Соёлын амин сүнс нь бэлгэдэл (Дулам, 2013, 23) бол төрийн амин сүнс нь төрийн бэлгэдэл юм. Төрийн бэлгэдлийг төрийн түүхээс тусад нь авч үзэх боломжгүй. Монгол төрийн түүхийг Хүннүгийн анхны шаньюй гэгддэг Түмэнгийн ахмад хөвгүүн Модунь НТӨ 209 онд эцгээ хөнөөн шаньюй болсноос эхэлж тооцдог асан түүх бичлэгийн уламжлал сүүлийн үед өөрчлөгдөж, түүнээс ч өмнө Монгол нутагт “улс төрийн төвлөрсөн бүтэц бүхий шатлан захирах тогтолцоотой, төрийн дээд эрх барих “шаньюй” институцтэй, түүнийг залгамжлах тогтсон зарчимтай, олон зэрэг дэв бүхий нийгмийн давхраажсан бүтэцтэй... хүннү, дунху, юэжийн анхны төр улсууд НТӨ V-IV зууны үед бүрэлдэн тогтсон” (Дэлгэржаргал, Батсайхан, 2017, 84) гэж үзэх болжээ.
Өөрөөр хэлбэл, Модунь шаньюй болж, эдгээр улсын төр ёсны баялаг уламжлалд тулгуурлан улс төр, нийгэм, эдийн засгийн иж бүрэн шинэтгэл хийснээр Хүннү улс хүчирхэгжин мандаж, хөрш зэргэлдээ улс, ханлигуудыг эрхшээлдээ оруулж, улмаар гүрний эрхэмжтэй болсон цагаас эхлүүлэн тэмдэглэдэг асан монгол төрийн түүх ийнхүү хэдэн зуунаар урагшилснаар түүнтэй амин холбоотой төрийн бэлгэдлийн түүх ч тэр хэрээр урагшлах боломжтой болж байна.
Учир нь, Хүннү гүрний үед л гэхэд шаньюй нар хаш тамга барьж, туг, далбаа, исэр, шүхэр тэргүүтнийг хэрэглэж, нар, сар шүтэх ёс төрийн бэлгэдлийн шинжтэй болж төрийн сүлдний үүсэл тавигдаж байсан нь түүхэн сурвалж, олдворуудаас тодорхой харагддаг. Тэгэхээр Хүннү гүрнээс өмнөх, дээр дурдсан анхны төр улсуудад төрийн бэлгэдлийн уламжлал ямар нэг байдлаар байсан байж таарна. Үүнийг батлах баримтууд бол монгол нутагт төр улсууд үүсэхээс ч өмнө, бүр хүрлийн үед хамаарах хадны зураг; нэг гартаа далбаа, нөгөө гартаа хэнгэрэг мэт зүйл барьж, бүсэндээ бороохой зүүсэн зайдан морьтны дүрслэл Монгол Алтайн зүүн биед орших Хар салаагийн голын эхнээс илэрсэн бол Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн хаднаас мөн л энэ үеийн, нэг гартаа туг барьсан морьтны зураг олджээ.
Уламжлалын хувьд ийм л эрт үеэс эхтэй, монгол төрийн бэлгэдэл үе бүрийнхээ онцлогийг тусган өөрчлөгдөн шинэчлэгдсээр өнөөг хүрсэн байна. Үүнийг судлахад нэг хүний нас, нэг номын хуудас үл хүрэлцэх тул бид монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оноос хойших төрийн бэлгэдлийн уламжлал, шинэчлэлийн асуудлыг тодруулахаар зорьсон юм.
Монгол төрийн бэлгэдлийн талаар голлох судалгааг хийсэн эрдэмтэн судлаачдын бүтээлээс харахад ихэвчлэн тус тусад нь юм уу, нэг үеэр нь, эсвэл хавсарга байдлаар судалсан нь харагдана. Төрийн бэлгэдэлд хамааруулж буй бэлгэдлүүд нь ч харилцан адилгүй байна. Түүгээр ч зогсохгүй төрийн бэлгэдлээ тодорхойлсон нь ч тун цөөн.
Тиймээс уг бүтээлд 1911 оноос хойших монгол төрийн бэлгэдлийн уламжлал, шинэчлэлийг цуваа цагийн үүднээс, хуульчлан тогтоосон төрийн бэлгэ тэмдгүүд дээр нь тулгуурлан цогцоор судлах зорилго тавилаа. Дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтыг хэрэгжүүлэхийг хичээв.
- Богд хаант Монгол Улсын төрийн бэлгэдлийн уламжлал, шинэчлэлийг тодруулж, онцлогийг тодорхойлох,
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн бэлгэдлийн уламжлал, шинэчлэлийг тодруулж, онцлогийг тодорхойлох,
- Монгол Улсын төрийн бэлгэдлийн уламжлал, шинэчлэлийг тодруулж, онцлогийг тодорхойлох,
- Үе тус бүрийн онцлогийг хооронд нь харьцуулж, уламжлал, шинэчлэлийг тодруулснаар нэгдсэн дүгнэлт гаргаж, эцэслэн шийдэгдээгүй, маргаантай байгаа зарим асуудалд хувилбар санал болгох.
Сэдвийн хамарч буй хугацаан дахь монгол төрийн бэлгэдлийн уламжлал, шинэчлэлийг цуваа цагийн үүднээс цогцоор нь судлан тодруулснаар үе тус бүрийн онцлогийг тодорхойлж, хооронд нь харьцуулснаар нэгдсэн дүгнэлт гаргах боломжтой юм. Ингэснээр төрийн бэлгэдэлтэй холбоотой асуудлуудыг цаашид гүнзгийрүүлэн судлахад арга зүйн нэг үндэслэл болохын зэрэгцээ эцэслэн шийдэгдээгүй, маргаантай байгаа зарим асуудлыг шийдэхэд тус дөхөм болно гэж найдаж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0