Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Минимал шинж хөгжмийн зохиомжийн арга барил болох нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3960
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : давтамж, хээ угалз, хуурын татлага, тууль, “их домог”

Аннотаци

Орчин цагийн өрнө дэхний хөгжимд минимал хэмээх нэр томьёог анх хөгжмийн урлагт Майкл Нимэн оруулж улмаар 1974 онд хөгжмийн зохиолч Жон Кейжийн бүтээлүүдэд хийсэн судалгааны ажилдаа минималист гэх ойлголтыг бүр өргөн утгаар хэрэглэж минимал хөгжим нь цөөхөн эгшиг, хөгжмийн зэмсэгт хэрэглэгддэг “туршилтын” хөгжмийн түгээмэл төрөл мөн гэж үзжээ. Аялгуу, аяг (мотив)-ийн энгийн элементүүд дахин дахин давтагдан сонсогчдыг “ховсдох” нөлөөтэй хэмээн үзэж давталт, давтамжид суурилсан урлагийг “минимал урлаг” хэмээн тогтсон байна. Энэ талаар Америкийн болон Европын орнуудын эрдэмтэн, мэргэд олон арван судалгаа хийжээ. Энэхүү урлаг нь машид түгээмэл дэлгэрч хөгжмийн урлагт минимализм гэх урсгал бий болж нийгэм, соёлын хүрээнд нэвтэрснийг харьцуулан жишиж судлах оролдлогыг монголын урлаг судлалд энэхүү нэг сэдэвт ажлаар нээж байгаа болно.
“Минимал. Лат. Minimus-хамгийн бага. 1.Дээд зэргийн энгийн, нэг төрлийн хэлбэрийг ашиглан, хамгийн эгэл аргаар дүрслэх урлаг. Минимализмын үзэл баримтлал философи, гоо зүйн уран сайхны бие даасан зарчим болохыг нотлон судалсан нь саяхан мэт боловч минимал буюу давтамжит шинж нь хүн төрөлхтний ахуй амьдрал гоо сайхны сэтгэлгээнд өнө эртнээс шингээстэй байсан, давтамж нь сансар хорвоо, ертөнцийн шинж оршихуйн нэг тулгуур мөн байж гэдэгт эргэлзэх юмгүй мэт. Философийн ухааны тайлбараас үзвэл давтамж нь нэг талаас маш энгийн боловч, нөгөө талаас хүртэх, хүлээн авах ихээхэн өргөн утгыг хамруулж байна. Давтамж өнгөн талаасаа ижил мэт боловч явц болохын хувьд хувьсал юм. Уран бүтээлчийн дараалан гүйцэтгэж байгаа ижил давтамж яг ижил биш болох нь үүгээр нотлогдоно. Чухам үүнд урлаг дахь минимализмын сэтгэлгээний болоод уран сайхны утга учир оршино. Аливаа том зүйл жижигтэйгээ адил, жижиг нь томтойгоо адил байх шугаман бус үйл явцын ул мөр болох фрактал зарчим монголын нүүдэлчний урлагийн сэтгэлгээний гол тулгуурын нэг гэж үзэж болохоор байна. Мөн монголын уламжлалт дүрслэх урлагийн бүтээл дэх давтамжит хээ угалзан чимэглэл хөгжим дэх давталтын арга барилтай нарийн уялдаа холбоотой байгааг харьцуулан авч үзсэн.
Монголын уламжлалт эд өлгийн зүйлсийн чимэглэл, хээ угалз, тууль хайлах, хамсран товшуурдах, хөгжмийн давталт бүхий ая, аялгын бүтцэд тогтонги шинжтэй байгааг бас давхар нотлохыг задлан үзэж тогтоосон. ¬¬¬Бид уг ажилдаа минимализмтай холбоотой хөгжмийн онолын нэр томьёо, зарим нэршлийг орчуулах, оноох, томьёолох, тайлбарлан хэрэглэх шаардлагатай бид тулгарсан. Энэ нь манай хөгжмийн шинжлэх ухааны салбарт үндэсний болоод дэлхий нийтийн судалгаа шинжилгээнд хэрэглэж байгаа нэр томьёо, ойлголт ухагдахууныг нэг мөр цэгцлэх зорилго тавигдаж байгаатай зохицох юм. Энэхүү судалгаандаа хөгжмийн урлаг дахь минимализмын үүсэл хөгжлийг шинжлэн үзэх түүхэн арга, аливаа үзэгдлийн шугаман бус үйл явцын фрактал бүтцийг авч үзэх синергетекийн онол, арга зүй, минималтай холбогдолтой мэдээллийг системчлэх болон ажиглалтын арга, зохиомжийн минимал зарчим, сэтгэлгээний хэв маягийг шалтгаант холбоонд авч үзэх диалектик арга, туулийн аязыг минимал арга барилтай холбон тайлбарлах герменевтик арга зүйг тус тус ашигласны зэрэгцээ хөгжмийн бүтээлд судалгаа хийх анализ синтезийн аргыг үндэс болголоо.
Аливаа цоо шинэ зүйл нь сайтар шинэчлэгдсэн хуучин зүйл байдгийн тод жишээ нь хөгжимд минимализмын урлах зарчмаас мэдэгдэнэ. Учир нь хөгжим дахь минимал аргачлал дорно дахины бодрол, бясалгал, тарнийн уншлага хөгжмөн илэрхийлэлтэй дүйх бөгөөд байнгын давталт бүхий аялгууны жижиг хэсэг нь бодит байдалд “ховсдол” бясалгалын хүчийг орлож байгаатай төстэй. Орчлонт ертөнц, ахуй сэтгэлгээний мөнхийн давтамжууд уран сайхны арга хэрэгслээр боловсрогдон төгөлдөржиж минимализм хэмээх нэгэн чиглэл урсгал болон бэхжиж цоо шинэ баримтлал бий болсон гэж үзэж болно.
Минимал урлагийн суурь зарчим болох давтамжийн мөн чанарыг тодруулан гаргахын зэрэгцээ, өрнийн хөгжмийн шинэ чиг хандлага болох минимализмын арга хэлбэр монголчуудын хөгжмийн уран сайхны сэтгэлгээнд эртнээс эдүгээ хүртэл уламжлагдан (минимализм гэж тухайлан нэрлэж тодотгон судлаагүй л болохоос биш) ирснийг тодорхой урлагийн төрлүүд дээр нарийвчлан судлах, улмаар монголын орчин цагийн мэргэжлийн хөгжимд хэрхэн тусгалаа олсныг хөгжмийн шинжилгээ (анализ)-гээр илрүүлэхийг зорилготой. Үүнд: Өрнө дэхний орчин цагийн минимал урлагийн үүсэл хөгжлийг бусад шинэ чиг хандлагуудтай нь холбон авч үзэж, харьцуулалт хийж, хөгжим дэх минимал арга барил нь тодорхой тогтолцооны шинжтэй болохыг тодруулж, загвар гарган ангилсан. (Стив Рейчийн хөгжмийн бүтээлээс) Энэ нь: эгшгийн давтамж (drone), давтах дахил (оstinato), үелсэн давтамж (layering), удаашрах давтамж (аugmentation), хурдсах давтамж (diminution), ноот хасах давтамж (note subtraction), ноот нэмэх давтамж (note addition), ноот өөрчлөх давтамж (metamorphosis), тогтонги зохирол бүхий давтамж (static harmony), эсрэгцүүлэх давтамж (phasing), хэмнэлийн цохилго шилжих давтамж (rhithmic displacement) гэсэн 11 арга болно. Энд хуурын татлагад бидний авч үзсэн минимал аргуудын 7, тууль хайлах үеийн товшуурын хөгжимдөлтөд 8, монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын зарим уран бүтээлүүдэд 9 арга тус тус илэрч байна. Хэрэв бүх бүтээлд судалгаа хийж үзвэл бүх арга барил илрэх магадлалтай. Иймээс Монголын хөгжмийн зохиолчдын сэтгэлгээний онцлог, туурвин бүтээх арга барилд давтамжит шинж баттай уламжлагдаж байгаа нь тодорхой байна.
Хөгжмийн минимал зарчим С.Соронзонболдын “Их домог” бүжгэн жүжгийн хөгжимд зохиомжийн үндсэн арга барил болохыг шинжих явцад тухайн бүтээлд үндэсний давтамжит хэв шинж, орчин цагийн минимал урсгалын ололтыг бүтээлчээр хослуулсныг харьцуулан гаргаснаараа нэг талаас: монголын уламжлалт урлахуйн ухаанд дэлхий дахинд шинэ гэгдэж байгаа урсгалд нөлөөлөхүйц арга барил, нөгөө талаас: энэ уламжлал шинэ ололтыг нэгтгэсэн бүтээл (зохиогчтой) манай мэргэжлийн хөгжим хийц, хэв шинж, арга барилаараа олон улсын жишигт нэгэнт хүрснийг тодорхойлж байгаагаараа онцгой ач холбогдолтой. “Их домог” бүжгэн жүжгийн хөгжимд давтах аргууд бүгд багтсан ба харьцааны хувьд өөр өөр хувиар, хэсэг болгонд харилцан адилгүй зохиомжлогджээ.
С.Соронзонболдын “Их домог” бүжгэн жүжгийн хөгжимд минимал буюу давтах шинж, давтах шинжийг зарчмаа болгосон шинэ цагийн хөгжмийн дэг сургууль болох минимализм хөгжмийн зохиолчийн ухамсартай тавьсан зорилго, хүрсэн уран сайхны чамгүй үр дүн мөн байна. Энэ нь америкийн шинэ хөгжимд бие даан гарч ирж дэлхий дахинаа дэлгэрсэн минимал хөгжмийн урсгалын нөлөө, монголчуудын ахуй амьдрал, уран сайхны сэтгэлгээнд баттай суусан минимал давтамжит шинжийн уламжлалын цогц бүрэлдсэний учир шалтгаан болж байна.
Горилогчийн энэхүү нэг сэдэвт судалгааны бүтэц нь: Удиртгал, 2 бүлэг, дүгнэлт, нэр томьёоны тайлбар, ном зүй нийт 172 хуудас бүхий бичвэр, хавсралт сэлтээс бүрдсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 370
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :