемийн “дэвсгэр утга” маш сонирхолтой бөгөөд маш өөр.
Монгол болон Орос соёлд морьдын гүйцэтгэх үүрэг адилгүй. Юуны түрүүнд оросууд гүү, морь, азарга гэж ялгахгүйгээр адууны хүч чадлыг ашигладаг. Анжис чирүүлдэг. Үүнээс гадна гурвалсан морьд Орост гурвалсан морьдыг хэрэглээд удаж байна. Морь, гүү, азарга хөллөсөн тэргүүдийг дүрсэлсэн олон үг байдаг. Бүрхүүлтэй хөнгөн морин тэргийг “бричка”, ийм мөртлөө дөрвөн дугуйтайг нь “тарантас”, бүрхүүлгүй бөгөөд амортизатортойг нь “коляска”, бүрхүүлтэй, дөрвөн дугуйтай, амортизатортайг нь “карета”, вагон чирдгийг нь “конка” гэнэ. Ийм учраас Европт машины моторыг “морины хүч” (horse power), “лошадиная сила”-аар хэмждэг.
Хүмүүс дөрвөн улирлын турш аялаад завгүй байдаг тул орос адуу огт завсарлагагүй ажилладаг. Ийм учраас дандаа завгүй ажилладаг хүмүүсийг Орост “рабочая лошадь (үгч. ажлын морь)” гэдэг. Нэмж хэлэхэд эрүүл чийрэг хүнийг “лошадиное здоровье (адуу шиг биетэй)”-тэй гэдэг. Харин монголчууд эрүүл чийрэг хүнийг “чулуу шиг биетэй” гэдэг.
Орос цөөн тооны адуутай бол Монгол хэдэн саяар тоологдох адуутай бөгөөд гүйцэтгэх үүргээрээ хэд хэд хуваагддаг. “Сүргийн манлай” гэдэг нь азарга бөгөөд Монгол азаргыг тэргэнд хөллөж болохгүй. Хэрвээ хөллөвөл “сүргийн манлайг” үл хүндэлсэн хэрэг болно. Монгол гүүний үүрэг бол чийрэг, хурдан унага гаргаж, амттай, эрүүл мэндэд сайн айраг хэмээх ундаа хийх сүү өгөх юм. Харин морь (хөнгөлсөн адуу) л тээврийн хэрэгсэл ба монголчуудын хамгийн хайртай “уралдааны морь” болдог.
Монголчууд сүүгээр нь исгэж хийсэн айргийг маш тааламжтай уудаг мөртлөө аливаа морины уралдаанд ганцхан л гүү оролцвол маш их унтууцна. Зөвхөн морь л уралдах ёстой. Гүү бол зөвхөн хурдан сайн унага л төрүүлэх хэрэгтэй бөгөөд морины уралдаан бол түүний хувьд хэт хүнд ажил. “Гүү барих”, “гүү тавих”, “айраг исгэх”, “айраг бүлэх” зэрэг үгсийн баялаг утгыг зөвхөн монголчууд л мэднэ. Монголчууд “пиво” хэрэглэж үзэхээсээ өмнө цагаан сүүний айраг уудаг байсан болохоор “пиво”-ыг “шар айраг” гэж нэрлэжээ.
Нүүдэлчин монголчууд унах морьгүй амьдарна гэж төсөөлөх ч үгүй. Энэ сэтгэлгээ нь “Морьгүй бол хөлгүйтэй адил, “Морьгүй мухар, хоньгүй хоосон”, “Морьгүй хүн мохдог, хоньгүй хүн ховдог”, “Морьноос сайн нөхөр үгүй, махнаас сайн хоол үгүй”, “Мориноос сайн унаа үгүй, тэмээнээс сайн хөсөг үгүй”, “Морь сайтай хүн зам мэдэхгүй, хань сайтай хүн зовлон мэдэхгүй” зэрэг зүйр цэцэн үгсээр илэрнэ.
Монголд наадмын үеэр унадаг “хурдны морь”, “наадмын морь”, туг залдаг “найман шарга морь”, цэргийн ангид унадаг “цэргийн агт”, хонь хариулахад унадаг “хонины морь”, юүлэх морио унахад хэрэглэдэг “уургын морь” байдаг.
Орос хэлний “лошадь, “кобыла”, “конь”, “мерин” зэрэг үгсийн шилжсэн утга монголчуудын хувьд цоо шинэ зүйл. Оросуудын хувьд “лошадь” гэдэг нь мөрөөдөл, урам, дуртай сэдэв, амьдралын эх сурвалж, хүн гэсэн утгатай. Жишээ нь, “Лошадь дает человеку крылья (Морь (урам зориг) хүнд далавч ургуулдаг), “Конь мой-вся надежда (Морь (мөрөөдөл) бол миний найдвар)”, “Деньгами коня не купишь”(Мөнгөөр морийг (мөрөөдлийг) худалдаж авч болохгүй), “У каждого свой конек” (Хүн бүр өөрийн гэсэн морьтой (дуртай сэдэвтэй), “Оседлать любимого коня (Морио эмээллэх (Дуртай сэдвээрээ ярьж гарах))”, “Был конь, изъездился (Морь байсан боловч богшчихсон (Мөрөөдөл байсан боловч одоо үгүй болсон)”, “Волга-матушка моя (Ижил мөрөн минь морь (амь амьжиргаа) минь)”.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 218
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :