1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” гэж улс орныг батлан хамгаалах Зэвсэгт хүчний үндсэн чиглэлийг тодорхойлсон. Монгол Улс өөрийгөө дан ганц Зэвсэгт хүчнээрээ батлан хамгаалах боломжгүй байдлыг харгалзан үзээд 1993 онд батлагдсан (2002 он, 2016 онд шинэчлэн найруулсан) Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1 дэх хэсэгт “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллага, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байна” гэж тодотгон томьёолжээ.
Одоогийн байдлаар Монгол Улс нь орон нутгийн хамгаалалтын эрх зүйн орчны хувьд УИХ-ын 2006 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичиг, 2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсронгуй болгох, тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангахад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн оролцох эрх, үүргийг тогтоох замаар Монгол Улсын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар Монгол Улсыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс нийт ард иргэдийн оролцоотойгоор батлан хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх явдлыг тодорхойлсон.
Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс болсон орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах ажил ид өрнөж байгаа энэ цаг үед түүний бүрэлдэхүүн хэсэг болсон бэлтгэлийг хангаж буй өнөөгийн байдалд судалгаа хийх замаар орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах арга замыг тодорхойлох нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон.
Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас 2000 оны дунд үеэс орон нутгийн хамгаалалтын талаар судалгаа шинжилгээний ажлуудыг хийж эхэлсэн. Батлан хамгаалахын сайдын 2018 оны А/47 дугаар тушаалаар “Орон нутгийн хамгаалалтын тухай” хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажилласан. 2018 оны 5 дугаар сард БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтан, ҮБХИС, БХЭШХ-ийн эрдэмтэн, судлаачид, багш нарын оролцсон “Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал - орон нутгийн хамгаалалт” сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт орж ажилласан.
Иймд орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах асуудал нь энэхүү судалгааны ажлын гол судлах зүйл болж, судалгааны ажлаа орон нутгийн нийгэм, эдийн засгийн бие даасан, тогтвортой хөгжил, нөөц, орон нутгийн хамгаалалтын хүч хэрэгслийн чадавх, орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн сургалт, бэлтгэлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, орон нутгийн хамгаалалтын онолын үндсийг судалж, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах арга замыг тодорхойлж, санал, зөвлөмж боловсруулсан
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 23
Ишлэгдсэн тоо : 0