Сүүлийн жилүүдэд бусдын туурвисан оюуны бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах, хууль бусаар орлого олох явдал эрс өсөн нэмэгдэж байна. Нээлтээ хийгээд удаагүй хамгийн сүүлийн үеийн кино, дуу авиа бүхий дүрст бүтээлийг хуулбарлан интернэтэд тавих, телевизээр цацах, бусдын зохиогчийн эрхийг хуулбарлан барааны тэмдгээр бүртгүүлэх байдлаар зохиогчийн эрхийг зөрчих явдал өсөн нэмэгдэх болов. Монгол Улсад 2012 оноос 2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд гарсан оюуны өмчийн нийт зөрчил маргааны 82 хувийг “зохиогчийн эрх”-тэй холбоотой зөрчил маргаан эзэлж байгаа ба тэдгээр зөрчил, маргааны 60-80 хувийг интернэт буюу цахим орчны төрөл эзэлж байна .
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль болон Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх явцад хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд хүндрэл гарах болсон.
Ялангуяа нэгэнт бүртгэгдэж, хамгаалагдсан барааны тэмдэг бусдын зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд зохиогчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт дутмаг байна. Санааг оюуны бүтээл болгон үйлдвэрлэхэд үнэтэй, үйлдвэрлэсэн бүтээлийг хуулбарлахад хямдхан байдаг тул бусдын туурвисан оюуны бүтээлийг хуулбарлаж, тухайн бүтээлийн нийтэд түгсэн нэр хүндийг ашиглан барааны тэмдгээр бүртгүүлэх замаар зохиогчийн эрхийг зөрчих явдал цөөнгүй гарах боллоо.
Энэ нь нэг талаас зохиогчийн эрхийн зөрчил боловч нөгөө талдаа шударга бус өрсөлдөөний хэлбэрийг мөн агуулж байдаг. Гэтэл манай улсын хувьд эрх зүйн энэ хоёр институтийн хэм хэмжээгээр оюуны өмчийн харилцааг зохицуулахдаа тэдгээрийн хоорондын уялдаа холбоог харгалзаагүйгээс оюуны өмчийн эрх зүйн эх сурвалж болох Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль, Патентын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, тэдгээрт нийцүүлэн баталсан дүрэм, журмын харилцаа нөхцөлдсөн байдал алдагджээ гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь зохиогчийн эрхэд ноцтой хохирол учруулах, цаашилбал, оюуны өмчийг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх улсын нэгдсэн бодлогод сөргөөр нөлөөлөх болжээ.
Иймд зохиогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль бус ашиглалтаас урьдчилан сэргийлэх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд зөрчлийг нэн даруй таслан зогсоох, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн оновчтой зохицуулалт цаг үеэ олсон, тулгамдсан асуудал болж байна. Эдгээр бодит хэрэгцээ, шаардлага нь сонгосон сэдвийн ач холбогдлыг тодорхойлно. Судалгааны хүрээнд дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд судалгааны үр нөлөөтэй арга, хандлага чухал билээ. Иймд хууль зүйн шинжлэх ухаанд өргөн хэрэглэгддэг түгээмэл болон тусгай аргыг ашиглав. Үүнээс гадна энэхүү судалгааг хийхдээ Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр Барааны тэмдгийн бүртгэл, хадгалалтын тухай Мадридын хэлэлцээр, Барааны тэмдгийн бүртгэл, хадгалалтын тухай Мадридын хэлэлцээрийн протокол, Уламжлалт бус барааны тэмдгийн тухай Сингапурын гэрээ болон бусад холбогдох олон улсын гэрээ, ДОӨБ-ын гарын авлагыг үндэслэн сэдвийн хүрээний ерөнхий ойлголт , шалгуур хэсгийг гаргасан болно. Харин барааны тэмдэг, зохиогчийн эрхийн хоорондын зөрчлийг зохицуулж буй гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалтын туршлагыг судлахдаа нийтлэг эрх зүйн бүлд хамаарах боловч эрх зүйн зохицуулалтаараа дэлхийд тэргүүлж буй Канад, Сингапур улсын Барааны тэмдгийн тухай хуулийг, мөн Монгол улстай ижил эрх зүйн бүлд хамаардаг улсууд болох БНСУ, БНХАУ болон Япон улсын эрх зүйн зохицуулалтыг Монгол улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалсан.
Энэхүү судалгааны ажил нь удиртгал, 3 бүлэг, 8 зүйл, дүгнэлт, санал, ном зүй, хавсралт хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр бүлэгт оюуны өмчийн талаарх олон ургалч үзэл, орчин үеийн хандлага болон оюуны өмчийн төрөл болох барааны тэмдэг, зохиогчийн эрхийн зөрчлийн талаар судалсан, хоёрдугаар бүлэгт энэ асуудлаарх олон улсын туршлагыг судлах зорилгын хүрээнд иргэнлэг эрх зүйн болон нийтлэг эрх зүйн бүлд хамаарах зарим орны эрх зүйн зохицуулалтыг Монгол улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судаллаа. Харин гуравдугаар бүлэгт Барааны тэмдэг болон зохиогчийн эрх хоорондоо зөрчилдөхөд нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоож, тухайн зөрчлийг гадаадын зарим Улсын шүүхэд болон Монгол улсын шүүхээр шийдвэрлэж буй өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудлыг тодорхойлж, улмаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга зүйн зөвлөмж боловсруулсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0