Хадны оршуулгын дурсгалыг сонирхон, судлан шинжлэх явцад юуны өмнө хэдэн хэдэн тодорхойгүй асуудал тулгардаг. Тухайлбал,
1. Хадны оршуулга нь гадна талаасаа яг ямархуу хэлбэр төрхтэй байдаг вэ?
2. Хадны оршуулгаас яагаад маш сайн хадгалалттай шуугиан тарьсан олдворууд илэрч олдоод байгаан?
3. Археологчид хадны оршуулгыг яагаад өнөөг хүртэл системтэй судалж чадахгүй байна вэ? гм асуудал гардаг.
Хадны оршуулгын дурсгалыг 1920-иод оны дунд үеэс судлан шинжлэх эхлэл тавигдсан. Түүнээс хойш тоймтой судалгаа хийх нөхцөл бүрдэлгүй байсаар 1988 онд Монголын нэрт археологич Г.Мэнэс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хүйтэн хошууны оршуулгын хэрэглэгдэхүүнд тулгуурлан чулуун дарааст жижиг булшнаас өөр өвөрмөц оршуулга болохыг нь тодорхойлж, энэхүү зан үйлээс улбаалан монголчуудын дунд “ханан гэрээс холдож, хадан гэрт одох” хэмээх өвөрмөц хэллэг үүссэн байж болохыг археологийн биет баримттай холбож тайлбарласан нь энэ чиглэлийн судалгааг нэг шат ахиулсан явдал болсон юм.
Хадны оршуулга илэрсэн газрын байршлаас үзэхэд Монгол улсын нутаг Алтай, Хангай, Хэнтийн нуруу болон говийн уулархаг нутгаас түгээмэл илэрдэг. Одоогийн байдлаар нийт 100 гаруй оршуулга манай орны нутгаас илэрч мэдэгдээд байна. Ийм төрлийн дурсгал Монголоос өөр газар нэн ховор тохиолддог бөгөөд гадаадын судлаачид “монголын археологийн онцгой төрлийн дурсгал” хэмээн нэрлэдэг. Хадны оршуулга нь өндөр уулын хад, чулуу ихтэй газарт л зөвхөн тохиолдох бөгөөд аль ч талаасаа бартаа саад ихтэй хадны агуй, хөмөг, хонгилыг онцгойлон үзэж сонгоно. Дотор нь орж л үзэхгүй бол шууд гадна талаас нь энд оршуулга байна гэж танигдах шинж тэмдэг барагтайхан тул илэрч олдох нь ихээхэн төвөгтэй. Харин орон нутгийн иргэд маань хонь хариулах, түлш түүх, ан хийх зэргээр огт санаандгүй олж мэддэг.
Оршуулгыг гаднаас харахад нүдэнд ил тусах байгууламж гэхээр зүйлгүй учир судалгааны түвшинд оршуулгын байрлал зүй гэдэг утгаар нь авч үздэг. Байрлал зүйд: а. тухайн газар орчны байдал, б. агуй, хөмгийн амыг дарсан үл мэдэгдэм чулуун өрлөгийг хамтатган авч үздэг. Хадны оршуулгыг биежүүлэн үйлдэхдээ сонгосон газартаа шарилыг хөнгөн авсаархан “шат” хэлбэрийн ачлага мод ашиглан тээвэрлэн аваачина.
Газрын онцлогоос шалтгаалж булшны нүх ухах боломжгүй учир тусгайлан бэлтгэсэн авсанд талийгаачийг тэнэгэр байдлаар дээш харуулан, хоёр гарыг их биеийн дагуу, хөлийг нугалж атийлгалгүй тавиад дагалдах эд өлгийн зүйлсийг шарилын хоёр хажуу талаар дагалдуулна. Хадны оршуулганд чандарласан тохиолдол одоогоор илрээгүй. Бусад булшнуудын адил дийлэнхдээ эрэгтэй, эмэгтэй хүний оршуулга байх ба цөөн тохиолдолд хос оршуулга, хүүхдийн оршуулгаас гадна талийгаачд адуу дагалдуулж тавьсан нь мэдэгддэг. Нэг агуй болон хөмөгт ихэнхи тохиолдолд нэг л оршуулга тавьсан байдаг. Зүг чигийн тухайд сонгож авсан агуй, хөмгийн байгалийн тогтоц, зай багтаамжаас шалтгаалах боловч ихэнхдээ баруун хойш, хойш, зүүн хойш хандуулдаг.
Бусад оршуулгын нэгэн адил хадны оршуулганд тухайн цаг үеийнхээ ахуй соёлын онцлогтой хувцас өмсгөл, зэр зэвсэг, гоёл чимэглэл, агт морины хэрэгсэл, ахуйн хэрэглээний зүйлс түгээмэл илэрдэг. Тухайлбал, эрэгтэй хүнд эмээл, хазаар, нум сум, саадаг, сэлэм, хутга, хавтага, аяга зэргийг, эмэгтэй хүнд богтаг малгай, хүрэл толь, хайч, сам, ээмэг, зүүлт, сав суулгын зүйл, ээрүүлийн дунгуй зэргийг дагалдуулдаг.
Уг соёлын он цаг нь НТ III-XVII зуунд хамаарах бөгөөд хамгийн эрт үед холбогдох нь Монгол Алтайн нуруу буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулын оршуулга НТ 255-301 онд холбогддог.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 31
Ишлэгдсэн тоо : 0
№ | Ишлэл |
---|---|
1 |
Монгол нутаг дахь дундад зууны үед холбогдох булш оршуулгын судалгааны товч тойм. . ӨМӨЗО-ны Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын дээд сургуулийн докторантын цуврал илтгэл. Хөх . 2015 он. |
2 |
Эртний нүүдэлчид ихэс дээдсээ нууцгай далд оршоосон нь. Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний бага хурал “ХҮРЭЛ ТОГООТ 2010” . 2010 он. 8491 хуудас. |
3 |
Жужаны үед холбогдох хадны оршуулга хийгээд уг соёлын үүсэл илрэлийн асуудалд. “Сяньби, Жужаны түүх, соёлын судалгаа” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. . 2018 он. 151 хуудас. |
4 |
Монгол-Хятадын хамтарсан хээрийн шинжилгээний ангийн Архангай аймгийн Өгийнуур сумын Талын гурван хэрэмд 2018 онд малтсан судалгааны ажлын товч үр дүн. Монголын археологи-2018. Улаанбаатар. 2019. т 195-206. 2019 он. 206 хуудас. |
5 |
Монголчуудын оршуулгын нэгэн төрөл болох хадны оршуулгын зан үйл. Монголчуудын хойлгын зан үйл II. /уламжлал-орчин үе-чиг хандлага/. Улаанбаатар, 2019. т 105-114. 2019 он. 114 хуудас. |