Арилжааны банкны ашигт ажиллагааны түвшинд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа боловч тэдгээр хүчин зүйлүүдээс үйл ажиллагааны бусад зардал жил ирэх тутам өсөн нэмэгдсээр байна. Эдгээр зардлын зарцуулалтын талаарх бүртгэл хөтлөлт, холбогдох мэдээллийн бааз нь өртгийн мэдээллийн эх үүсвэр болж, өртгийн мэдээллийн ач холбогдлыг Монголын арилжааны банкны системийн хүрээнд тодорхойлохыг зорьсон. Активын ангилалын хэмжээгээр том, дунд, жижиг ангилалд багтах төлөөлөл бүрээс нэг нэг банкийг сонгон судалгааг явуулсан.
Арилжааны банкны харилцагчийн болон дотоодын дансдын холбоотой бүх мэдээллийг программд оруулах үүрэгтэй эрх бүхий ажилтнуудаас хамгийн голлох үүргийг гүйцэтгэдгээр нь теллерийг сонгосон. Нийт 9 теллерийг судалгаанд хамруулав. 1 теллерийн өдөр тутмын хийгддэг ажил үүргийг бүртгэж, төлөөлөл болгон бичиг хэргийн материалын зарцуулалтыг бүртгэсэн. Арилжааны банкны нэг теллер дунджаар 39 төрлийн ажил гүйлгээ хийдгээс нийт гүйлгээний 72 хувийг санхүүгийн, үлдэх хувийг санхүүгийн бус гүйлгээг хийдэг байна. Энэхүү бүртгэл хөтлөлтөөр үйл ажиллагааны бусад зардлын талаарх мэдээллийн бааз бий болж, удирдлага бодитой мэдээлэл үндсэн дээр шийдвэр гаргах нөхцөл бүрдэх юм