Судалгааны үндэслэл: Улсын өндрийн тулгуур сүлжээг геометрийн нивелирдлэгээр байгуулж, аливаа зураг төсөл болон бусад өндрийн хэмжилтийн ажлуудыг энэ л аргаар хийсээр байна. Иймд хиймэл дагуулын технологиор хэмжигдсэн геодезийн өндрийг ашиглан нормаль өндрийг тодорхойлох боломж, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож геодезийн суурь мэдээллийн системийг байгуулах, дэлхийн гадаргуу дээрх цэгийн байрлалын солбицол, өндрийг нэг агшинд, нэг тогтолцоонд шаардлага хангахуйц нарийвчлалтайгаар, бага зардлаар, богино хугацаанд түргэн шуурхай тодорхойлох арга замыг судлах, хиймэл дагуулыг геодезийн хэмжилтэнд ашиглахад шаардлагатай бүх боломжуудыг нээх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх нь геодезийн төдийгүй бусад шинжлэх ухааны болон үйлдвэрлэл, технологийн салбаруудад тулгамдаж буй асуудал юм. Зорилго: Хиймэл дагуулын технологи ашиглан Монгол улсад нормаль өндрийн тогтолцоог хөгжүүлэх аргачлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, түүнийг практикт хэрэгжүүлэх арга зүйг тодорхойлоход оршино. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: 1. Монгол улсын өндрийн тулгуур сүлжээ, өндрийн тогтолцоонд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх;
2. Хиймэл дагуулын технологи ашиглах үеийн геодезийн суурь мэдээллийн системд дүн шинжилгээ хийх;
3. Нормаль өндрийн тогтолцоог байгуулах хиймэл дагуулын технологийг боловсруулах;
4. Хиймэл дагуулын технологид үндэслэсэн Монгол улсын геодезийн тулгуур сүлжээний бүтэц, ангиллыг шинэчлэн практикт хэрэгжүүлэх арга зүйг боловсруулах зэрэг болно. Судалгаанд ашигласан өгөгдөл, мэдээ: - Монгол орны Өндрийн II ангийн сүлжээний 1939-1945, 1975-1990 оны геометрийн нивелирдлэгийн хэмжсэн өндөржилт,
- Өндрийн I ангийн сүлжээний 2017-2018 оны геометрийн нивелирдлэгийн хэмжсэн өндөржилт,
- Өндрийн II ангийн сүлжээний зангилаа цэгүүд дээр 2010 онд хийж гүйцэтгэсэн GNSS-ийн 28 цагийн тасралтгүй хэмжилтийн өгөгдөл,
- Улсын гравиметрийн 1, 2-р ангийн сүлжээний геометрийн нивелирдлэгийн өндөртэй цэгүүд дээрх 2014 оны 9 дүгээр 24-ний өдөр хийсэн GNSS-ийн 24 цагийн тасралтгүй хэмжилтийн өгөгдөл,
- 2004-2005 онуудад Дани улсын орон зайн үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлсэн агаарын гравиметрийн хэмжилт хийх төслийн үр дүнд боловсруулсан Монгол орны геоидын загвар,
- ГХГЗЗГ-аас 2014 онд нарийвчлалыг нь сайжруулан шинэчилсэн Монгол орны геоидын өндрийн загвар зэргийг ашигласан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0