Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Жангар тууль дахь соёлын хэвшлийн судалгаа/Монгол улсын нутаг дэвсгэрээс тэмдэглэж хэвлэн, нийтлүүлсэн Жангар туулийн бүлгүүдийн жишээн дээр /



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.2 Хэл, уран зохиол
Улсын дугаар : 4096
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Монгол баатарлаг туульс, аман уламжлал, хэлний орчин, хэмнэл, толгой холболт

Аннотаци

Монгол хэл дээр: “Жангар”-ын тууль дахь хэлний хэвшил, түүний онцлог, бүрэлдэхүүн хэмээх нэгдүгээр бүлгийн 1.1-д: “Жангар”-ын туулийн бүхий л бүлгүүд дотор түгээмэл тохиолдох өөр хоорондоо агуулга болон хэлбэрийн хувьд ижил төстэй нэгэн хэвийн тогтсон уламжлалт соёлын хэвшлүүдийг хэвшлийн тогтонги шинжид хамруулан судалж монгол туульсын хүүрнэх, шүлэглэн хэлэх хэмээх хоёр үндсэн хэлбэрт эдгээр тогтонги хэвшлүүд нь хэрхэн илэрч буй, тэдгээрийн онцлог мөн чанарыг ухан ойлгохын үүднээс онол арга зүйн түвшинд судалж тэдний ялгаатай байдлыг тодорхойлон гаргаж ирэхийг зорьсон болно. 1.2-д: “Жангар”-ын туулийг өгүүлбэр зүйн задлалын аргаар судлах нь тус туулийн хэл, хэлэхүйн харьцаан дахь шилжилт болон хэл хэллэгийн хэлбэр, утга санааны харьцаа гэх мэт “Жангар”-ын туулийн хувилбарт эхүүдийн хэл, шүлэг зүйн онцлогийг багахан ч болов тодруулах гэсэн үндсэн гол зорилтыг дэвшүүлсэн болно. Монгол хэлний цогцолбор буюу нэгэн тогтсон хэвшлийн туурвил зүйн нэг төрөл болох энгийн өгүүлбэрийн түвшинд хэрхэн хувирч өөрчлөгддөг болох, тус хэвшлийн үгсийн сангийн авиа зүй нь тууль хайлалтын үг зүйн утга зүйд яаж нөлөөлөх, хэл хэрхэн хувьсан өөрчлөгдөж уламжлалт дүрслэхүүнүүд нэмэн дэлгэрүүлэх хасагдан хураангуйлагдахыг, энгийн өгүүлбэрүүд өөр хоорондоо яаж холбоос үүсгэж зэрэгцэн, угсарсан нийлмэл өгүүлбэрүүд бий болох шалтгаануудын учир зүйн логикийг судалсан болно. 1.3-д: “Жангар”-ын туульсын доторх нэгэн хэвшлийг сонгон авч хоёр өөр хайлагчийн хоёр өөр газар оронд хоёр өөр цаг хугацаанд өөр өөр тэмдэглэгчийн тэмдэглэсэн “Жангар”-ын бүлгийн доторх магтаалын шүлэглэлийг өөр хооронд нь харьцуулан шинжилсэн. Даруй ойрад монголчуудын дотор нэлээдгүй хайлагдах “Бум Эрдэнэ” туулийн магтаалын шүлэглэл дэх цаг хугацааны шүлэглэлийг мөн нарийвчлан судалж “Жангар”-ын хэвшилтэй харьцуулсан. Түүний дараа “Жангар”-ын тууль болоод баяд ардын “Бум Эрдэнэ”, халх ардын “Хан харангуй”, Урианхай ястны “Талын хар бодон” мөн ойрад монголчуудын олонх нь хайлдаг “Дань хүрэл” гэх таван туулийн магтаалын шүлэглэлт хэсгийг “цаг үеийн магтаал, алтай хангай нутгийн магтаал, говь нутгийн магтаал, ан амьтны магтаал, гол мөрөн, нуур, далай тэнгисийн магтаал, рашаан булаг усны магтаал, мод ургамал, жигүүртэн шувууны магтаал, адуун сүргийн магтаал,тэмээн сүргийн магтаал, үхэр сүргийн магтаал, хонин сүргийн магтаал, ямаан сүргийн магтаал, ар гүн, албат иргэдийн магтаал, орд харш өргөө гэрийн магтаал, сүм дуганы магтаал, лам хуврагийн магтаал” гэж уламжлагдах байдал, олон давтамжаар нь сонгон авч харьцуулан судлах нь “Жангар” болоод бусад монгол баатарлаг туульсын магтаалын шүлэглэлт хэвшлийн харьцааны утга санааг ойлгоход тус болно гэж үзсэн. Мөн бүхий л монгол баатарлаг туульсын дотор ахин дахин давтагдах агуулга болоод хэлбэрийн хувьд ижил төстэй хэвшлийн загваруудыг хүснэгтэд хийн харьцуулан шинжилж эдгээр нэгэн ижил хэвшлүүд баатарлаг туульсын дотор хэрхэн хэвшиж нүүдэллэж явдаг болох шалтгаан зэргийг тус зүйлдээ судалсан болно. 1.4-д:“Жангар”-ын туулийн соёлын хэвшлийн шүлэглэл зүйд нүүдлийн соёл иргэншлийн хэмнэлээ дагаад аливаа нэгэн ястан үндэстнээс нөгөө угсаатны аман соёлд аман ба бичгээр уламжлахдаа нүүдэлчин сэтгэлгээний үнэт зүйлсийг уламжлуулах, тархан нөлөөлөх үзэгдэл нь монголчуудын аман билиг зүйн соёлын дурсгалуудаас ажиглагдаж байна гэж үзсэн. Тэрчлэн “Жангар”-ын туулийн текстийн дотор зарим нэг нүүдэлчин соёл сэтгэлгээт ард түмэн цаг хугацаагаар ямар ямар зүйлсийн мөн чанарыг илтгэн өгүүлдэг болохыг анхаарч үзэх нь монголчуудын цаг цагалбарын утга соёлын хэвшмэл утга санааг ухаарах нэг түлхүүр болно гэдэгт итгэж байна.
“Жангар”-ын тууль дахь хэл найруулгын хэвшлийн сэдэв, бүтэц байгууламжийн онцлог хэмээх хоёрдугаар бүлэгт: 2-1 дүгээр зүйлд: “Жангар”-ын тууль хийгээд монгол баатарлаг туулийн “Бурхан”–ы тухай өгүүлж, тэрчлэн Монгол туулийн нэг баатар нь “Бурхан” болох нь”, “Туульсын бурхадын нөлөөн дэх сэтгэлгээний үнэт зүйлс”, “Монгол баатарлаг туульсын бусад дүр “Бурхан”-ы дүртэй холбогдох нь” гэх гурван зүйлд хуваан хэл, соёлынх нь үүднээс задлан судалсан болно. “Жангар” туулийн бүтэц байгууламж нь соёлын хэвшлийн уламжлалт систем болоод шинэчлэгдэх арга маяг, сэдэв агуулгын тогтолцоо, хайлалтын хэв маяг мэтийн тууль бүтэх бүтцийн байгууламжийг шүлэг зүйн судлагдахуунаар нь мөшгөн судлахыг зорьсон болно. Тийн судлахдаа
2.2-д: “Жангар”-ын туулийн соёлын хэвшлийн сэдэвлэл зүй буюу аман билиг зүйн туурвилуудын сэдэв хэмээх энэ ойлголт нь утга, уран зохиол дахь онолын ойлголтоос өөр юм. Өөрөөр хэлбэл бичгийн уран зохиол дахь уянгын зохиол, дайны үеийн, хайр сэтгэлийн, түүхэн, сэтгэл зүйн гэх мэт ерөнхий сэдвийн ангилал тэрчлэн зохиолын доторх ямар нэгэн дүр, онцгойрсон үйл явдал, утга санааны онч мэргэн үгсээр сэдэвлэж бичих асуудлаас “аман хэвшил тогтолцоо”-ны сэдэв ба сэдэвлэлзүй гэх ойлголт нь ихээхэн ялгаа зөрүүтэй ойлголт билээ. ангид орших зүйл юм. Аман туурвил зүй, тэр дундаа туулийн сэдэв бол тодорхой нэгэн утгыг илэрхийлсэн өгүүлбэрүүд, мөн өгүүлбэрийн доторх хэвшилт хэллэг, үг үгийн утга зэрэг нь сэдвийн тухай ойлголтыг өөртөө хамаатуулж байдаг. Тиймээс орчин үеийн утга уран зохиолын сэдвийн тухай ойлголтоос аман билиг зүйн сэдвийн тухай ойлголт нь өөр судалбарыг шаарддаг болохыг тодруулан тайлбарлаж, судлан шинжлэхийн тулд “Сэдвийн хувьсамтгай чанар”, “Сэдвийн тогтвортой чанар”, “Сэдэвлэл зүйн субъективизм” гэх гурван дэд зүйлд ангилж тус бүрийн онцлогийг гаргаж ирэхийг зорьсон юм.
2.3-дугаар зүйлд бид“Жангар”-ын туулийн эхлэлтийн болон төгсгөлийн шүлэглэлтийн утга агуулга, түүний чиг үүрэг хэрэглээг шүлэг зүй, угсаатан судлал, түүхэн зүйн баримт, хэлний судалбар зэрэгтэй нь хоршуулан судлах нь тус туулийн туйлын хүслэнгийн илэрхийлэл, шүлэг зүйн хэлбэржилтийн систем, хувиргалт, тогтсон дэг жаяг, аман хэвшилт хэллэг зэргийн утга учрыг тайлбарлахад онц ач холбогдолтой баримт учраас эхлэлтийн болон төгсгөлийн шүлгийг сонгон авч судалсан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 629
Сүүлийн сард 17
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :