Өнөө цагт дэлхий нийтээрээ биологийн өндөр идэвхтэй, сөрөг нөлөө багатай дахин сэргээгдэх нөөц бүхий байгалийн гаралтай эм бэлдмэл, бүтээгдэхүүний хэрэглээг илүү чухалчилж байна. Үүнтэй уялдуулан био-органик судлалын шинжлэх ухаан, судлаачдын чиг хандлага нь био-идэвхт байгалийн гаралтай нэгдлүүдийг тухайн түүхий эдээс илрүүлэх, химийн цэвэр төлөв байдлаар ялган, цэвэршүүлэх бүтэц байгуулалтыг таньж тодорхойлох, улмаар химийн бүтэц, биологийн идэвх, фармакологийн үйлдэл хоорондын хамаарлыг судлан шинжлэх, тэдгээрийн механизмыг тайлбарласнаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр стандартчилагдсан сонгомол үйлчлэлтэй эм, бэлдмэл гарган авахад чиглэгдэж байна.
Дэлхий дахинд хэрэглэгдэж буй нийт эмийн 50 гаруй хувийг байгалийн гаралтай бүтээгдэхүүн, тэдгээрээс уламжлуулан гарган авсан эм эзэлж байна. Ургамлын түүхий эд материалын талаар эрчимтэй судалгаа хийгдсээр байгаа боловч эдүгээ 15 хүртэлх хувийг судалсан нь тэдгээрээс био-идэвхт эмийн бодис, шинэ бүтэцтэй химийн нэгдлийг илрүүлэх арвин нөөц байгааг, мөн үнэ цэнэ бүхий материаллаг баялаг бүтээх боломжтой ургамлын генетик нөөцийг ашиглах, улмаар үр шимийг хүртэх нөөц боломж их байгааг харуулж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ургамлын гаралтай эм бэлдмэл хэрэглэхийн ач холбогдлыг онцолж, гишүүн орнууддаа уламжлалт анагаах ухаанд ашиглагдаж буй бүхий л төрлийн эм тан, эмчилгээний аргуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй цогцоор нь судлан нотолгоожуулахыг зөвлөж байна. Монголын уламжлалт анагаах ухаанд ургамлыг өвөрмөц эм, тан, жор хэлбэрээр олон мянган жилийн турш ашиглаж ирсэн онцлогтой боловч орчин үеийн шинжлэх ухааны үүднээс системтэйгээр судлагдаагүй олон тооны эмийн ургамлууд өнөөг хүртэл байсаар байна. Тэдгээрийн нэг төлөөлөл бол Төв Ази, Өмнөд Сибирийн нутгаар, өндөр уулын бүслүүрт ганц, нэгээрээ тархан ургадаг Дэгжин шиваантиг (Pyrethrum pulchrum Ledeb. буюу Tanacetum pulchrum (Ledeb.) Sch.Bip.) ургамал юм. Тус ургамал нь Минжаннагбо (བོད་རྒྱ་ཚིག་མཛོད་ཆེན་མོ། Ming-chen-nak-po) нэрээр орон нутагтаа алдаршсан, нутгийн ард түмний хэрэглэж заншсан эмийн ургамал бөгөөд түүний газрын дээрх хэсгийг усанд хандалж хоолой өвдөх, халуурах үед хэрэглэдэг байна. Минжаннагбо нь Монгол-Төвөд анагаах ухааны 28 жорын найрлагад орж, Монгол орны ургамлын гаралтай эмийн түүхий эдийн жоронд орох давтамжийн тоогоор 63-р байрт жагсжээ. Төвөд үгийн их тайлбар тольд бичсэнээр Минжаннагбог “Тан эмийн язгуурт багтах ба амт нь гашуун, шингэсний дараа амт нь сэрүүн. Чадал нь боом өвчин, нян, хавдсаныг дарна. Хий, цусаар биеийн дээд хэсэг хатгуулахад тустай, хорын халууныг арилгана” хэмээжээ. Иймд уламжлалт мэдлэгээс улбаалан эмийн ургамлыг сонгон судлах, ялангуяа химийн бүтэц бүрэлдэхүүн, биологи, фармакологийн идэвхийг тодорхойлох нь чухал юм.
Плантлайфын (Plantlife, Salisbury, United Kingdom) 2008 оны мэдээллээр 50,000 зэрлэг эмийн ургамлын 15,000 орчим нь устах эрсдэлд ороод байна. Дэгжин шиваантиг нь Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн, байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ховор ургамалд хамаарах бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөр түүний амьдрах орчны мөнх цас, мөс, мөсөн голын хил дээшилж, мөстлөгөөс чөлөөлөгдсөн хуурай газрын хэмжээ ихсэж байгаа нь тус ургамлын ховордох гол шалтгаан болж байна. Түүнчлэн ховор, нэн ховордсон ургамлууд нь бусад ботаникийн эх сурвалжуудаас эмийн идэвхт бодисыг нээн илрүүлэхэд илүү өндөр чадамжтай эх үүсвэр гэж үздэг байна.
Иймд Дэгжин шиваантиг (Pyrethrum pulchrum Ledeb.) ургамлыг судалгааны эргэлтэд оруулах, уламжлалт хэрэглээг орчин цагийн шинжилгээний арга аргачлалаар судлан нотолгоожуулах шаардлагатай хэмээн үзэж тус ургамлыг судлагдахуун болгон сонгон судалсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0