Элэгний С вирүсийн архаг халдварын үед элэгний фиброзын явцыг эмнэлзүйн шинж тэмдгүүд, эзэн биеийн өөх тосны солилцооны өөрчлөлт болон цитокинуудтай хэрхэн холбогдож байгааг судлаж дараах үр дүнгүүд гарсан.
- Элэгний С вирүсийн халдварын үед өвчтөний цусан дах холестрин ба триглицеридийн хэмжээ эрүүл хүнтэй харьцуулбал буурдаг бөгөөд вирүсийн эсрэг эмчилгээний дараа өвчтөний вирүс устсан үед эргээд хэвийн хэмжээнд очидог болохыг эмнэлзүйн судалгаагаар анхлан судалсан. Хүнд зэргийн элэгний фиброзтой өвчтөнүүдэд цусан дах липидийн хэмжээ статистикийн үнэн магадтай ихсэхгүй байгааг судалсан.
-Элэгний С вирүсийн архаг халдварын үед элэгний бус шинж тэмдгүүдээс криоглобулинеми хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд элэгний фиброзын хүнд зэрэг болон циррозтой хамааралтай байгааг элэгний биопси хийлгэж фиброзын зэргийг тодорхойлсон 1135 өвчтөн болон биомаркерийн тусламжтай фиброзын зэргийг тодорхойлсон 1120 өвчтөнд судалсан. Хоёр бүлгийн өвчтөнүүдэд криоглобулинеми элэгний хүнд хэлбэрийн фиброз болон циррозтой хамааралтай байсан.
- Элэгний С вирүсийн архаг халдварыг пегинтерферон болон рибавиринаар эмчилсний дараа эдгээгүй криоглобулинеми нь элэгний фиброзын хүнд зэрэг болон циррозтой холбоотой ба эмчилгээнд үр дүнгүй байгаа криоглобулинемитай өвчтөнүүдийн ихэнх хувь нь хүнд зэргийн фиброзтой байдгийг судлан тогтоолоо.
- Бид цусны ийлдэс дэх Интерлеикин-4-ийн түвшинг элэгний архаг С вирүсийн халдвартай хүмүүст тодорхойлж, Интерлеикин-4-ийн түвшинг оролцуулан өвчтөнд зовиургүй, энгийн, амархан, шинэ оноо зохиосон нь элэгний фиброзын зэргийг таамаглахад бусад FIB4, APRI зэрэг өргөн хэрэглэгддэг тестүүдээс илүү үр дүнтэй байгааг судалсан. Уг шинэ оноонд Интерлеикин-4-өөс гадна цусан дах Аспартат аминотрансфераз, ферритиний хэмжээ болон өвчтөний насыг оролцуулан шинэ томъёо зохиосон. Бидний зохиосон шинэ оноог элэгний биопсийн оронд ашиглах боломжтой бөгөөд өвчтөнд ямар нэг хүндрэл учруулахгүй юм.
-Архаг элэгний С вирүсийн халдвартай өвчтөнүүдэд цусан дах ферритиний түвшин ихсэх нь элэгний өөхжилт, фиброз болон циррозтой хамааралтай байдгийг судаллаа. Хэвийн хэмжээнээс 1.5 дахин ихэссэн цусны ферритиний түвшин нь элэгний өөхжилт болон фиброзыг таамаглахад чухал ач холбогдолтой байсан.
Бидний хийсэн судалгаануудын үр дүн архаг С вирүсийн халдвартай хүнд зэргийн элэгний фиброзтой өвчтөнүүдийг хянах, тухайн өвчтөнүүдэд эмнэлзүйд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх болон эмчилгээний аргыг зөв сонгоход ихээхэн ач холбогдолтой болсон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 13
Ишлэгдсэн тоо : 0